Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1548

 

Д.Дэслэгчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дэслэгчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Эрдэнэтуулд холбогдох

 

Худалдаж авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлж авахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Дэслэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам

Хариуцагч С.Эрдэнэтуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Дэслэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дэслэгч нь өөрийн эзэмшлийн 95-25 УНР улсын дугаартай Ниссан тино маркийн автомашинаа зарна гээд арын шилэн дээрээ зар тавиад явж байтал Н.Онцгэрэл тааралдаж, 7 000 000 төгрөгөөр зарна гэхэд хариуцагч нь зөвшөөрч авахаар тохиролцсон. С.Эрдэнэтуул нь нөхрийн хамт гутал засварын газраа томруулахаар зээл авах болж манай эхнэрийн дүү Л.Гэрэлмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Н.Онцгэрэлийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлэн авч 2012 оны 8 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас 10 000 000 төгрөгийн зээл авч, машины төлбөрт 7 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн өдрөө автомашиныг биетээр авсан. Өөрөөр хэлбэл 2012 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл бараг 4 жилийн хугацаанд эзэмшиж байна. Хариуцагчтай худ ураг байсан учраас автомашиныг бичиг баримтын хамт өгсөн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр автомашиныг түүний нэр дээр шилжүүлэхэд гэрээ хэрэгтэй учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл тэрээр одоог хүртэл өөрийн нэр дээр эзэмшиж байгаа автомашинаа шилжүүлэн авахгүй байгаа бөгөөд ийнхүү шилжүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь автомашины татвар төлөх, замын мөнгө төлөх, даатгал хийлгүүлэх, магадгүй зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэм, өөрчлөгдөн шинэчлэгдэж жолоочийн хариуцлагын асуудал чангарч байгаа тул худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч С.Эрдэнэтуул шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн гэх автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг гэрээний зүйл болох 95-25 УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашин нь Д.Дэслэгчийн нэр дээр байдаг боловч жинхэнэ зарсан эзэн нь Л.Болормаа болохыг Прокурорын 2 удаагийн шалгалтаар тогтоогдсон. Мөн Л.Болормаа, Д.Дэслэгч нар гүтгэж их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хандсан байгаа тул энэ машиныг нэр дээр шилжүүлж авбал тэр мөнгийг нь төлөх үндэслэл болох учир зөвшөөрөхгүй. Л.Болормаа энэ машинаа надад зарах зорилгоор өөрийн дүүгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээгээр нөхөр Н.Онцгэрэлийн нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагаас 10 000 000 төгрөгийн зээл авахуулан 7 000 000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Сүүлд энэ худалдах-худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. 95-25 УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашин чанарын шаардлага хангаагүй, үзлэг оношлогоонд ороогүй, бичиг баримт хүлээлгэж өгөөгүйгээс ашиглах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдаж авсан 95-25 УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлж авахыг хариуцагч С.Эрдэнэтуулд даалгах тухай нэхэмжлэгч Д.Дэслэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Дэслэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нотлох баримтыг зөв үнэлж үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй болно. Учир нь автомашин худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн автомашин бичиг баримтаа бүрэн шилжүүлснээр үүргийн харилцаа дуусгавар болсныг шүүх тухайн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаар хариуцагч миний авотомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад 4 жил унаж элэгдэл хорогдолд оруулан ашиглачихаад одоо авахгүй мөнгөө буцаан авах гэж арга саам хийсэн байгаад шүүх шударгаар дүгнэлт хийж чадаагүйд харамсаж байна. Миний бие 4 жил ашиглуулсан элэгдэл хоргодол зэргийг тооцож хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй. Иймд тус шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.Дэслэгч нь хариуцагч С.Эрдэнэтуулд холбогдуулан 95-25 УНР улсын дугаартай, Ниссан Тино маркийн автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Ниссан Тино маркийн 95-25 УНР улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Эрдэнэтуул нь нэхэмжлэгч Д.Дэслэгчээс 7 000 000 төгрөгөөр худалдан авч, гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн /хх-3/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нотариатаар гэрчлүүлсэн уг гэрээнд худалдаж авсан автомашины төлбөрийн тооцоо дууссан талаар тэмдэглэгээ хийгдсэн байна.

 

Зохигчид гэрээний зүйл болох 95-25 УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Дэслэгчээс  хариуцагч С.Эрдэнэтуулд шилжүүлсэн, хариуцагч үнийг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

Харин уг автомашины бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөөгүй, автомашин оношлогоо үзлэгт ороогүй, эвдрэлтэй байсан учраас хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авах, ашиглах боломжгүй байсан талаар хариуцагч Л.Эрдэнэтуул маргасан боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх маргааны зүйл болох Ниссан Тино маркийн 95-25 УНР улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн боловч худалдагч тал уг автомашины бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөөгүй, автомашин оношлогоо үзлэгт ороогүй, эвдрэлтэй байсан, автомашины үнэ 7 000 000 төгрөгийг Д.Дэслэгч бус, Л.Болормаад шилжүүлэн өгсөн буюу худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, хариуцагч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, ашиглах боломжгүй байсан гэж дүгнэжээ.

 

Маргаж буй автомашиныг хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн тул хариуцагчид Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “...хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж зааснаар тээврийн хэрэгсэл өмчлөгч нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн байгууллагад бүртгүүлнэ. Иймд хариуцагч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

 

Хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь уг хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар заасан Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх дүгнээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

 Нэхэмжлэгч Д.Дэслэгчийн хувьд өмчлөлд нь байхгүй болсон тээврийн хэрэгслийн бүртгэлийн шилжүүлэг хийлгэхийг хариуцагч С.Эрдэнэтуулаас шаардах эрхийн үндэслэлээ уг эд хөрөнгийг эзэмшихтэй холбоотой үүсч буй үүрэг, эрсдлээс чөлөөлөгдөхийн тулд эрх бүхий байгууллагад Ниссан Тино маркийн 95-25 УНР улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Эрдэнэтуул өөрийн нэр дээр бүртгүүлэх шаардлагатай талаар тайлбарласан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар дээрх хуульд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч С.Эрдэнэтуулаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан  95-25 УНР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг С.Эрдэнэтуулд даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Д.Дэслэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА