| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00523/И |
| Дугаар | 556 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 556
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО67092369, Борлууд овогт Өндөгжөөгийн Бадамжавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Бадамжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Бадамжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хонь, ямаа маллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Улмаар 1990 онд нөхөрт гарч Зүүнговь суманд амьдрах болсон. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон ба хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд намайг Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Г.Нүрзэд, Р.Рагчаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Бадамжав нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Өндөгжөөгийн Бадамжавын 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Нүрзэд, Р.Рагчаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Нүрзэдийн “Миний бие нь 1959 оноос 1992 он хүртэл Тэс сумын Лениний зам нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Намайг Лениний зам нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байхад Ө.Бадамжав нь 1983 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ө.Бадамжав нь нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан ба голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай, Аюуш гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Рагчаагийн “Миний бие нь 1973 оноос 1978 оныг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байсан ба 1981 оноос Тэс сумын 8 жилийн сургуульд галчаар ажиллах болсон. Ө.Бадамжав нь 1983 оноос 1989 оныг дуустал Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ө.Бадамжав нь бага наснаасаа эхлэн мал малласан ба голдуу сувай хонь малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ө.Бадамжав нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Г.Нүрзэд, Р.Рагчаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ө.Бадамжавын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 6 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Өндөгжөөгийн Бадамжавын 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ө.Бадамжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ