Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 184/2024/02750/И |
Дугаар | 210/МА2024/01601 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01601
2024 08 14 210/МА2024/01601
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.З, З.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Зээлдэгч Д.З, З.Б нар нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЗГ09/14 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай экскаватор худалдан авах буюу хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр БГ/09/14 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Д.Згийн өмчлөлийн улсын бүртгэлийн .......... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ......... хороо, ............ гудамжны ...... тоот хаягт байрлалтай 80 м.кв талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ..... дугаартай дээрх хаягт байрлах 68,85 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтын үл хөдлөх хөрөнгө, ............... дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбайтай хувийн сууц, .............. дугаартай дээрх хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар, зурагт, хөргөгч, .............. арлын дугаартай, улбар шар өнгөтэй, Daewoo маркийн ................ УБ улсын дугаартай экскаваторыг тус тус барьцаалсан.
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч З.Б нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч З.Бэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Згээс зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
...үндсэн зээлийн төлбөрт 46,624,850 төгрөг, зээлийн хүүнд 17,125,617 төгрөг төлсөн. Хариуцагч З.Б 2016 онд зуурдаар нас барсан. ...Хариуцагч 770,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, эхнэр нь 550,000 төгрөгийн тэтгэвэртэй, тэтгэврээс өөр орлого байхгүй. Манай тал үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,148 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээ 2016 оны 3 дугаар сард дуусгавар болсон. Хны зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд гэрээгээ цуцлах нөхцөл байдал үүссэнээс гэрээг сунгахгүй үндсэн зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн байдаг тул зээлийн хүү, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Д.Згээс 3,384,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлээс 44,523,234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч З.Бэд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ......... хороо, ............ гудамжны ...... тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй, 80 м.кв талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ..... дугаарт бүртгэлтэй 68,85 м.кв талбайтай хувийн сууц, ............... дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбайтай хувийн сууц, .............. дугаар бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан бөгөөд уг зээл нь хугацаа хэтэрсэн зээл тул банк дээрх хуулийн зохицуулалтын дагуу үндсэн зээлээс өрийг төлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргасан зээлийн бүртгэлийн карт болон зээлийн дансны хуулгаар нотлогдож байхад эргэлзээтэй, бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
...зээлийн эргэн төлөлт 90-с дээш хоногоор хугацаа хэтэрсэн буюу төлбөр хариуцагч /зээлдэгч/ төлбөл зохих төлбөрөө 90-с дээш хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Чанаргүй актив гэж үзэх бөгөөд уг активын төлүүлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зуулийн 216.1-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсныг хэрэгжүүлснийг эргэлзээтэй, бодит байдалтай нийцэхгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
...Мөн хариуцагч нь хуульд зааснаар татгалзаж тайлбараа нотлох үүрэгтэй боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хэрэгт авагдаагүй хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж ...хариуцагчийн гэрээг цуцалж, үндсэн зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 26,4 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ бөгөөд хүчин төгөлдөр гэрээний дагуу тооцогдсон хүүг шүүх хасах эрх хуулиар олгогдоогүй бөгөөд шүүхээс хуульд заасан эрхийг үүрэгтэй адилтгаж тайлбарласан нь хуульд нийцээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэдгсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Мөн 2016 оноос хойш 8 жилийн хугацаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Хариуцагч З.Б нь 2016 оны 03 дугаар сард өвчний улмаас нас барсантай холбоотойгоор Х ХК-ийн зүгээс гэрээний хугацааг сунгахгүй, үндсэн зээлийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу үндсэн зээлийн төлбөрийг 2022 он хүртэл төлж дуусгасан. ...2015 оны 12 дугаар сараас үндсэн зээлийн төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сард үндсэн зээл дуусгавар болсон учраас 8 жилийн турш үндсэн зээл, хүү төлөх шаардлага байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.З, З.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК-ийн зүгээс хариуцагч З.Бийг нас барсан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар баталж шийдвэрлэснийг буруутгахгүй.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Х ХК нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.З, З.Б нартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 24 сарын сарын хугацаатай зээлдүүлэх,
3.2. Улмаар талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Д.Згийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ......... хороо, ............ гудамж, ...... тоот хаягт байрлах .............. тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах ............... тоот улсын бүртгэлийн дугаартай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүнчлэн мөн хаягт байрлах .......... тоот улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө болох зурагт, хөргөгч, УБ ...... тоот улсын дугаартай экскаваторыг тус тус барьцаалжээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн талууд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
4. Зохигчдын байгуулсан гэрээгээр зээлдэгч нар 50,000,000 төгрөгийг ашигласан хугацааны хүү 14,952,976 төгрөгийн хамт зээлийн үндсэн төлбөрөөс хасагдах зарчмаар сар бүрийн 14-ний өдөр 2,704,000 төгрөгийг тогтмол төлж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 46,624,851 төгрөг, зээлийн хүүнд 17,125,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 53,449 төгрөг, нийт 63,803,917 төгрөгийг төлсөн талаар маргаагүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 3,375,148 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,729 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргасан.
5. Хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч Д.З, З.Б нар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байсан бол энэхүү өдрөөс хойш 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд гагцхүү үндсэн зээлийг төлж, одоо 3,375,148 төгрөгийг төлөөгүй үлдсэн байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын төлсөн төлбөрөөс үндсэн төлбөрийг хасаж, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутгаж тооцоогүй гэсэн.
6. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл нэхэмжлэгч Х ХК нь өнгөрсөн хугацаанд хариуцагч Д.З, З.Б нарт төлөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй байх тул хариуцагч нарын үндсэн зээлийг төлөхөөр тохирсон гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар банк нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг эрхэлдэг мэргэжлийн этгээдийн хувьд хэрэглэгч нарт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар тухай бүр мэдэгдэж, хэрэв үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй тохиолдолд тэдгээрийн гүйцэтгэх үүргийн хэмжээ нэмэгдэх талаар зохих мэдээллийг өгч байх учиртай.
Энэ талаар Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалаар баталсан 5 дугаар зүйлийн 5.1-д Банк харилцагчтай зээл болон хадгаламжийн гэрээ байгуулахдаа гэрээний агуулга, зүйл, заалтыг танилцуулж, хүү, шимтгэл, хураамж тооцож буй арга аргачлалыг тайлбарлах үүрэгтэй гэж заажээ.
7. Нөгөө талаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар хэдийгээр банк нь зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй боловч тухайн эрхээ шударгаар хэрэгжүүлэх ёстой.
Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш үндсэн зээлээс бусад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй 8 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн хүү, нэмэгдүүлсэн тооцож байгаа болон хүү төлөх талаар шаардаж байгаагүйгээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж зааснаар банк нь зохих ёсоор төлөгдөхгүй байгаа зээлийг буцааж төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авах нь зээлдэгчид өрийн дарамт үүсгэхээс сэргийлнэ.
Иймд, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,375,148 төгрөгийг нотариатын зардал 9,000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдлийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР