Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 413

 

    ШИЙДВЭР
2016-07-21                                     №413                                       Хэрлэн сум

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                            Хэргийн индекс: 156/2016/00439/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Саригийн 5-3 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Нямдоржийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Саригийн А-28 дугаар байрны 15 тоотод оршин суух Намжилсүрэнгийн Батхүүд холбогдох
     12 455 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Л.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Батхүүтэй найз нөхдийн холбоотой байдаг. Н.Батхүү нь 2014 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 8 айлын орон сууц барих ажилд хамтарч ажиллах санал тавьсны дагуу би зөвшөөрсөн юм. Н.Батхүү нь намайг тодорхой хөрөнгө оруулалт хийчих барилга ашиглалтанд орохоор хүүтэй ашигтай нь өгнө гэж хэлсэн. Би эхнэрээрээ цалингийн зээл авахуулан барилгын эхний ажлууд болох цемент, хайрга, бензин түлш, ачаа тээврийн хөлс, барилгын материал, Н.Батхүүгийн банкны зээл дарах зэрэг эхний ажилд нийлээд                10 455 800 төгрөгийг зарцуулсан. Тэр үед надад ажилд орох санал ирж би Засаг даргын тамгын газарт жолоочоор орсон. Батхүү ажлыг цааш нь үргэлжлүүлэн дуусгахаар болсон. Барилга баригдаж дуустал би мөнгө нэхээгүй. Барилгыг барьж дуусгаад айлууд урьдчилгаа мөнгөө өгч эхэлсэн. Тэр үед би мөнгө нэхэж сануулахад айлууд мөнгө өгөхгүй байна гэсэн хариултыг олон удаа өгсөн. 2015 оны 12 дугаар сард ямар ч байсан өгнө чамайг хохиролгүй болгоно гэж хэлсэн боловч өнөөг хүртэл надад өгөөгүй байна. 
    Иймд Н.Батхүүгээс 10 455 800 төгрөг, банкны хүү болох 2 000 000 төгрөг, нийт         12 455 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч Л.Нямдорж шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний бие Н.Батхүүд холбогдуулан 12 455 800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэн ярилцаж Н.Батхүүгээс нэхэмжилсэн 12 455 800 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Н.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа:
      Миний бие Л.Нямдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан ярилцаж Л.Нямдоржийн нэхэмжилсэн 12 455 800 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор өгөхөөр тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Л.Нямдорж нь хариуцагч Н.Батхүүд холбогдуулан 12 455 800 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  Л.Нямдорж нь нэхэмжилсэн 12 455 800 төгрөгийг 2016 оны 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор хариуцагч Н.Батхүүгээс авахаар, хариуцагч Н.Батхүү нь 12 455 800 төгрөгийг 2016 оны 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгч Л.Нямдоржид бүрэн төлж дуусгасан байхаар харилцан тохиролцсон байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн нэхэмжлэгч Л.Нямдоржийн  хариуцагч Н.Батхүүгээс түүнд зээлдүүлсэн 12 455 800 /арван хоёр сая дөрвөн зуун тавин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 214 245 төгрөгийн тал хувь болох 107 122 5 төгрөгийг Төрийн сангийн 1800009441 тоот данснаас, түүнчлэн хариуцагч Н. Батхүүгээс 107 122 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн үлдэх 107 122 5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             

ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР