Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0104/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн,

Хохирогч                                                                       Х.А.,

Шүүгдэгч                                                                      С.Х. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х.д холбогдох 1939000240098 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчимийн 40-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, С.Х. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Х. нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 21 дүгээр гудамжны 09 тоотод иргэн Х.А.тэй маргалдаж, түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Х. нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 21 дүгээр гудамжны 09 тоотод иргэн Х.А.тэй маргалдаж, түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.А.ийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Нийтийн байранд байдаг Баатарчулууны гэрт цахилгаан тэнь янзалж өгөөч гэхэд нь тэднийд очсан. ...Би Баатарчулууны гэрээс цахилгаан тэнийг нь бариад гарч явтал Дархансайхан надтай таараад таныг хүргээд өгье гэсэн. Манай гэрт очоод цүнхэнд байсан 0.5 литрийн шилтэй архи задлаад уугаад сууж байсан чинь Дархансайханы эхнэр Хандаа, Үүрээ, Үүрээгийн нөхөр болох Хатнаа нар орж ирсэн. Тэгээд Хандаа орилж орж ирээд намайг гэрийнхээ хойд талын ширээний урд талд сандал дээр сууж байтал үсдээд гэрийн хаалга руу чирсэн.  Тэгээд үүдний хаалганы дэргэд төмөр түмпэн мөргүүлээд, Хандаа дээрээс баруун хавирга, нүүр рүү өшиглөөд байсан. Би өөрийгөө цохиж зодсон зүйл байхгүй... ...Одоо би хохирол төлбөр 2 400 000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

Гэрч Б.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Хийдийн сууринд очоод Х.А.ийн гэрийг танихгүй хүнээс сурсан чинь Хийдийн 20-21 тоот гэж хэлж өгсөн. ...дүнзэн байшин нь зурагтны гэрэлтэй байхаар нь С.Х. хаалгыг нь таттал онгорхой байхаар нь ортол хойд буйдан дээр нь Дархансайхан, Х.А. хоёр хоёулахнаа архи уугаад сууж байсан. ...Х.А. эгч босож ирээд С.Х.г 2 удаа хацарт нь алгадсан. Тэгэхээр нь С.Х. түлхсэн чинь Х.А. эгч үүдний хаалганы хажууд угаалгын машины хажууд ойсон. Тэгээд босож ирэхэд нь толгойноос нь цус гойжсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Гэрч Б.Дархансайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд орж ирээд эхнэр маань Х.А.д та яахаараа манай нөхрийг дагуулж явдаг юм бэ гэж хэлж уурласан чинь манай эхнэр рүү Х.А. дайрсан юм. Гэтэл манай эхнэр Х.А.ийг өөрөөсөө холдуулж түлхсэн чинь Х.А. унахдаа зуухны урд байсан аргалын авдарны буланг толгойгоороо мөргөөд унасан. Тэгээд босож ирэхэд нь зүүн хөмсөг нь задарчихсан цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч С.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд С.Х., Х.А. хоёр хоорондоо муудаад та яахаараа манай нөхрийг дагуулж явдаг юм бэ гэхэд Х.А. яадаг юм бэ гээд бахираад байсан. Тэгээд С.Х. нөхрөө загнасан чинь Х.А. нөхрийг нь өмөөрөөд С.Х. рүү ойртоод очтол С.Х. Х.А.ийг өөрөөсөө түлхсэн чинь Х.А. модны авдар духаараа мөргөж унаад босож ирэхдээ хөмсөг орчмоос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №39 дугаартай:

Х.А.ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

С.Х.гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Тэр өдөр би гэртээ 2 хүүхдээ хараад сууж байсан. Манай хажуу айлд Х.А. эгч ирсэн. Тэднийд манай нөхөртэй цуг Х.А. архи ууж байсан. Манай нөхөр гэртээ орж ирснээ бие засаад ирье гээд алга болчихсон. Тэгэхээр нь Х.А. эгчийн гэр рүү явсан байна гэж мэдээд араас нь очсон. Би тэднийд очоод нөхрөө энд юу хийж явж байгаа юм бэ гэхэд Х.А. эгч уурлаад босоод ирэхээр нь түлхсэн чинь толгойгоороо юм мөргөөд уначихсан. Тэгээд өөрийгөө зодоод байхаар  нь цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Х.гийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Х.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Х.г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.А. нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х.гээс хохирол 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч нь сард 800.000 төгрөгийн дундаж орлоготой гэх боловч ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогчийн сарын орлого нотлогдохгүй, хувь хүний орлогын албан татвар төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирол, төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хохирогч нь нотлох баримтуудаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Х.д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

Шүүгдэгч С.Х. нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь 4-р багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Х.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х.д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Х. нь түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Х.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА