Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 184/2023/05450/И |
Дугаар | 210/МА2024/01596 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/01596
2024 08 12 210/МА2024/01596
Ц.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/03156 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р ХХК-д холбогдох,
19,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Р ХХК-тай онцгой эрхийн гэрээ байгуулсан. Тус компанийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ..... байрлах худалдааны төвд хүнс болон бүх төрлийн барааны лангуу түрээслэхээр болж 19,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь захын гадна талбайд 2, дотор 1 лангуу тус тус өгнө гэсэн боловч одоо хүртэл үйл ажиллагаа явагдаагүй, миний бие гадна талбайн ажил дуусаагүй байгаа талаар баримтыг шүүхэд өгсөн. Захын дотор нийт түрээслэгч нарын 60 хувь түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд үйл ажиллагаа явуулна гэсэн боловч одоогоор бүрэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Би, гэрээгээ цуцлах талаар хариуцагчтай яриад хариуцах хүнтэй уулзана гэсэн боловч уулздаггүй. Иймд, гэрээнээсээ татгалзаж гэрээний төлбөр болох 19,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Б зах 2023 оны 01 дүгээр сард нээлтээ хийж ашиглалтад орсон. Нээлт хийхээс өмнө түрээслэгч нарт нээлт хийж байгаа талаар мэдээлэл хүргүүлж, мэдэгдэж байсан. Лангуу авсан хүн бүр гэрээ хийгээд, гэрчилгээ авдаг байсан. Гэрээнд талууд адил эрх эдэлж, үүрэг хүлээх байсан. Гэрээ байгуулчихаад нээлтэд ирээгүй, бараагаа тавиад лангуугаа тавиад үйл ажиллагаа явуулах байсан боловч ирдэггүй. Түрээсээ өгдөггүй. Үүнээс болоод манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Түрээслэгч үүргээ биелүүлээгүй бол 50 хувийг өгөх ёстой гэж гэрээнд заасан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Дотор талын лангуу түрээсэлсэн хүмүүс үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараагаа тавьж, лангууны үйл ажиллагаагаа явуулаагүйгээс болж манай байгууллага мөн хохирсон. Бараагаа тавихгүй бол үйлчлүүлэгч орж ирэхгүй, түрээсийн төлбөр урсгал зардалд ордог. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас 19,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 254,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Р ХХК-аас 254,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож шийдвэрлэжээ.
4. Харуицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч компанид мэдэгдэж байсан гэж ярьдаг ч нотлох баримтаар тогтоогдоогүй. Үнэхээр мэдэгдэж байсан бол тухайн нотлох баримт нь нэхэмжлэгчид байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдээгүй гэсэн үг. Нэгэнт нэхэмжлэгч нь мэдэгдэл ирүүлээгүй буюу үйлдэл хийгдээгүй байхад хариуцагч байхгүй зүйлийг нотлох боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс шийдвэртээ хариуцагч нь няцаагаагүй гэж бичиж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв ийнхүү мэдэгдсэн тохиолдолд анхан шатны шүүхийн хэрэглэж байгаа зүйл заалтынх нь дагуу авч үзвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Нэгэнт мэдэгдээгүй учраас хугацаа тогтоох ч боломжгүй. Хугацаа тогтоогоогүй байхад шүүх уг заалтыг баримтлан шууд шийдвэрлэх боломжгүй юм.
нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон цаг хугацаандаа ирээгүй, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд түүний эзэмших дотор лангууны хувьд ч ажиллуулаагүйн улмаас хариуцагч компани хохирч байна.
Сертификат /Онцгой эрх/ олгох гэрээ хүчин төгөлдөр байгаа. Уг гэрчилгээ нь 2027 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусна. Талуудын аль нэгний зүгээс одоогоор гэрээг цуцлах тухай албан ёсоор хүсэлт, шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж хариуцагчийг хохироож байна.
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс онцгой эрх эзэмшигчдэд утсаар, мессежээр түрээсийн гэрээгээ хийх, лангуу тавиураа бэлдэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан бөгөөд 2022 онд багтаан түрээсийн гэрээг 90 хувьтай, ажлын байрны тохижилтыг 70% хүргэж аваад 2023 оны 01 дүгээр сарын 08-нд нээсэн байдаг. Ийнхүү мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дотор гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Энэ талаар Сертификат /Онцгой эрх/ олгох гэрээний 3.2.4-т заасан гэрээний үүргээ Б тал нь биелүүлээгүй. Мөн Сертификат /Онцгой эрх/ олгох гэрээний 3.2.4-т зааснаар Б тал бэлтгэл хангаагүй. Лангуугаа хийгээгүй, тохижуулаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр бэлтгэл ажлыг Ричнест инвестмент ХХК нь хариуцах бус Ц.О өөрөө хариуцахаар зохицуулсан.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/03156 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2022 оны 03 дугаар сард манай эхнэр Ц.О нь Р ХХК-тай онцгой эрхийн 3 гэрээ хийж, онцгой эрхийн үйлчилгээ эрхлэх эрхийг 19,250,000 төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар гадна захад нь 30 м.кв буюу 2 лангуу, дотор талын ашиглалтад орсон захад 5 м.кв талбайтай лангуу түрээслэхээр онцгой эрхийн гэрээг тус тус байгуулсан. 2022 оны 03 дугаар сард гэрээ байгуулж байх үед удахгүй ашиглалтад орно гэж байсан зах маань одоо болтол ажил нь эхлээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Дотор талын 5 м.кв лангуугаа ажиллуулсангүй гэж хариуцагч тал гомдол гаргаж байх шиг байна. Бид нарын өгсөн 19,250,000 төгрөг болон өөр хүмүүсээс авсан мөнгөө хөрөнгө оруулалт байдлаар ашиглаж, ямар ч хүн худалдаа үйлчилгээ эрхлэх боломж олгоогүй. Гэрээнээс бүрэн татгалзаж мөнгөө нэхэмжилж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан 19,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт цугларсан баримтаар Ц.О нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Р ХХК-тай онцгой эрх олгох нэртэй гэрээ байгуулж 19,250,000 төгрөгөөр шинээр баригдах худалдааны төвд 3 ширхэг лангуу түрээслэхээр тохиролцжээ.
Улмаар тус гэрээний дагуу Р ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.Од Сонгинохайрхан дүүрэг, ..... баригдах Б худалдааны төвийн дотор 4 тоот хаягт байрлах 5.88 м.кв талбайтай лангууг 5 жилийн хугацаанд 7,000,000 төгрөг, гадна талбайд 28 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай лангууг 5 жилийн хугацаанд 8,500,000 төгрөг, мөн гадна талбайд 7 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай лангууг 5 жилийн хугацаанд 3,500,000 төгрөгөөр тус тус түрээслэх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Талуудын байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан онцгой эрхийн гэрчилгээнд заасан хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс нэмж төлбөр авахгүй, зөвхөн лангуутай холбоотой үйл ажиллагааны зардлыг гэрээгээр тохирч авна гэсэн тайлбараас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодохойлоогүй буюу энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээр дурдсанаар нэмж дүгнэж залруулна.
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
Энэ талаар мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт цугларсан шүүхээс үзлэг хийсэн баримтаар хэдийгээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б худалдааны захыг ажиллуулахаар нээлт хийсэн боловч зөвхөн дотор талын худалдааны лангууны үйл ажиллагааг нээсэн ба, харин гадна талбайн үйл ажиллагааг нээгээгүй байна.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаад нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчдын байгуулсан гэрээнд Б худалдааны захыг түрээслүүлж эхлэх хугацааны талаар тухайлан зохицуулаагүй боловч хариуцагч Р ХХК нь нэхэмжлэгч Ц.Оийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулж түрээслэхээр тохирсон гэсэн тайлбарыг няцаагаагүй.
Иймд, хариуцагч Р ХХК-ийг Б худалдааны захын гадна талбайг ашиглалтанд оруулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс түүнд нэмэлт хугацаа тогтоож өгөх бөгөөд тэрхүү хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гэрээнээс татгалзаж болно.
Гэвч дээрх хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг тул нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар хариуцагч Р ХХК-ийг Б худалдааны төвийн гадна талбай дахь 15 м.кв талбайтай 2 ширхэг лангууг бүрэн ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгааг буруутгахгүй.
Энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээнэ.
7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Р ХХК-нд 3 /гурав/-н талбайн 5 /тав/-н жилийн түрээсийн төлбөрт 19,050,000 төгрөгийг өгсөн байхад анхан шатны шүүх үүнийг анхаарахгүйгээр хариуцагчаас 19,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 19,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, онцгой эрх олгох гэрээнд заасан 19,250,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь баримтаар түрээсийн төлбөрт 19,050,000 төгрөг төлсөн байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/03156 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Р ХХК-аас 19,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.МАНДАЛБАЯР