Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 192

 

Б.Итгэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар магадлалтай, 2014260004564 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Итгэл, түүний өмгөөлөгч А.Ганбатын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Наран Гэгээн овогт Балжиннямын Итгэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Итгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Итгэлээс 93,466,500 төгрөг гаргуулан хохирогч Ц.Амарсайханд 59,000,000 төгрөгийг, хохирогч Ж.Хэнтийхүү /”Прогресс капитал” ББСБ/-д 21,466,500 төгрөгийг, хохирогч Д.Адъяамөнхөд 4,000,000 төгрөгийг, хохирогч О.Ариунсанаад 9,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Итгэл, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж, хохирогч Ж.Хэнтийхүү болон Ц.Амарсайхан, Д.Адъяамөнх нарын хамтран гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч А.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Итгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэт нэг талыг баримталж шалгасны улмаас иргэн миний эрх ноцтойгоор зөрчигдсөн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад миний эрх зүйн байдлыг доройтуулж Ц.Амарсайханы машины мөнгөнөөс Япон улс руу машин захиалж 48,800,000 төгрөг шилжүүлсэн нотлох баримт байхад шалгахгүйгээр орхигдуулсан. Иргэн Ариунсанаагийн өгсөн 9,000,000 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг иргэн Зоригоод өгсөн. Иргэн Гэрэлээд 4,000,000 төгрөг, иргэн Отгонтуулд 11,000,000 төгрөг, иргэн Энхтуулд 5,200,000 төгрөг өгсөн нотлох баримтуудыг хянан шалгаагүй. Прокурорын хяналт дутуу явагдсан. Иймд 82,000,000 төгрөгийн үндсэн нотлох баримтуудыг дахин хянан шалгаж, хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд буцааж өгнө үү. Хэргийн бодит байдлыг тал бүрээр нь үнэн зөвөөр нь шинжлэн судалж бодитоор тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Хэргийг шалгах явцад анхаарвал зохих зарим асуудлууд байсан. Тухайлбал: Шүүхийн шийтгэх тогтоолд Б.Итгэлийг “Ландкруйзер-200” маркийн автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн залилж иргэн Ц.Амарсайханд 74,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч хохирогч Ц.Амарсайхан машинаа 80,000,000 төгрөг гэж үнэлээд нэхэмжилсэн байдаг. Ц.Амарсайханд учруулсан гэх 80,000,000 төгрөгийн хохирлоос 15,000,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзээд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг Б.Итгэлээр төлүүлэхээр тогтоосон байдаг. Гэтэл уг машины үнийг 74,000,000 төгрөг, эсвэл 80,000,000 төгрөг гэж хоёр өөр үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэх зорилгоор “Ландкруйзер-200” маркийн автомашиныг албан ёсоор дахин үнэлүүлэх шаардлагатай байна. Ц.Амарсайхан нь уг машиныг 2011 онд 50,000 ам.доллараар авч, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эдэлж хэрэглэсэн байхад үнийн дүнг анх худалдаж авсан ханшаар тооцсон нь бодит үнэнээс ангид харагдаж байна. Б.Итгэл нь Ц.Амарсайханы Хаан банкны дансанд 18,500,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1,100,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл үүнийг дансны хуулгаар шалгалгүй хохирол төлөлтийг 15,000,000 төгрөг гэж хасаж тооцож байгаад гомдолтой байна. 2015 оны 1 дүгээр сард Б.Итгэлд машины ченж гэх Зоригоо гэдэг хүн “2 контейнер машин буух гэж байна. Гаалийн татвар, тээврийн зардал дутаад байна, та авахгүй юм уу?” гэхээр нь өөрийн танил О.Ариунсанаатай яриад “Хариер” машиныг нь авахаар болж урьдчилгаа 9,000,000 төгрөг О.Ариунсанаагаас авч өөрөөсөө 4,000,000 төгрөг нэмж, Зоригоод төлөөд үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 7 сард өгөхөөр тохиролцсон Зоригоо гэгчийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоолгүй, зөвхөн яллах байр сууринаас хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.Итгэл нь 2013, 2014, 2015 онуудад нийт 5 удаагийн үйлдлээр бусдад 138,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих зүйлүүдийг бүрэн шалгасан гэж дүгнээд, Б.Итгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Итгэл, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Итгэл нь 2013, 2014, 2015 онуудад иргэн Ц.Амарсайхан, Ж.Хэнтийхүү /”Прогресс капитал” ББСБ/, О.Ариунсанаа, Д.Адъяамөнх нарыг залилж, 5 удаагийн үйлдлээр бусдад 138,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Амарсайхан,  Ж.Хэнтийхүү, О.Ариунсанаа, Д.Адъяамөнх, гэрч Н.Отгонжаргал, Н.Батцэнгэл, Н.Төмөрбаатар, Д.Лхагваням, Э.Ханболд нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Итгэлд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Б.Итгэлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Харин Б.Итгэлээс хохирогч Ц.Амарсайханд автомашины төлбөрт 18,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан /2-р хавтас 93-94/ байхад 3,000,000 төгрөгийг зээл төлсөн гэх хохирогчийн мэдүүлгээр төлөгдсөн мөнгөн дүнгээс хассан нь хууль зүйн үндэслэлгүй тул Б.Итгэлээс Ц.Амарсайханд гаргуулах мөнгөн төлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Итгэл, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар магадлалын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Итгэлээс 56.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Амарсайханд олгож...,” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Итгэл, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТЦЭРЭН

                                  ШҮҮГЧ                                                  Ч.ХОСБАЯР