| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00549/И |
| Дугаар | 559 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 559
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС65021808, Бөө овогт Дагвадоржийн Оюунчимэгийн,
Охин Б.Нэргүйг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1986 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат О.Болдтой гэр бүл болж, 1986 оны 11 дүгээр сарын 16-нд охин Б.Нэргүйг, 1987 оны 9 дүгээр сарын 15-нд хүү Б.Оюунбаатарыг, 1989 оны 8 дугаар сард охин Б.Одонтуяаг, 1990 оны 12 дугаар сарын 02-нд охин Б.Оюунсайханг тус тус төрүүлсэн ба бага хүү Б.Цагаанбаатарыг 2010 онд үрчилж авсан юм. Миний бие нь 4 хүүхэд төрүүлсөн ба охин Б.Одонтуяа, Б.Нэргүй нар өвчний улмаас нас барсан болно. Манайх 1993 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Даланхуруу багийн нутаг “Харганы амын дэвсэг” гэх нэртэй газар ганц гэрээр өвөлжиж байсан ба охин Б.Нэргүй тухайн үед 6 настай, их сэргэлэн охин байсан юм. Гэтэл охин Б.Нэргүй маань 1993 оны хавар 3 дугаар сарын 10-ны үед гэнэт халуурч, хэл ам нь татаж, 2 өдөр айлгасан ба бид хөдөө байсан тул охиноо аваад сумын төвийн эмнэлэгт үзүүлэхэд найдваргүй гэсэн онош тавьсан. Ингээд эмнэлэгт хэвтүүлээд үүр цайх үед нас барсан юм. Тухайн үед бид маш их уй гашууд автаж охиноо нас барсан талаар бүртгүүлэх сөхөөтэй хүн ч байгаагүй. Нөхөр бид хоёр нас барсны бүртгэлд бүртгүүлдэг талаар мэдэхгүй байсан бөгөөд нас барсных нь дараа бүртгэлээс хасчихдаг гэж ойлгож байсан юм. Би том охиноо төрөхөд нь төрсний бүртгэлд бүртгүүлж байсан бөгөөд талийгаач охин Б.Нэргүйг 1993 онд нас барахад төрсний гэрчилгээ нь байсан юм. Охиноо нас барсны дараа бид ламаас асууж байгаад хувцас хунар болон төрсний гэрчилгээг нь хэрэг болохгүй гээд шатаачихсан юм. Энэ жил би 51 настай бөгөөд 50 настайдаа тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдөхөд миний охин Б.Нэргүйгийн төрсний гэрчилгээ олдохгүй байсан бөгөөд охиныг маань төрсний бүртгэлд, мөн нас барсны бүртгэлд ч бүртгээгүй болохыг мэдсэн. Сумын нийгмийн даатгалын хэлтэс намайг охин Б.Нэргүйг 1986 онд төрүүлсэн мөн 1993 онд нас барсан болохыг тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний охин Б.Нэргүйг 1986 оны 11 дүгээр сарын 16-нд төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 6 нас 4 сартайдаа нас барсан болохыг тогтоож өгнө үү. Энэ талаар сайн мэдэх нутгийн иргэн З.Жавзанхорлоо, Э.Туяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь охин Б.Нэргүйг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Улсын, бүртгэл статистикийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 411/000786 дугаар лавлагаанд: “Отгоны Болд, Дагвадоржийн Оюунчимэг нар 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 1986 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолтод: “Дагвадорж овогтой Оюунчимэг нь 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус сумын эмнэлэгт 3,2 кг жинтэй, 51 см өндөртэй охин хэвийн төрүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтод: “Болд овогтой Нэргүй нь 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын эмнэлэгт төрсөн бөгөөд 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 6 настайдаа сумын эмнэлэгт нас барсан болно” гэжээ.
Увс аймгийн Улсын, бүртгэл статистикийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/801 дүгээр лавлагаанд: “Болд овогтой Нэргүйгийн төрөлтийг Цагаанхайрхан сумын 1986-1988 оны төрөлтийн журналаас, нас баралтыг 1993-1995 оны нас баралтын журналаас шүүгээд олдоогүй болно” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Жавзанхорлоо, Э.Туяа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Жавзанхорлоогийн “Д.Оюунчимэгийн нөхрийг Болд гэдэг ба 1986 оноос эхлэн манайх малаа Болдынд маллуулдаг байсан. Болдынх манайх хоёр дээр үеэс нэгнийгээ мэддэг байсан бөгөөд төрсөн ах дүү шиг хүмүүс юм. Д.Оюунчимэг нь 4 хүүхэд төрүүлсэн ба одоо хоёр хүүхэд нь эсэн мэнд амьдарч байгаа бөгөөд хоёр хүүхэд нь нас барсан. Тухайн үед манайх Цагаанхайрхан сумын төвд байсан ба бид Болдынхоор байнга очдог байсан. О.Болд, Д.Оюунчимэг нарын анхны хүүхэд буюу Б.Нэргүй нь 1986 оны 11 дүгээр сард Цагаанхайрхан сумын Хүн эмнэлэгт төрсөн. 1993 оны 3 дугаар сард би талийгаач нөхөр Багаахүүгийн хамтаар Цагаанхайрхан сумын төвд гэртээ байж байтал Д.Оюунчимэгийн дүү Ганхуяг хөдөөнөөс Болд ахын охин Нэргүй халуураад дуудлага дуудахаар ирлээ гэсэн мотоцикльтой ирсэн. Ингээд бид дуудлагаа өгчихөөд миний бие нөхөр Багаахүү, Ганхуяг нарын хамт Болдын гэр лүү явсан. Тухайн үед Болдынх Харганы амны дэвсэг гэх газар хаваржиж байсан. Бид Болдынд очиход охин Нэргүй нь халуураад таталт өгсөн байдалтай байсан. Бид охиныг аваад буцаад Цагаанхайрхан сумын Хүн эмнэлэгт очсон боловч охин Б.Нэргүй эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Миний бие нь тухайн үед тэр хүүхдийн ажил явдалд өөрийн биеэр оролцсон” гэх мэдүүлэг, гэрч Э.Туяагийн “Манай талийгаач нөхөр Ганбаатар бид хоёр 1985 оноос 2000 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж тус суманд амьдарч байсан. О.Болд, Д.Оюунчимэг нартай манайх гэр бүлийн найз нөхдийн холбоотой, байнга нэг нэгнийхээрээ орж, гардаг байсан. Д.Оюунчимэг нь 4 хүүхэд төрүүлсэн боловч одоо хоёр хүүхэд нь эсэн мэнд амьдарч байгаа бөгөөд хоёр хүүхэд нь нас барсан. О.Болд, Д.Оюунчимэг нарын анхны хүүхэд буюу Б.Нэргүй нь 1986 онд Цагаанхайрхан сумын Хүн эмнэлэгт төрсөн. 1993 онд Болдын том охин Б.Нэргүй нас барсан талаар нөхөр бид хоёр найз нөхдөөсөө сонсоод тэднийд очиж байсан. Тэгэхэд охин Нэргүйгийн ажил явдал нь дууссан байсан ба охин маань халуураад таталт өгөөд, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан гэж Д.Оюунчимэг ярьж байсан” гэх мэдүүлгүүд тус тус хэрэгт авагджээ.
О.Болд, Д.Оюунчимэг нарын охин Б.Нэргүйгийн төрсний болон нас барсны бүртгэл бүртгэгдээгүй болох нь Увс аймгийн Улсын, бүртгэл статистикийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/801 дүгээр лавлагаагаар тогтоогдож байна.
О.Болд, Д.Оюунчимэг нарын гэр бүлд охин Б.Нэргүй нь 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолтууд, гэрч З.Жавзанхорлоо, Э.Туяа нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж, түүний охин Б.Нэргүйг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар Болдын Нэргүйг 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрж, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ