| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0113/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0113/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Я.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.С-д холбогдох эрүүгийн 1939001120119 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 21 дүгээр гудамжны 212 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Я.С /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.С нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар явах чиглэлийн Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Чандгана” гэх зам дээр 05-90 УНТ улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 05-90 УНТ улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан И.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Я.С нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Чандгана” гэх газар 05-90 УНТ улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гарган И.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/,
Хохирогч И.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр багш солилцоогоор манай цэцэрлэгийн багш нар болох Я.С, Бадамханд, Баярмаа, Балжинням бид тав 05-90 УНТ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинтай Хэнтий аймгийн Чингис хотын 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед эргээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа Хэнтий аймгийн Мөрөн сумаас хойшоо гараад явж байгаад машин маань нэг машин гүйцэж түрүүлээд замын хажуу руу онхолдсон. Тухайн үед машины арын суудал дээр Баярмаа, Бадамханд, бид гурав суугаад явж байсан. Харин машиныг багш Я.С жолоодоод, хажууд нь Балжинням суугаад явж байсан. Миний нурууны сэртэн яснууд хугарсан. Бас мөрний уулзварын яснууд цуурсан гэсэн. Эмч миний толгойд 2 оёдол тавьсан. ....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Иргэний нэхэмжлэгч Я.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүү Н.Балжиннямд Соната-6 маркийн хар өнгийн 05-90 УНТ улсын дугаартай суудлын автомашинаа өгч явуулсан. Гэтэл хүү маань Я.С гэх эмэгтэйд машиныг маань шилжүүлэн өгсөн байна. Я.С нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын нутагт онхолдсон учир машин маань эвдэрсэн. ...би өөрийн төрсөн хүүдээ машинаа өгч явуулсан учир энэ машины үнийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Иргэний хариуцагч Н.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгаас 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой 05-90 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Я.С багшаар бариулаад явж байгаад зам тээврийн осолд орсон. Тээврийн хэрэгсэл эвдэрсэн. Аав минь надаас тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Ш.Норжмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 тээврийн хэрэгсэл цуваанд ороод явсан. ...Хэнтий аймгаас гараад Мөрөн гэсэн бичигтэй замын тэмдэг өнгөрөөд нилээн явж байтал Я.С багш биднийг хурдтай гүйцэж түрүүлэн бидний урд гарсан. Отгонсүрэн нөгөө хэд чинь гэж хэлсэн, тэгээл хартал бидний урд тал тоос болсон. Тэгээд хажууд нь яваад очиход Я.С багшийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хойд хэсэгт унасан байсан... Я.С архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Н.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Соната-6 маркийн 05-90 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан. Тээврийн хэрэгслийн жолооч нь манай ажилтан Балжинням гэдэг хүн байсан. Балжинням Хэнтий аймагт дэлгүүрээс пиво авч уугаад Я.С багшаар тээврийн хэрэгслээ бариулж явсан. Би замд зүүрмэглээд унтаж явсан. Нэг мэдэхэд эмнэлгийн машин ирчихсэн байсан. ...Я.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Х.Бадамхандын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгаас анх хөдлөхдөө Балжинням ах өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Дэлгүүрийн гадаа зогсоод Балжинням ах пиво худалдаж аваад Я.С багшийг та миний тээврийн хэрэгслийг бариад яваач гэж гуйсан. Балжинням ах пиво ууна гэсэн. Я.С эгч зөвшөөрөөд Балжинням ахын тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би замд явахдаа унтаад явж байтал нэг мэдэхэд би Хэнтий аймгийн эмнэлэгт ирчихсэн байсан. Би ухаан алдсан байсан. ...би жолоочийн хажуу талын суудлын арын суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №3489 дугаартай: “...И.Н-ийн биед баруун бугалганы дээд булууны их төвгөрийн хугарал, сээрний 1 болон 2-р нугаралын ар сэртэнгийн хугарал, баруун нүдний ухархай дотор ханын хугарал, зулайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/,
Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Золжаргалын гаргасан 2019.4.02-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 128 тал/,
Я.С-н яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Жолооч Балжинням пиво уусан байсан тул намайг тээврийн хэрэгслээ жолоодоод Багануур ортол яваач гэж гуйсан. Би зөвшөөрөөд Мөрөн сум өнгөрөөд зам тээврийн осол гаргасан. Би И.Н.д эмчилгээний зардалдл 1 сая гаруй төгрөг бэлнээр өгсөн. Нацагдорж гэх хүн надаас тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.С-н дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Я.С-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Хохирогч И.Н нь “...тээврийн хэрэгсэл жолоодож явсан Я.С багшид гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” /хх-ийн 134, 135 тал/ гэсэн хүсэлт гаргасан;
Иргэний нэхэмжлэгч Я.Нацагдорж нь “...Я.С-с хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 133-р талд гаргасан байх тул шүүгдэгч Я.Солонгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Я.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Я.С нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Я.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Я.С-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Я.С нь түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний бую 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА