| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0118/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0118/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Н.Э. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1839005960103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн төвд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Н.Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Адуучийн гуя” гэх газар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 9 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, ойн санд 4.665.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Адуучийн гуя” гэх газар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 9 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, ойн санд 4.665.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 6-нд байх “Модон цаг” ХХК-ийн хөрөөчнөөр ажилладаг Н.Э. гэх залуу над руу утсаар залгаад модоо бэлтгэх гэсэн юм, эхлэлийн акт үйлдүүлэх хэрэгтэй байна гэж ярьсан юм. Тэгэхээр нь би өвчтэй байгаа С.Ууганбаяр гэх манай нөгөө байгаль хамгаалагчаар эхлэлийн актаа үйлдүүлээд модондоо гарчих би бэлтгэж байх хооронд чинь очиж үзнэ гэж хэлсэн юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 29-нд мод бэлтгэлийн хугацаа дуусаж 2018 оны 11 дүгээр сарын 30-нд би шалгалтын хүмүүстэй цуг мод бэлтгэлийн газар дээр нь очиж шалгахад нийт 30 метр куб хэрэглээний нойтон шинэс мод, 8 метр куб түлээний шинэс мод бэлтгэх зөвшөөрөлтэй байснаас 9 метр куб хэрэглээний нойтон шинэс мод зохих зөвшөөрөлгүй хууль бусаар илүү бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Г.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, “Адуучийн гуя” гэх газарт арчилгааны огтлолоор нойтон шинэс мод бэлтгэхээр “Хэнтий Шинэс” ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэж гэрээ байгуулсан юм. Би энэ газарт нийт 5 га газарт талбай тусгаарлуулж, 30 куб метр хэрэглээ, 8 метр куб түлээний шинэс мод бэлтгэх эрхийн бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 03-09-ний хооронд мод бэлтгэхээр авсан юм. Би мод бэлтгэхдээ “Модон цаг” ХХК-ийн хөрөөчин Н.Э.ыг, мөн туслах ажилтнаар Тулгаа, Батаа гэх хоёр хүнийг хөлсөлж авсан юм. Тэгээд модоо бэлтгэхээр ажилд гаргачихаад би өөрөө суман дээр ажилтай байсан учраас суман дээр байж байгаад мод бэлтгэл дуусах үеэр очсон юм. Тэгэхэд Н.Э. мод бэлтгэл болсон, одоо тээвэрлэх л үлдлээ гэж байсан. Тэгээд эргэж машин хөлслөх болоод машин хайж явсаар олдохгүй, модоо татаж чадалгүй өдий хүрсэн... машин олох гэж би бараг 15 орчим хоносон байх. Тэр хооронд Н.Э. хувийн хэрэгцээний хашаа, саравчны хөл хөндлийн мод огтолж авсан юм билээ. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөөд авчихья гэж бодсон гэж хэрэг үүссэний дараа нь надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30 тал/,
Гэрч С.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н.Э. модоо хөрөөдөж унагаад Тулгаа, бид хоёр унагаасан модыг нь цагаалж хураасан юм. Би яг хэдэн метр куб бэлтгэх ёстой байсан, хэдийг бэлтгэсэн талаар мэдэхгүй. Ямар ч байсан бичиг баримт нь байгаа гэж надад хэлсэн. Н.Э.ыг одоо хэмжээ нь болсон гэж хэлэхээр нь л бид нар ажлаа дуусгаж буусан... Ажил дууссан өдрийн орой нь “Модон цаг” компанийн эзэн Анхбаяр бид нар дээр ирээд модыг үзээд Гантулга бид хоёрыг аваад төв явсан. Харин Н.Э. тэндээ модоо хараад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 101-102 тал/,
Гэрч А.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр Н.Э. гэх манай сумын ах намайг хөдөө модны ажил хийх үү гэхээр нь би зөвшөөрч Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт очиж, “Адуучийн гуя” гэх газарт очсон. Н.Э. ах өөрөө модоо тайрч унагаад, бид хоёр модыг нь оосорлож өгч, хураах ажлыг нь хийсэн. ...Н.Э. ах 30 куб мод бэлтгэнэ гэж байсан, тэрийгээ тайрч унагааж бид хоёр цагаалсан, ойролцоогоор 30 метр куб болсон байх... Ажил дууссан өдрийн оройхон Анхбаяр ах ирж Батжаргал, бид хоёрыг сум руу хүргэж өгсөн. Харин Н.Э. ах бэлтгэсэн модоо хараад ууланд ганцаараа үлдсэн. ...Н.Э. ах бид нарыг явсны дараа ахиж мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70, 99-100 тал/,
Гэрч Б.Доржпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн машин дээр ачсан модноос өөр машинд ачигдаагүй, тайрсан моднуудыг хэмжиж үзэхэд 9 метр куб хэрэглээний нойтон шинэс мод байсан. Тухайн компани 30 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэх эрхтэй байсан тул энэ илүү бэлтгэсэн 9 метр куб модыг сумын төв дээр ирээд эдийн засгийн төлөөлөгчид нь дүгнэлт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,
Гэрч С.Шижирбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн компанийн машинд ачсан модны хэмжээ нь эрхийн бичигтэйгээ таарч байсан. Харин түүнээс гадна машинд ачаагүй эрхийн бичгээс илүү мод байхаар нь тухайн модыг нэг бүрчлэн хэмжиж үзэхэд 9 метр куб мод байсан... Тухайн компани илүү бэлтгэсэн үү, хувь хүн бэлтгэсэн үү гэдгийг газар дээр нь тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/,
Гэрч Б.Нямхатангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид хэдийг очиход тус газар дээр ачааны машин ирчихсэн бэлтгэсэн модоо ачаад дуусаж байсан. Мод бэлтгэлийн талбай дээр хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин машин дээр ачсан модыг хэмжиж үзэхэд зөвшөөрөгдсөн хэмжээний мод нь ачигдсан байсан. Харин мод ачсан машины хажууд ачаагүй мод байхаар нь ...стандартын дагуу маш нарийн хэмжиж үзэхэд 9 метр куб мод илүү бэлтгэсэн гэдгийг илрүүлэн эдийн засгийн мөрдөгч Түвшинтөгс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж тухайн компанийн төлөөлөл Анхбаяр гэх хүнийг сумын төвд авчирч мэдүүлэг авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 тал/,
Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид хэдийг очиход тухайн компанийн мод бэлтгэхээр тусгаарласан талбайгаас зөвшөөрөгдсөн модны хэмжээнээс илүү 9 метр куб мод бэлтгэсэн байсан. Манай байгууллага зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэсэн гэдгийг шалгаж тогтооход эдийн засгийн мөрдөгч Түвшинтөгстэй хамтарч ажилласан. Харин сүүлд сумын төв дээр ирчихээд байхад тус компанийн ажилтан Н.Э. гэх нөхөр 9 метр куб модыг хувьдаа бэлтгэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,
Шинжээчийн 2018.12.13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 46-48 тал/,
Н.Э.ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...би хавар болохоор өөртөө хаваржааны саравч барихаар тухайн модыг өөрөө бэлтгэсэн. Би өөрөө 26 ширхэг мод тоолж унагасан. Намайг илүү мод бэлтгэсэн гэдгийг компанийн зүгээс мэдээгүй... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э.ын дээрх үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Э.од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Болдбаатар нь “...Н.Э. нь ойн санд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 135 тал/ гэсэн тул шүүгдэгч Н.Э.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Э.од 9 метр куб мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн бага оврын трактор, хөрөө, сүх зэрэг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Э. нь хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон торгох ял оногдуулахыг зөвшөөрч тохирсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 9 метр куб шинэс мод, цахилгаан хөрөө, сүх, БНХАУ-д 2004 онд үйлдвэрлэсэн бага оврын трактор зэргийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Э. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, Н.Э.оос гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Э нь түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 метр куб шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг, БНХАУ-д 2004 онд үйлдвэрлэгдсэн бага оврын улаан өнгийн тракторыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА