Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2024/02018/И |
Дугаар | 210/МА2024/01620 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01620
2024 08 16 210/МА2024/01620
Б.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02977 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Тгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Лд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,549,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Т.Т миний бие Т.Лтэй харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр, 10,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүүг гэрээний 3.3-т 3 сарын хугацааны турш 13 хувь буюу 1,300,000 төгрөг байхаар тохирч 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үндсэн 10,000,000 төгрөгийн хамтаар өгөхөөр тохиролцсон.
...Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, 22 сарын хугацааны хүү 27,300,000 төгрөг, нийт 37,300,000 төгрөг төлөх ёстойгоос 11,140,000 төгрөг төлсөн. Т.Л нь өмнөх зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг энэ зээлийн гэрээний төлбөртэй холиод байсан учир гүйлгээ болгоныг аль зээлд тооцож өгсөн болохыг тодорхой байдлаар тайлбарлаж өгсөн.
Талуудын хооронд 2022.05.23-ны өдөр 355 тоот 11,500,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 15%-ийн хүүтэй гэрээ байгуулагдсан. Уг гэрээний үүрэгт ...нийт 17,150,000 төгрөг төлснөөр дуусгавар болсон. Энэ гэрээний үүрэгт 23,775,000 төгрөг төлөх ёстой боловч миний зүгээс Т.Лд өгөх 4,000,000 төгрөгийг суутгаж тооцоод гэрээг дуусгавар болохоор тохиролцсон.
Харин 2022.05.23-ны өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2022.05.23-2022.12.22-ны өдөр хүртэл огт төлөлт хийхгүй байж байгаад 12 сараас... нийт 11,140,000 төгрөг төлсөн. Энэхүү төлсөн 11,140,000 төгрөгийг хүүд тооцсон.
Иймд хариуцагч Т.Лгээс 356 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 4,549,996 төгрөг, нийт 14,549,996 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Бид 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 13%-ийн хүүтэй зээлж Б.Тгөөс авсан. Уг зээлийг миний бие дараах байдлаар төлж дуусгасан.
Үүнд: 2022.06.07-ны өдөр 5111042756 тоот данс руу 500,000 төгрөг, 2022.06.26-ны өдөр 5064181009 тоот данс руу 800,000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 5595096093 тоот данс руу 1,000,000 төгрөг, 2022.07.31-ний өдөр 5595096093 тоот данс руу 600,000 төгрөг, 2022.09.01-ний өдөр 5371014152 тоот данс руу 1,000,000 төгрөг, 2022.10.11-ний өдөр 5360323377 тоот данс руу 10,000,000 төгрөг, нийт 13,900,000 төгрөгийг үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан.
Нэхэмжлэгч нь дээрх дансны дугаарыг /messenger/ чатаас явуулсан тул миний бие тус данс руу шилжүүлдэг байсан.
Харин бидний хооронд байгуулагдсан 11,500,000 төгрөгийн, 0355 тоот зээлийн гэрээний тухайд сарын 15%-н хүүтэй, 7 сарын хугацаатай байсан. Уг гэрээний үүргийг дараах байдлаар төлж дуусгасан. Үүнд:
2022 оны 02 сарын 11-ны өдөр 5935300278 тоот данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр 5360351951 тоот данс руу 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нэхэмжлэгч Б.Тд зээлдүүлсэн 4,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үнийн дүнгээс хасаж тооцохоор тохиролцсон. ...нийт 17,390,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
...Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул Б.Тгийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 4,549,996 төгрөг, нийт 14,549,996 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.Лгээс 2,760,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,789,996 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 59,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдсонгүй гэж үзэв... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Хариуцагч нь 2022.05.23 өдрийн 356 тоот Зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 13%-ийн хүүтэй зээлсэн. Тус гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн төлбөр, хүү нийт 13,900,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстой.
...356 тоот гэрээний үүрэгт 13,900,000 ...төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон.
...Нэхэмжлэгч нь хариу тайлбарт дурдсан дансаар мөнгө хүлээж авсан талаар маргаагүй, маргаагүй үйл баримтыг тогтоогдсон үйл баримт хэмээн үзнэ.
Харин аль гүйлгээ нь аль зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн талаар маргаан гардаг. Хариуцагчийн зүгээс шилжүүлсэн мөнгөн төгрөг дээрх хоёр зээлийн гэрээний үүргийг бүгдийг төлж дуусгасан гэж үзэж байна...
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дугаар 02977 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад шилжүүлсэн гүйлгээний болгонд тайлбар гаргаж, ямар гэрээний үүрэг биелэгдсэн, одоогийн байдлаар хэдэн төгрөгийн зөрүү авах ёстой талаарх тайлбарыг хэргийн материалд хавсаргаж өгсөн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,549,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3. Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т.Лтэй 355 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3 /гурав/-н сарын хугацаатай, сарын 13 хувийн хүүтэй, мөн 356 тоот зээлийн гэрээ байгуулж 11,500,000 төгрөгийг 7 /долоо/-н сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй тус тус зээлэхээр харилцан тохиролцжээ.
Эдгээр зээлийн гэрээнээс зохигчид зөвхөн 356 тоот буюу 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлөгдөж дууссан эсэх талаар маргасан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 11,500,000 төгрөгтэй холбоотой хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь талуудын зарчимд нийцнэ.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн байх ёстой.
Анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн хариуцагч Т.Лгийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр Т.Л нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор үндсэн зээл 10,000,000 төгрөгийг 3 /гурав/-н сарын хугацааны хүү 3,900,000 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр нийт 13,900,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, зээлдэгч Т.Л нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.Болорчимэгийн Хаан банк ХК дахь 5111042756 тоот дансанд 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Х.Анхбаатарын 5064181009 тоот дансанд 800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т.Өнөрболорын 5595096093 тоот дансанд 1,000,000 төгрөг, мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Э.Ундрахнарангийн 5360323377 тоот дансанд 10,000,000 төгрөгийг тус тус төлжээ.
5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримт, мөн Б.Тгийн тайлбараар нэхэмжлэгч нь дээр дурдсан төлбөрүүдийг бусдын дансаар дамжуулан хүлээн авсан нь тогтоогдсон байх тул зээлдэгч Т.Лг зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид төлсөнд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн зүгээс 13,900,000 төгрөгийг төлсөн баримтад үзлэг хийлгэх шаардлагагүй, эдгээр төлбөрийг хүлээн авсан гэсэн байх тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх нь зүйтэй.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэн, хуулийн этгээд нарын хоорондын нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээний зээлдүүлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний зээлдүүлэгчийн нэгэн адил хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхийг эдлэхгүй.
Тийм учир нэхэмжлэгчийн зээлдэгчийн төлсөн төлбөрийг зээлийн хүүнд суутгах буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү төлөх үүрэгтэй гэсэн тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Т.Лгээс зөвхөн 3 /гурав/-н сарын хүү шаардах эрхтэй юм.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Тгийн гаргасан хариуцагч Т.Лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,549,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.МАНДАЛБАЯР