Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0076/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                     Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                            М нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М-д холбогдох 1839006190104 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1990 оны 02 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан М /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  М нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Банкны Л69 дүгээр байрны 02 тоотод иргэн Т-ын нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Банкны Л69 дүгээр байрны 02 тоотод иргэн Т-ын нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

1. Хохирогч Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Банкны байрны Л69 дүгээр байрны 02 тоотод өөрийн 4-6 насны 2 хүүхдийн хамт гэртээ байх үед Хүрэлчимэгийн хуучин нөхөр, Сувдаагийн нөхөр хоёр манай гэрт архи уугаад сууж байсан юм. Тэр хоёр 2 шил архи хувааж уугаад байж байтал манай дүү Орилмаагийн нөхөр М орж ирсэн. Тэгээд М та надад 0.75 литрийн 2 шил архи аваад өгчих би маргааш ээжээс мөнгө аваад өгнө гэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил архи авч өгсөн. Тэгээд тэр 2 шил архийг тэр гурав манай гэрт хувааж уусан. Ингээд М согтоод намайг янхан гичий минь, манай байрнаас 2 гөлгөө аваад зайл гэж хөөгөөд байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан чинь М миний зүүн нүдэнд цохисон. Тэгтэл миний зүүн хөмсгөнөөс цус гарсан. Тэгээд би цагдаад М намайг зодсон гэдгийг хэлсэн. Ингээд би эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн хөмсгөнд 2 оёдол тавьсан. Намайг М-д зодуулах үед манай гэрт манай хоёр хүүхэд, Сувдаа, Хэрлэнчимэг нарын нөхрүүд байсан. Намайг М зуухны хажууд байхад гараараа нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/

2. Гэрч Э.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Банкны байранд Тэгшбаяр гэдэг хүүхнийд ороод юм ярьж байгаад М, Даваа нартай хамт архи уусан. Тэгээд сууж байтал Даваа гэрээс гараад явсан. Тэр хойгуур М Т-ыг чи манай гэрээс яваарай гэр оронд баахан хүн цуглуулаад гээд хэлсэн чинь Тэгшбаяр уурлаад Мтэй муудалцсан. Тэгтэл М Тэгшбаярыг гараараа цохисон. М Тэгшбаярыг нүүрэн тус газар нь гараараа цохиход Тэгшбаярын хөмсөг нь язарч цус гарсан. Тэр бол үнэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

3. 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн №13 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд

1. Т-ын биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-22 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч М-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хохирогч Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-86 хуудас/ гэсэн тул шүүгдэгч Б.Маргад-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М-ийн бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 250.000 төгрөг төлөхөөр буюу 2 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ГАНЗОРИГ