Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00470/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, “Эхэнбүрд” гэдэг газар нутаглах, Цагаан овогт Январын Эрдэнэчимэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 03-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажилласан юм.
Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 21 тал)
Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Я.Эрдэнэчимэг би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нөхөр бид хоёр Батноров сумаас хөдөө алс ганц гэрээрээ мал маллаж байдаг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. 
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 41 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэг нь 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэгийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СА-66012100 регистрийн дугаартай, Цагаан овогт Январын Эрдэнэчимэг нь 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1. Хэнтий аймгийн Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 06 дугаартай тушаалын хуулбарт:... Январын Эрдэнэчимэг ..... нарыг 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сумын төвийн дэлгүүрийн худалдагчаар томилон ажлуулсугай гэжээ.(хх-ийн 15 тал)

2. Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 17 дугаартай тушаалын хуулбарт:... дэлгүүрийн худалдагч, кассчны ажлыг 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хослон гүйцэтгэсэн худалдагч.... Январын Эрдэнэчимэг нарт худалдагчийн сарын цалингийн 30 хувиар бодож нэмэгдэл цалин олгосугай гэжээ. (хх-ийн 16 тал)

3. Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 28 дугаартай тушаалын хуулбарт:... худалдагч Я.Эрдэнэчимэгийг 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 22 хоногоор... амралтыг олгосугай гэжээ. (хх-ийн 17 тал)

4. Гэрч С.Оюуны:... би 1972-1994 он хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Я.Эрдэнэчимэг нь 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байлаа....”Эхэнбүрд” бригадын даргаар Дашзэвэг гэдэг хүн ажилладаг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 35-36 тал)

5. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэгийн 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч  байсан цалинг бичсэн байна. (хх-ийн 3-4 тал)

6. Хүсэлт гаргагчийн №148584 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар. (хх-ийн 12-14 тал)
7. Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 1, 28, 41 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэг нь намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. (хх-ийн 41 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СА-66012100 регистрийн дугаартай, Цагаан овогт Январын Эрдэнэчимэгийг 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  Батноров сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Я.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ