| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00550/И |
| Дугаар | 557 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 557
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ66090366, Борлууд овогт Шимбэрүүний Отгонжаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд 9 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн. Би 1974 онд Сагил сумын дунд сургуульд элсэн суралцаж 1982 онд сургуулиа төгсөж улмаар Сагил сумын Өндөр мод багийн агент эцэг Шимбэрүүний гэрт 3 жил амьдарсан. 1985 онд Сагил сумын малчин Дамирангийн Лхагвасүрэнтэй гэр бүл болж түүний дараа өвөл нь буюу 1986 оны 1 дүгээр сараас Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд нэгдэл тарах хүртэл буюу 1989 оныг дуустал манайх гэр бүлээрээ малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан талаарх баримт бичгээ гээж үрэгдүүлсэн учраас нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзсэн. Мөн аймгийн архиваас тушаал, тогтоол хайлгасан боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа бөгөөд тухайн үед авч байсан цалингийн жагсаалт байгааг гаргаж өгсөн. Иймд цалингийн цэс холбогдох материалыг үндэслэн миний 1986 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт нэгдлийн мал маллаж байсан Д.Цэнд-Аюуш, Р.Мааганхүү нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Отгонжаргал нь 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Шимбэрүүний Отгонжаргалын 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Цэнд-Аюуш, Р.Мааганхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Цэнд-Аюушийн “Миний бие Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1985 оноос 1990 он хүртэл үхэр маллаж байсан. Намайг уг нэгдэлд ажиллаж байх үед Ш.Отгонжаргал нь нөхрийн хамтаар 1986 оноос эхлэн Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд голдуу үхэр малладаг байсан. Ш.Отгонжаргал нь 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар Давааням, Содномжамц гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Мааганхүүгийн “Миний бие Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1975 оноос 1994 оныг дуустал мал маллаж байсан. Намайг уг нэгдэлд ажиллаж байх үед Ш.Отгонжаргал нь нөхрийн хамтаар мал малладаг байсан ба нөхөр нь сувай үхэр маллаж, Ш.Отгонжаргал саальчин хийдэг байсан. Ш.Отгонжаргал нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1986-1989 оныг дуустал ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ш.Отгонжаргал нь 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Цэнд-Аюуш, Р.Мааганхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Отгонжаргалын хүсэлтийг хангаж, түүний 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 4 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Шимбэрүүний Отгонжаргалын 1986 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 4 /дөрөв/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ