Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0095/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                           Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Г,

Шүүгдэгч                                                                      М.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-с Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 5-9Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М.Б /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос аялгуу” нэртэй караокены гадаа  С.Э-той маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Э-гийн өгсөн:..2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед гэртээ байж байхад манай найз Б над руу чат бичээд маргааш би хот явлаа өнөөдөр гадуур гарах уу гэхээр нь би Мягмардаш руу утсаар яриад... Тэгээд 21 цагийн үед бид 3 Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй бааранд орж суугаад 0.75 литрийн Болор архи, 0.5  граммын 3 ширхэг панта ундаа захиалаад суусан... тэгээд баарнаас гарч караоке оръё гээд 22 цагийн үед баарнаас гараад Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос аялгуу” караокед орж 0.5 граммын Сэнгүр пиво 6 ширхэгийг захиалаад суусан... тэгээд би караокены хаалгаар гараад гадаа гартал гэнэт нүүрэн дундуур нэг хүн цохиод авсан... тэгээд би хариу үйлдэл үзүүлж чадалгүй доошоо тонгойход намайг нөгөө залуу барьж аваад унагах шиг болсон. Тэгээд түүнээс хойш болсон зүйлийн талаар огт санахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч С.Ц-ын өгсөн: ... Батцоож манай хүн хоёр караокены гадна хаалганы үүдэнд зогсож байсан. Тэгээд би нөгөө хоёрыг яасан бэ явахгүй юм уу гээл эргээд хартал нөгөө залуу манай хүнийг мөргөөд манай хүн зөрүүлж цохиод дээр доороо ороод  зодолдож байхад нь цагдаа нар ирж салгаад тэнд байсан хүмүүсийг аваад явсан... намайг харахад нөгөө залуу эхэлж мөргөөд, манай хүн дараа нь гараараа цохиод хоёулаа заамдалцаад газар унаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Яллагдагч М.Б-гийн өгсөн: ...  Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой гэртээ амарч байхад манай найз Батцоож над руу залгаад хэдүүлээ гэр бүлээрээ хамт жоохон караокед дуулж суух уу гэхээр нь тэгье хаана гэсэн чинь  Батцоож “Хос аялгуу” караокед уулзья гэж хэлсэн... тэгээд бид хэд захиалсан архиа уугаад нилээн суусан... тенкны хажууд нэг согтуу залуу зогсож байснаа бид хоёрын яриаг сонссоноо бид хоёрын голоор орж ирсэнээ чи ямар том юм бэ гээд үг хэлээрээ өдөөд байхаар нь чамд хамаагүй шүү гэж хэлчихээд бид хоёр караокеноос гараад... тэгээд караокены үүдэнд зогсож байхад нөгөө залуу бид хоёрын араас гарч ирээд мөн өдөх шиг болсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор тэр залууг юу гээд байсныг сайн санахгүй байна. Тэгсэн нөгөө залуу намайг шууд мөргөхөөр нь би зөрүүлээд нөгөө залууг цохиж аваад хоорондоо зууралдаад караокены үүдний ханыг налаад газар унасан... гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон... би архи нилээн уусан согтолтын зэрэг өндөр байсан. Зарим зүйлээ санахгүй байгаа лав тэр залуутай маргалдаад зодолдоод байснаа санаж байна. Би ч согтуу байсан. Тэр залуу ч согтуу байсан... бид хоёрыг зодолдоход бид хоёрын хоёулангийнх нь хамарнаас цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 47-48 хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт:  С.Э-гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамарт зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэжээ /хх-ийн 26 хуу/

Хохирогч С.Э-гийн нэхэмжилсэн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 32-35 хуу/

М.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 89 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 94-95 хуу/

М.Б нь 276 толгой мал тоолуулсан тухай Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98 хуу/

М.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч С.Э-гийн ХААН банкин дахь дансанд 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос аялгуу” нэртэй караокены гадна  хохирогч С.Э-той маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамарт зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Э, гэрч С.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч С.Э-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамарт зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас М.Б-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Э нь эмчилгээний зардалд 474.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг нийт 2.474.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд  /хх-ийн 32-35 хуу/  шүүгдэгч М.Б нь хохирогч С.Эгийн эмчилгээний зардалд тооцож  480.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч С.Э-гийн ХААН банкин дахь дансанд төлсөн талаарх нотлох баримтаа шүүх хуралдааны үед гаргаж өгсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д ...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... тооцохоор заасан байна. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Э-г уг журмын 2.6.6 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчид төлсөн гэх зардлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь хохирогч С.Э-гийн эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 474.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                            

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Б-г  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч С.Э-гийн нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн зардал гэх 2.000.000  /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ