Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01602

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 14 210/МА2024/01602

 

 

 

Д.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2024/02159 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Бд холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай хүүхдийг Т.У гэдэг бөгөөд хүү маань хариуцагч Т.Бс эвдрэлтэй мотоцикл худалдан авсан байсан. Худалдаж аваад хэдхэн цагийн дараа явахгүй зогсчихоор нь мотоциклийг буцаах талаар ярих гэсэн боловч хариуцагч нь утсаа авахгүй, чатандаа ч хариу өгөхгүй 2-3 хоног болсон. Би, өөрөө чат мессеж бичсэн боловч энэ хүн хариу өгөхгүй, миний утсыг ч авахгүй байсан. Миний бие аргаа бараад Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан хэдий ч цагдаагаас шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзэхэд 1985 оны мотоцикл байснаас үзвэл хэвийн ажиллагаатай байсан гэж үзэхгүй байна. Би хүүдээ төрсөн өдрөөр нь мотоцикл авч өгөх гэж байсан. Гэвч хүү минь надад хариуцагчаас мотоцикл авсан талаараа хэлээгүй, мотоцикл авсан л гэж хэлсэн. Манай хүүхэд миний данснаас мөнгө шилжүүлсэн байсан. Хариуцагчид мотоциклийг буцааж өгөх гэхээр хариуцагч нь утсаа авахгүй байхаар байрных нь гадаа тавьсан. Манай хүүгийн найз уг мотоциклийг хардаг. Иймд, хариуцагчаас 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т.У надтай фэйсбүүкийн чатаар холбогдоод, мотоцикл үзье гэсэн. Ирэхдээ нэг хүүхэд, 2 залуутай ирсэн, унаж үзээд болж байна, мөнгөө шилжүүлээд ирье гээд явсан. Анх 3,500,000 төгрөгт зарахаар аман тохиролцоо хийсэн. Маргааш нь буюу 07 дугаар сарын 11-ний өдөр ирээд мотоциклоо асаагаад унаад явсан. Наадам дуусахаар гэрчилгээгээ солиулж үлдэгдэл 200,000 төгрөгийг тушаахаар болсон. Түүнээс хойш манай гэрийн ойролцоо орой үдэш унаад давхиад байсан. Би мотоциклынхоо дууг таньдаг. Цонх онгорхой тул дуу чимээ их сонсогддог байсан.

Тэгж байгаад ахаа энэ эвдэрчихсэн юм байна, юмаа ав гэсэн. ...Тухайн 2 хүүхэд зөвшөөрөлгүй ээжийнхээ данснаас мөнгө авсан нь миний буруу биш. Мөн нэхэмжлэгч өөрийн дугаараасаа над руу байнга залгадаг байсан талаар хэргийн материалд хавсаргасан байгаа. Тиймээс би өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэж байна.

Би тухайн үед хүүхдийг нь 16 настай гэдгийг мэдээгүй, насыг нь асуугаагүй, сүүлд цагдаа дээр очоод мэдсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Бс 3,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт буцаан олгож, нэхэмжлэгч Д.Хаас УБ .......... улсын дугаартай, ........ арлын дугаартай Yamaha TW200-200 маркийн мотоциклийг гаргуулан хариуцагч Т.Бд буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бс улсын тэмдэгтийн хураамжид 67,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хт олгож шийдвэрлэжээ.

 

4. Харуицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Хын зөвшөөрлөөр уг мотоциклийг худалдан авсан байгаа нь илэрхий байхад зөвхөн хүү Т.У толгой мэдэн худалдан авсан мэтээр дүгнэсэн.

Ээж Д.Х нь дээрх шүүхийн захирамж гармагц миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэн бүрэн бүтэн ажиллагаатай мотоциклоо хүлээлгэн өгсөн шигээ авах гэсэн боловч манай байрны гадаа аваачаад хаясан гэх шалтгаанаар утсаа аваагүй алга болсон. Гэвч Манай байрны гадаа огт байхгүй байгаа ба хүний эд хөрөнгийг зүгээр аваачаад хаячхаж болохгүйгээр барахгүй хүлээлгэн өгөх ёстой байсан. Мөн мессеж үлдээсэн боловч хариу өгөөгүй.

Энэ нь анхнаасаа насанд хүрээгүй хүүхдээрээ худалдан авалт хийлгүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлж, өөрөө өөрийнхөө данснаас мөнгөө шилжүүлсэн нь Х өөрөө худалдан авалт хийсэн нь батлагдаж байна. Миний мотоциклийг эвдэрхий хэмээн гүтгэн, эргүүлээд авъя гэхэд өгөхгүй байх тул намайг өөрийн хүү Т.Уын хамт бүлэглэн залилах гэмт хэрэг хийсэн гэж үзэн нэхэмжлэх гаргаж байна

Дараах 2 хүсэлтийг шүүхэд хандаж гаргаж байна.

1. Залилагч Д.Хыг зохих хуулийн дагуу залилах гэмт хэрэгт нь хариуцлага тооцон шийтгэх

2. Миний үлдэгдэл мөнгө 200,000 төгрөгийг миний Хаан банкны .............. тоот дансанд хийлгүүлж өгнө үү. 182/ШШ2024/02159 шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Т.Бд холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан бөгөөд үзлэг хийсэн баримтаар Т.У нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд Т.Бийн байршуулсан мотоцикль худалдах зарын дагуу түүнтэй холбогдож, улмаар хариуцагчаас 3,500,000 төгрөгөөр мотоцикль худалдан авахаар тохирч, үүнээс 3,200,000 төгрөгийг төлөөд үлдэх 200,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсний дараа өгөхөөр тохирчээ.

 

Т.У нь Д.Хын данснаас цахим буюу интернэт банк ашиглаж Т.Бд 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн болон мотоциклийг хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

 

4. Т.У нь 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Д.Х, Т.Т нарын хүүхэд бөгөөд насанд хүрээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж зааснаар Д.Х нь Т.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд тус тус зааснаар 0-18 хүртэлх настай хүүхдийн эрх ашгийг төлөөлөн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх нь шүүхэд нэхэмжлэл гаргана.

 

5. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан.

 

Т.У нь Т.Бс мотоцикль худалдан авахаар тохирч байх үед 16 нас, 2 сартай байсан тул тэрээр гагцхүү энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-16.3.3-д заасан хэлцлийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдтэй байгуулж болно.

 

Гэвч Т.У, Т.Б нарын мотоцикль худалдах, худалдан авахаар тохирсон гэрээ нь эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хийх хэлцэлд хамаарахгүй юм.

 

Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.25, 2 дугаар зүйлийн 2.1.а-д тус тус зааснаар мотоцикл нь механикжсан тээврийн хэрэгслийн төрөлд хамаарах бөгөөд ашиглалтын явцад өөрт болон бусад этгээдэд хохирол учруулж болохуйц эд зүйлд хамаарах ба энэ шинжээрээ өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцлийн зүйл болж чадахгүй.

 

Тодруулбал, энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь ашиглалтын явцад эзэмшигч болон бусад этгээдэд хохирол учруулах аюултай шинж чанартай байдаг учир Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар зохих насанд хүрсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээдэд эзэмшиж, ашиглахыг зөвшөөрдөг байна.

 

Иймээс анхан шатны шүүх дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн буюу насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эхийн бичгээр олгосон зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

6. Хариуцагч Т.Бийн Т.Уыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй гэсэн тайлбарын тухайд хариуцагч нь бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулахдаа тэдгээрийн насыг мэдэх боломжтой ба насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нь хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шууд үзэхгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагч Т.Бийг насанд хүрээгүй хүүхэдтэй түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулж болохгүй гэдгийг мэдээгүй явдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж зааснаар Д.Хыг хүлээн зөвшөөрч байгаагаа мөнгө шилжүүлсэн үйлдлээр илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Тодруулбал, талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтаар Т.Б нь Т.Утай худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар түүний ээж Д.Хт анхнаасаа мэдэгдээгүй, тийнхүү зөвшөөрөхөд шаардлагатай мотоциклийн шинж чанар, үйлдвэрлэсэн болон Монгол Улсад ипортолсон он, сар, өдөр, ашиглалтын талаар бүрэн мэдээллийг өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг зөвшөөрсөн гэж дүгнэхгүй.

 

7. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2024/02159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР