Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 184/2023/04864/И |
Дугаар | 210/МА2024/01608 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01608
А.Ж-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/03540 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д-д холбогдох, гэрээний үүрэгт 73,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 12:00 цагт өөрийн эзэмшлийн **-** У** Х.Т автомашинаа Ш.Д-д 1 хоногийн 150,000 төгрөгөөр 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл түрээслүүлж, хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцохоор гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасны дагуу байгуулсан болно. Хариуцагч нь 2023 оны 08 сарын 17-ны өдөр автомашинаа хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Автомашиныг өгөлгүй 306 хоног буюу 7,344 цаг хоцроосон тул гэрээний дагуу 73,440,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түрээслэгч нь гэрээний үүрэгт заасны дагуу хоцорсон цаг, автомашины эвдрэл гэмтэл, зам тээврийн хууль дүрэм, зорчигчийн амь нас эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй байгаа тул хавсралтаар холбогдох баримт материалыг хавсаргав гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 08 сарын 25-ны өдөр А.Ж-гаас Х.Т автомашиныг 1 хоногийн 150,000 төгрөгөөр түрээслэн авсан. Би уг автомашиныг өөрийн хамтран ажилладаг хүмүүстэй Ц орох зорилготой түрээсэлсэн. Гэтэл миний авсан машин хотоос гараагүй байхад мотор нь пижигнэж дуугараад эвгүй байхаар нь А.Ж-тай энэ тухай хэлсэн боловч тэр зүгээр гэсэн учраас цааш явсан. Ингээд явж байх үед автомашин нормалаа авахгүй унтраад байсан. 2023 оны 08 сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Мишээл Экспогийн хашаанд байхад түрээсэлж авсан автомашин маань бүр асахаа больсон. Шөнө болсон байсан учраас би А.Ж-тай яриагүй. Өглөө нь болсон байдлыг хэлээд автомашинаа ирээд авчих гэхэд чи асаагаад аваад ир гээд надад автомашин засдаг хүмүүс гээд утасны дугаарууд мессежээр явуулсан. Тэр хүмүүсээс энэ автомашины моторыг боосон гэх ч хүн байсан. Тэдгээр хүмүүсээс нь ирээд ч автомашиныг асааж чадаагүй учир би ачилтын автомашин дуудаж хоёр засварын газар очиж оношлуулсан. Би А.Ж-д автомашины моторын нэг эд анги эвдэрсэн, Монголд байгаа нь таарахгүй байгаа учир Солонгос руу захисан гэдгээ хэлсэн. Автомашиныг асааж байж авчирч өг гэсэн учраас сэлбэг нь ирэхээр би автомашиныг нь асаагаад аваачиж өгнө. Автомашин түрээсэлж байгаа хүн автомашиныг ашиглах хугацаанд ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй техник өгөх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй байж түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж 73,440,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ш.Д-гаас 73,440,000 төгрөг гаргуулах тухай А.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2024 оны 03 сарын 11-ний өдөр илүү төлсөн 108,000 төгрөгийг буцаан гарган нэхэмжлэгч А.Ж-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дараах алдааг гаргасан тул давж заалдах гомдол гаргаж байна.
4.1.Нэхэмжлэлийн шаардлагыг Гэрээний үүрэг хангуулах тухай гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байхад 73,440,000 төгрөг гаргуулах гэж утга агуулгыг өөрчилсөн байна.
4.2. Автомашиныг хариуцагч талаас гэрээнд зааснаар бүрэн бүтэн байдлыг шалгаж, зураг даруулан гарын үсэг зурж, мөнгөө шилжүүлэн хүлээн авсан бөгөөд энэ тухай хэргийн материалд гэрээ, хүлээж авсан үеийн зураг хэлбэрээр хавсаргагдсан байдаг. Ц хүртэл асуудалгүй яваад автомашиныг доголдуулсан байдаг бөгөөд замдаа дизель автомашинд бензин хийсэн гэж гэрчүүд хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шатахууны төрлийг буруу сонгож хийснээс болж дизель хөдөлгүүртэй автомашинд бензин хийсний улмаас доголдож унтарсан байх магадлалтай байна. Хариуцагч нь автомашины бүрэн бүтэн байдлыг хангана гэж гарын үсэг зурсан байдаг боловч бүрэн бүтэн байдлыг хангаагүй түрээсийн хугацааны төлбөрөө төлөөгүйг олон удаа дурдаж хугацаа өнгөрөх тусам нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн нь хариуцагч Ш.Д-гаас бүрэн хамаарч байгааг олон удаагийн шүүх хуралд хариу тайлбар болгож хэлсэн байхад шүүгч хариуцагч талд илт давуу байдал бий болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь миний эрх зүйн байдлыг доройтуулж байна.
4.3. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үүрэг гүйцэтгэхэд хэт өндөр хугацаа тогтоосон гэх боловч хариуцагч Ш.Д нь шүүх хурал хүртэл автомашиныг хэрэглэсэн хэвээр буюу эргүүлэн өгөөгүй байсан. Энэ нь урт хугацаа тогтоосон харилцаа нь автомашинаа хэзээ эргүүлэн өгөх өдрөөр дуусгавар болох учиртай байхад шүүгч хариуцагч талд давуу байдал бий болгож, түрээсийн төлбөр хариуцагч автомашинаа хүлээлгэн өгөөгүйн улмаас бодогдсон байхад гэрээний үүргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдал нь Шүүхийн тухай хууль зөрчиж байна.
4.4. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 буюу гарсан зардлыг хэт өндрөөр тооцсон гэх боловч би ямар нэг гарсан зардал нэхэмжлээгүй буюу зөвхөн гэрээний үүрэг буюу түрээсийн төлбөр, хугацааны төлбөр нэхэмжилсэн байхад шүүгч гарсан зардал гэх өөр нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийн талаар хэлэлцсэн байна.
4.5. Гэрч Б.С автомашин Ц хүртэл асуудалгүй явсан замдаа дизель автомашинд бензин хийснээр доголдсон тухай дурдсан байхад шүүхийн шийдвэрт энэ тухай тусгаагүй нь хууль ноцтой зөрчиж байна.
4.6. Автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх буюу хүлээлгэж өгөх асуудлаар маргаагүй байхад гэрээний үүрэг болох түрээсийн төлбөрийн тухай хэлэлцээгүй.
4.7. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай хүсэлтийг хэлэлцүүлэхийг хүссэн боловч шүүгч хүсэлтийг хэлэлцүүлэлгүй шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь шүүгч илтэд хариуцагч талд ажилласан нь тодорхой байна.
Иймд анхан шатны шүүхэд хэргийг буцааж автомашины гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч автомашин хөлслөх гэрээний дагуу тухайн эд хөрөнгийг доголдолгүй, ердийн журмаар ашиглах боломжтой эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Автомашин доголдох үед хариуцагч хоёр хоногийн дараа автомашиныг оношлуулахад аппаратурыг боосон, мотор нь эвдрэлтэй гэж гарсан. Энэ нь хариуцагчийг ердийн журмаар ашиглах явцад үүсэх боломжгүй эвдрэл, гэмтэл. Энэ дээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Мөн тус гэрээний 3.1-д алданги тооцсон зохицуулалт, энэ нь үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувь хэтэрч болохгүй гэж шүүх үзсэнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Цаг тутамд 10,000 төгрөгийн алданги тооцно гэх зохицуулалт нь өөрөө гэрээний стандарт нөхцөл буюу хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.10-т зааснаар үндэслэлгүйгээр, үнийг хэт нэмэгдүүлж тооцсоны улмаас 77,440,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан, гэрээний үүрэгт 1,920,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 09 сарын 12, 2023 оны 10 сарын 01, 2023 оны 11 сарын 02, 2023 оны 12 сарын 13, 2024 оны 03 сарын 12, 2024 оны 06 сарын 17-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагчаас гэрээний үүрэгт 73,440,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн. /хх 1, 22, 28, 41, 55, 105, 129/
Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгч нь доголдолтой автомашин хүлээлгэн өгсөн, автомашинаа ирээд ав гэсэн боловч асаагаад аваад ир гээд аваагүй, автомашиныг буцаан өгөх хүртэл 1 цагт 10,000 төгрөг тооцох заалт нь хууль зөрчсөн заалт... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 26, 147-148/
3. Талууд 2023 оны 08 сарын 16-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулж, А.Ж нь өөрийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай Х.Т маркийн автомашиныг 1 хоногийн 150,000 төгрөгөөр түрээслүүлэх, Ш.Д нь түрээсийн төлбөрийг төлөх, гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь цуцлах, сунгах санал тавиагүй, сунгалтын төлбөрөө тухай бүр хийгээгүй тохиолдолд түрээсийн төлбөрийг 1 цагт 10,000 төгрөгөөр тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Ш.Д гэрээ байгуулсан өдрөө хүлээн авч, 1 хоногийн төлбөр болох 150,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Ж-д төлсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.
5. Анхан шатны шүүх хэргийн баримт, гэрч нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, улмаар нэхэмжлэгч А.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Хариуцагч Ш.Д нь 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 20:03, 20:07, 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 06:51, 07:07, 07:09, 07:26, 07:29, 07:55, 07:59, 09:15, 09:23, 09:27, 09:39, 09:40, 09:49, 10:06, 17:30, 19:24, 19:34, 19:35, 19:36, 19:45, 19:46 цагуудад нэхэмжлэгч А.Ж руу утсаар дуудлага хийжээ. /хх 58/
5.2. Хариуцагч Ш.Д нь автомашиныг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дараа буюу 2023 оны 08 сарын 17-ны өдөр автомашиныг D auto center засвар үйлчилгээний газраар оношлуулахад ...ачиж ирсэн. Цахилгаан аппаратур ажиллахгүй, цахилгааны гэмтэлтэй байсан учир манайх засварлах боломжгүй... гэжээ. /хх 57/
5.3. Шүүхээс хийсэн үзлэгээр 2023 оны 08 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч А.Ж-гаас ...****, *****, Х.Т..., ...******, ******, цахилгаан засвар гэнэ, сайн засдаг. *****, цахилгаан дуудлага. Түрээсээ сунгаад маргааш нэг мөр өгөх юм уу?, *****, *****, ****, *****, Ямартай ч түрээс явж байгаа гэдгийг ойлгоорой, *****, ******, ******... гэсэн мессежийг хариуцагч Ш.Д-д илгээжээ. /хх 138-145/
5.4. Автомашинд зорчиж явсан гэх гэрч Б.С нь шүүх хуралдаанд ...автомашин 3-4 удаа унтарсан..., ...Ц-оос гарахад, мөн засмал зам руу ороход, Зайсангийн уулын түгжрээ дээр, мөн хоол идээд гараад ирэхэд унтарсан..., ...Асаж унтраад илт доголдоод байсан... гэж, гэрч Д.Э-т нь шүүх хуралдаанд ...Тэгээд буцах гэтэл автомашин асаагүй..., ...Миний мэдэхийн 3 унтарсан..., ...Хамгийн эхэнд Ц-оос хөдлөхөд унтарсан бөгөөд Мишээл рүү явах замд бас унтарсан... гэж тус тус мэдүүлжээ. /хх 149-151/
6. Дээрхээс үзвэл, хариуцагч Ш.Д-гийн ...автомашиныг Ц орох зорилгоор түрээсэлсэн, хотоос гараагүй байхад мотор нь эвгүй дуугараад байхаар нь А.Ж-д энэ тухай хэлэхэд зүгээр гэсэн учир цааш явсан, түрээсэлж авсан машин маань бүр асахаа больсон, өглөө нь болсон байдлыг хэлэхэд автомашин засдаг хүмүүс гээд утасны дугаарууд мессежээр явуулсан, автомашиныг асааж чадаагүй учир ачилтын автомашин дуудаж засварын газар оношлуулсан... гэсэн агуулгаар гаргасан хариу тайлбарыг илүү үнэн зөв гэж дүгнэхээр байна.
7. Нэхэмжлэгч А.Ж нь доголдолгүй автомашин хүлээлгэн өгсөн болох нь автомашин хүлээлцэх үеийн фото зураг, Ш ХХК-ийн авто сервисийн зарлагын падаанаар нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг фото зураг нь зөвхөн автомашины гадна байдлыг харуулсан, зарлагын падаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхаас гадна солиулсан гэх эд ангиуд нь автомашины моторын эд ангид хамаарахгүй байна. /хх 11, 99/
8. Нэхэмжлэгч А.Ж нь ердийн байдлаар илрэх боломжгүй доголдолтой автомашиныг хариуцагч Ш.Д-д хүлээлгэн өгсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасныг үндэслэн ...гэрээний үүрэгт 73,440,000 төгрөг гаргуулах...-аар шаардсан нь үндэслэлгүй, доголдлын улмаас автомашиныг ашиглаж чадаагүй хугацааны төлбөрийг хариуцагч Ш.Д төлөх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн ...шүүгч хариуцагч талд илт давуу байдал бий болгосон..., ...түрээсийн төлбөр хариуцагч автомашинаа хүлээлгэн өгөөгүйн улмаас бодогдсон байхад шүүх гэрээний үүргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон... гэсэн агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч А.Ж нь нэмэгдүүлсэн шаардлагадаа ...нийт 73,440,000 төгрөгийг 306 хоног буюу 7,344 цагийн төлбөр гэрээний үүрэг тул нэхэмжлэлийг гаргаж байна... гэж дурдсан байх тул ...нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэг хангуулах байхад шүүх 73,440,000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн... гэсэн агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
10. Нэхэмжлэгч А.Ж-ийн гаргасан ...замдаа дизель машинд бензин хийсэн гэж гэрчүүд мэдүүлдэг..., ...гэрч Б.С нь замдаа дизель машинд бензин хийснээр доголдсон тухай дурдсан байхад шүүхийн шийдвэрт энэ тухай тусгаагүй... гэсэн агуулгаар гаргасан гомдол нь гэрч Б.С-гийн шүүх хуралдаанд өгсөн ...утсаар ярьж байгаад л түлш хийлгээд байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э-тийн шүүх хуралдаанд өгсөн ...Тухайн үед дизель автомашин асахдаа сонин дуугардаг шиг хэсэг ачааллаж байгаад ассан..., ...Ямар ч байсан бид замдаа автомашиндаа түлш хийлгэсэн... гэсэн мэдүүлгээр тус тус няцаагдсан. /хх 149-151/
11. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч А.Ж нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна... гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул ...эд хөрөнгийг битүүмжлэх тухай хүсэлтийг хэлэлцүүлэхийг хүссэн боловч шүүгч хүсэлтийг хэлэлцүүлэлгүй хурлыг үргэлжлүүлсэн... гэсэн агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. /хх 146-арын нүүр/
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/03540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ж-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 525,125 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР