| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00531/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 554
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ66072408, Дэлгэрэх овогт Дэмбээгийн Дуламсүрэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 52 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох болсон ба Алдар нэгдэл тарсан тул хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болоод байна. Иймд Давст сумын Алдар нэгдэлд 1981 оны 8 дугаар сараас 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан А.Бужилдай, Н.Оюун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь 1981 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дэмбээгийн Дуламсүрэнгийн 1981 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Бужилдай, Н.Оюун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Бужилдайгийн “Миний бие 1962 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд мал маллаж байсан. Намайг уг нэгдэлд ажиллаж байх үед Д.Дуламсүрэн нь 1981 оноос эхлэн нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл ажилласан. Д.Дуламсүрэн нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар Шуумар, Пүрвээ, Аюурзана, Магалжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Оюуны “Миний бие 1974 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчин, Давсны уурхайд ажилтнаар ажиллаж байсан. Намайг уг нэгдэлд ажиллаж байх үед Д.Дуламсүрэн нь 1981 оноос нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл ажилласан. Д.Дуламсүрэн нь хонь, ямаа, үхэр малладаг байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь 1981 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч А.Бужилдай, Н.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 8 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Дэлгэрэх овогт Дэмбээгийн Дуламсүрэнгийн 1981 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ