Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 182/2024/01800/И |
Дугаар | 210/МА2024/01523 |
Огноо | 2024-07-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/01523
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/02198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, П.С нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 23,545,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус банк нь 2018 оны 12 сарын 12-ны өдөр Б.Э, П.С нартай ********** тоот Зээлийн гэрээ-г байгуулан 15,000,000 төгрөгийг бичил бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 20.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай олгосон. Мөн зээлдэгч Б.Э нь банктай 2018 оны 08 сарын 24-ний өдөр ************ тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулан 5,000,000 төгрөгийн кредит картыг бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, 2 жил буюу 24 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 12 сарын 12-ны өдөр зээлдэгч Б.Э-ын Т дахь ******* тоот харилцах дансанд 15,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээл олгосон. Кредит карт эзэмших гэрээний дагуу 2018 оны 08 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийн картын эрхийг тус тус нээж өгсөн. Зээлдэгч нар 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ, 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш кредит карт эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй. Банкнаас зээлийн төлбөрийг төлөх мэдэгдлийг зээлдэгчид өгч, мөн биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нар бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7,186,625 төгрөг, хүүнд 6,861,823 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 208,615 төгрөг, нийт 14,257,064 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 8,218,895 төгрөг, үндсэн хүү 3,971,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765,969 төгрөг, нийт 12,956,686 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Э кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийт бэлнээр зарцуулсан 3,960,085 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 985,000 төгрөг, хүү хуримтлалаар зарцуулсан 5,601,266 төгрөг, нийт 10,546,352 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлдэгч Б.Э, П.С нараас үндсэн зээл 8,218,895 төгрөг, үндсэн хүү 3,971,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765,969 төгрөг, нийт 12,956,686 төгрөг, зээлдэгч Б.Э-аас бэлнээр зарцуулсан 3,960,085 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 985,000 төгрөг, хүү хуримтлалаар зарцуулсан 5,601,266 төгрөг, нийт 10,546,352 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, нийт 23,545,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Кредит карт эзэмших гэрээг 2018 оны 08 сарын 24-ний өдөр байгуулж, алтан кредит картыг 2 жилийн хугацаатай, зээлийн лимит нь 5,000,000 төгрөг байхаар карт эзэмшигч болсон. Банкны ажилтантай байнгын холбоотой, орлого олсон үед шууд зээлийн данс руу шилжүүлдэг байсан. Надад санхүүгийн мэдлэг байхгүй, банкны ажилтны зөвлөгөөний дагуу шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлдэг. Банкны ажилтан кредит картны талаар ерөөсөө сануулж байгаагүй, би хоёр зээлээс зэрэг хасагддаг гэж бодсон. Миний бие Сонгинохайрхан дүүрэг, **-р хороололд байрлах шөнийн захад 2018 оноос эхлэн лангуу түрээсэлж эхэлсэн. Бизнесээ өргөжүүлэхээр 2018 оны 12 сарын 12-ны өдөр ********** дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан. Хамтран зээлдэгч П.С буюу ээж минь 2019 оны 12 сард дахин цус харваж нэг тал саажилт үүсэж, асрах шаардлагатай болсон. 2020 оны 01 сард дэлхий даяар цар тахал дэгдсэн зээлээ төлөх боломжгүй болсон тул 2020 оны 02 сарын 28-ны өдөр банканд хүсэлт бичиж өгсөн. Улмаар 2020 оны 05 сард И-Март сүлжээ дэлгүүрт кассчинаар ажилд орсноор гэрээний үүргээ биелүүлэх боломж бүрдсэн боловч банкны зээлийн эдийн засагч ажил дээр ирж үймээн дэгдээснээс болж тэр өдрөө ажлаас халагдсан. Хамтран зээлдэгч П.С нь 2020 оны 09 сарын 03-ны өдөр банканд өөрийн биеийн байдлыг дурдаад, төлөх боломжтой нөхцөлөө тусгасан хүсэлт өгсөн. 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл Монгол улс даяар хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч банк хүлээж аваагүй. Хатуу хөл хорио тогтоосон, ээжийн тархинд цус харваж, байнгын асаргаатай, санхүүгийн асуудалтай үед би ээжийн тэтгэврийн зээлийг авч төлөлт хийсэн. Банкны ажилчидтай байнгын холбоотой, дуудсан цагт очдог, олсон орлогыг зээлийн дансанд шилжүүлдэг, зээлээ төлөх хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү. Миний бие үндсэн зээлээс 7,186,625 төгрөг, хүү 6,861,823 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,615 төгрөг, нийт 14,257,064 төгрөгийг төлсөн. Иймд бичил бизнесийн зориулалтаар авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,737,790 төгрөг, кредит карт эзэмших гэрээний хуримтлалаар үүссэн хүү 5,601,266 төгрөгийг хариуцагчийн нөхцөл байдлыг бодолцон хөнгөлж, бичил бизнесийн зориулалтаар авсан зээлийн үндсэн зээлийн төлбөр 8,218,895 төгрөг, кредит картын төлбөрийн үндсэн зээл 4,945,085 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохиролцож тодорхой хугацаа, график гаргаж эргэн төлөх нөхцөлтэй эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-аас үндсэн зээл 3,960,085 төгрөг, бэлэн бусаар авсан 985,000 төгрөг, хүү 5,601,266 төгрөг, нийт 10,546,352 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, нийт 10,588,352 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Э, П.С нараас үндсэн зээл 8,218,895 төгрөг, зээлийн хүү 466,922 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,733 төгрөг, нийт 8,755,551 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,737,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-аас 184,364 төгрөг, хариуцагч Б.Э, П.С нараас 155,039 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 4,737,789 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
4.1. Хариуцагч нар Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимээс олгодог Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл буюу Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг өгөөгүй.
4.2. Хариуцагч нар хүсэлтээ цахимаар өгч, Ковидын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж байсан бизнесийн зээлийн гэрээг сунгах боломжийг ашиглаагүй.
4.3. Яг ямар хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж байгаа нь тодорхой бус.
4.4.3ээлдэгч нар анхнаасаа зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгодог Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээтэй, гэрчилгээгүй 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байсан, хөл хорио тогтоосон байдаг. Мөн хариуцагч нь салбарын захиралтай өөрийн биеэр очиж нөхцөл байдлаа хэлж уулзсан, манай бараа бүтээгдэхүүнийг ажиллаагүй үеийн түрээсийн төлбөрт суутгаж авсан гэж хэлээд 5, 6 хүсэлт бичиж өгсөн нь олдохгүй байгаа. Гэтэл хэргийн материалд 3, 4 хүсэлт нь авагдсан байдаг. Түүнчлэн, зээлээ тухай бүрт нь төлж байсан. Цар тахал гарсан учраас төлөх боломж бүрдэхгүй байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Э, П.С нарт холбогдуулан бичил бизнесийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,218,895 төгрөг, зээлийн хүү 3,971,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765,969 төгрөг, нийт 12,956,686 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагч Б.Э-д холбогдуулан кредит карт эзэмших гэрээний үүрэгт бэлнээр зарцуулсан 3,960,085 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 985,000 төгрөг, зээлийн хүү 5,601,266 төгрөг, нийт 10,546,352 төгрөг, мөн нотариатын зардалд 42,000 төгрөг гаргуулах тухай шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ...зээлдэгчийн эрүүл мэндийн байдал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй болсон, банканд хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Т ХК болон Б.Э, П.С нар 2018 оны 12 сарын 12-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар жилийн 20.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар уг зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг, мөн Т ХК болон Б.Э нар 2018 оны 08 сарын 24-ний өдөр ******** тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийн зээлийн хязгаартай алтан кредит картыг 2 жилийн хугацаатай олгох, зээлдэгч нь бэлэн гүйлгээнд жилийн 36 хувийн хүү, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
Хэрэгт 2018 оны 12 сарын 12-ны өдрийн ******* тоот Барьцааны гэрээ авагдсан байх боловч нэхэмжлэгч нь тус гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5. Хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын тухайд болон нэхэмжлэгч талаас гаргасан зээл, хүүний тооцоололтой маргаагүй.
6. Зээлдэгчийн эрүүл мэндийн байдал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нараас шаардах эрхтэй.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 зүйлийн 225.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ...хариуцагч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтээ гаргасан байх тул нэхэмжлэгч нь тухайн хүсэлт гаргасан өдөр хүртэл хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй... гэж буруу дүгнэж, улмаар 2022 оны 08 сарын 28-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох бөгөөд хэрэгт ийнхүү хугацаа тогтоосон талаарх баримт авагдаагүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалт нь зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамаараад хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх агуулгатай байна.
8. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/02198 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...8,755,551... гэснийг ...12,956,684... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...155,039... гэснийг ...222,257... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 90,760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР