Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0115/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Б.Б,

Шүүгдэгч                                                          А.Б,

Л.Ж нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б, Л.Ж нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 102 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 560 дугаар байрны 59 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А.Б /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 102 дугаар цэцэрлэгт арга зүйч ажилтай, ам бүл 7, нөхөр, ээж, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58 дугаар гудамжны 724 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй Л.Ж /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б, Л.Ж нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дугаар цэцэрлэгийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Б-ийн өгсөн:.. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 102-р цэцэрлэгээс 21 хүний бүрэлдэхүүнтэй “Багш солилцоо буюу түншлэл” нэрийн дээр туршлага судлах зорилгоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэг рүү явсан....Багш нарын хувьд амрах гэж байхад арга зүйч Л.Ж нь замынхаа юмыг гаргаагүй байна гэж хэлээд 0.75 литрийн Болор архи гаргаж ирээд тойруулж уусан...Л.Ж багш намайг овог, нэрээр дуудаж согтуурхсан. Учир нь 2018 оны 11 дүгээр сард Л.Ж багшийн төрсөн өдөр болоод ажлынхаа хамт олныг дуудсан, тэгээд тарах болоод би нөхрөө дуудаж авахуулсан. Тэгэхэд бид нар хуваагдаж такси барих хугацаанд манай нөхрийг Л.Ж нь “чадваргүй, горгор зайлаач новшоо” гэх мэтээр доромжилж байсан. Тухайн үед манай нөхөр гайхаж байсан бөгөөд би нөхөртөө эмэгтэй хүн согтоо л биз гэж хэлээд өнгөрч байсан...Иймэрхүү асуудлаас болоод Л.Ж багш надад ажлын байрны дарамтыг үзүүлж эхэлсэн. Тэгээд Хэнтий аймгийн 5 дугаар цэцэрлэгт уугаад сууж байхад дээрхи асуудлаас болж дахин намайг доромжилсон. Л.Ж арга зүйч бид хоёр маргалдаж байхад дарга Баасансүрэн “та нар одоо болохгүй, унтаж амарцагаа” гэж хэлээд арга зүйч Л.Жг өөрийнхөө ард авч хэвтүүлсэн. Л.Ж арга зүйч бие засмаар байна гэсээр байгаад Н.Б багшийн хамт гарчихаад орж ирсэн. Тэгээд над руу дайраад ”чамаас болж уналаа, чамайг алаад хаячихъя” гэж над руу дайрсан.  Үүдэнд байсан гуталнуудаас аваад миний толгой, нүд, гар руу гутлаар цохиод байсан...Би биеэ хамгаалах гээд Л.Ж арга зүйчийг хөлөөрөө түлхтэл нүд рүү нь цохичихсон. Маргааш нь хөхөрчихсөн харагдаж байсан....Би араас нь гараад Л.Ж багштай уулзаад уучлалт гуйгаад учраа олъё гэж хэлээд машинд нь суусан боловч миний үгийг авч хэлэлцээгүй...Миний нүд хөхөрч, баруун, зүүн гарын хэсэгт хөхрөлттөй, баруун гарын тохойны үеэр гар хөдлөхөд хэцүү байна...Би Л.Ж багштай уулзаж, ярилцаж ойлголцсон болохоор надад гомол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16  хуу/

Хохирогч Л.Ж-гийн өгсөн: ... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг руу 21 багшийн бүрэлдэхүүнтэй “Багш солилцоо” нэртэй сургалтанд хамрагдаж явсан. 21-ний орой 23 цаг 40 минутанд Хэнтий аймагт очсон бөгөөд шууд 5-р цэцэрлэгт очсон. Хол замд явж байсан учраас замдаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Уг өрөөнд нийт 17 хүн байсан бөгөөд би тухайн үед А.Б багшид ажлын талаар ярилцаж, санаачлагатай, үр бүтээлтэй ажилла гэдэг талаар хэлсэн, тэгэхэд А.Б нь надад уурлан шууд миний ам руу цохисон. Би амьхандаа өөрийгөө хамгаалах гэж үзсэн боловч А.Б багш нь биеийн тамирын багш, надаас олон дүү хүүхэд мөртлөө бяр чадлаар илүүрхэж миний нүүр амгүй, цохиж зодсон...хэрэг болсны дараа миний ам болон хоёр нүд рүү доогуур хөхөрч хавдсан, аман доор язарсан, толгой доргисон бололтой өвдөж байсан... би А.Б уулзаж эвлэрсэн, надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн... Эмчилгээний болон бусад зардал, нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 9-11, 12 хуу/

 

Яллагдагч А.Бгийн өгсөн: ... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялыг хүлээн зөвшөөрч байна...би Л.Жгээс уучлалт гүйсан. Би Л.Ж багшийн биед гэмтэл учруулсан нь үнэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. би үйлдсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байна. Би Л.Ж багштай сайн дураараа эвлэрсэн... гэх мэдүүлэг /х-ийн 44 хуу/

Яллагдагч Л.Жгийн өгсөн: ... Би Баярмааг гутлаар цохисон нь үнэн. Надтай хэрэлдээд байхаар нь үүдэнд байсан гутал аваад толгой, нүүр орчимд цохисон нь үнэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин хүнтэй маргаж муудахгүй гэдгийг маш сайн ойлгож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2728 дугаартай...Л.Ж-ын биед тархи доргилт, баруун нүдний алим, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, дээд доод уруул, баруун хөх, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2848 дугаартай ...А.Б-гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун ташаа, зуун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /х-ийн 31 хуу/

Л.Жгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 хуу/

А.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51 хуу/

А.Бгийн ял шалгах хуудас /хх-ийн 52 хуу/

Л.Жгийн ял шалгах хуудас /хх-ийн 53 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-83 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.Б, Л.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дугаар цэцэрлэгийн байранд хохирогч Л.Жтэй согтуугаар маргалдан зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, дээд, доод уруул, баруун хөх, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дугаар цэцэрлэгийн байранд хохирогч А.Бтай согтуугаар маргалдан зодож түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун ташаа, зуун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.               

   Аймгийн Прокурорын газраас А.Б, Л.Ж нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

   Яллагдагч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч А.Б, Л.Ж нар нь хүлээн зөвшөөрч /хх-ийн  87, 88, 89, 94 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч А.Б, Л.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, А.Б, Л.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

А.Б, Л.Ж нар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 82, 83 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 87, 88 хуу/ байх тул А.Б, Л.Ж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                             

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б, Л.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Б, Л.Ж нарыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Б, Л.Ж нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Б, Л.Ж нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Б, Л.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Л.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ