Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 558

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО66091307, Булгадар овогт Дэлэгийн Оюуны,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Би 1983 оны 9 дүгээр сарын 23-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Д.Гэрэлцэцэг, Д.Цэнд-Очир нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Оюун нь 1983 оны 9 дүгээр сарын 23-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дэлэгийн Оюуны 1983 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 672 дугаар “Ажилчид томилон ажиллуулах тухай” тушаалд: “...Туслах тогоочоор Д.Оюуныг томилон ажиллуулсугай” гэжээ.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Гэрэлцэцэг, Д.Цэнд-Очир нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Гэрэлцэцэгийн “Миний бие 1989 оноос 1993 он хүртэл Улаангом хотын Худалдааны трестэд 9, 15 дугаар гуанзанд тогооч, зөөгчөөр ажиллаж байсан. 9 дүгээр гуанз нь Улаангом хотын Худалдааны трестийн харьяа баазын гуанз бөгөөд 15 дугаар гуанз нь барилга трестийн гуанз юм. Намайг ажилд орох үед Д.Оюун нь 9 дүгээр гуанзанд туслах тогоочоор ажиллаж байсан. Д.Оюун нь 1989 онд хүнтэй суугаад Тэс сум руу шилжин явсан. Тухайн үед Улаангом хотын Худалдааны трестийн даргаар Цэрэннамжил, Гомбодорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэнд-Очирын “Миний бие 1976 оноос 1993 он хүртэл Улаангом хотын Худалдааны трестэд тогоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Д.Оюун нь 1983 онд Улаангом хотын худалдааны трестэд туслах тогоочийн ажилд орсон ба 1989 оныг дуустал ажилласан. Д.Оюун нь ахлах тогоочийн зааврын дагуу хоолны материалыг технологийн дагуу бэлтгэдэг байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэгч Д.Оюун нь 1983 оны 9 дүгээр сарын 23-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 672 дугаар “Ажилчид томилон ажиллуулах тухай” тушаал, гэрч Д.Гэрэлцэцэг, Д.Цэнд-Очир нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

        Иймд нэхэмжлэгч Д.Оюуны хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 9 дүгээр сарын 23-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор 6 жил 3 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Дэлэгийн Оюуны 1983 оны 9 дүгээр сарын 23-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд туслах тогоочоор 6 /зургаа/ жил 3 /гурав/ сар 7 /долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.     

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ