Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0642

 

2019 оны 12 сарын 09 өдөр           Дугаар 221/МА2019/0642                          Улаанбаатар хот

А.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу А.Б-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах, хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

1. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй бүхий шаардлагыг хангаагүй талаар

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дугаартай шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт “ ... Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэх заалтыг баримталсан бөгөөд тухайн үед энэхүү тушаалтай нэхэмжлэгч маргаагүй болох нь ... нотлогдож байна” гэж, мөн хэсэгт “... 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах заалтад хамаарахгүй болно” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа үндэслэж буй Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаартай тушаал нь утга, агуулгын илэрхий алдаатай болно. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн А.Б нь биеэ эмчлүүлж сувилуулах шаардлагаар 1 жилийн чөлөө хүссэн байхад Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаа гаргахдаа 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд хэрэглэгдэг хуулийн заалтыг үндэслэл болгосныг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь анхан шатны шүүх тухайн тушаалын утга агуулгыг харгалзан үзэлгүйгээр хэлбэрийн төдий дүгнэсэн гэж үзэж байна. Мөн Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь иргэн А.Б-ийг төрийн албанаас түр чөлөөлөөгүй байхад шүүх А.Б-ийг төрийн албанаас түр чөлөөлсөн гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаар

Анхан шатны шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зарлагдсан байсан бөгөөд нэхэмжлэгч хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон бөгөөд уг шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр томилсон. Шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулах зорилгоор шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан 2 өдрөөр хойшилсныг мэдээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар, утсаар цахимаар болон бусад ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын зарлага, төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар томилогдон ажиллажээ.

Улмаар Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.1, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4.1.11 дэх заалт, А.Б-ийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өөрийнх нь өргөдлийг тус тус үндэслэн нэхэмжлэгчид 1 жилийн хугацаатай чөлөө олгосон байна.

1. Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгчид түр чөлөө олгох бус төрийн албанаас түр чөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх “Хэдийгээр тушаалынхаа тогтоох хэсэгт 1 жилийн хугацаагаар чөлөө олгохоор заасан боловч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-ийн “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах заалтад хамаарахгүй болно” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаар тушаал нь нэхэмжлэгчид эрүүл мэндийн шалтгаанаар буюу биеэ эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон тул 1 жилийн чөлөө олгоход зорьсон акт байх хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “... төрийн албанаас түр чөлөөлнө” гэж заасныг үндэслэн гаргасан буюу тухайн тушаалыг гаргахдаа зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үр дагавар үүсгэсэн байх тул үндэслэл бүхий акт гэж үзэхээргүй байна.

Захиргааны байгууллага нэхэмжлэгчид 1 жилээс дээшгүй хугацаагаар эмчлүүлэх чөлөө олгохдоо, төрийн албанаас түр чөлөөлөх харилцааг зохицуулсан хуулийн заалт үндэслэн захиргааны акт гаргасан алдаа нь нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохгүй хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчих үндэслэл болохгүй.

Хариуцагч нь энэ тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах буюу шалтгаан арилсан, эсхүл хугацаа дууссаны дараа албан хаагч урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн ажил албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь чөлөө авсан 1 жилийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ажилд орох хүсэлтээ гаргасан байх тул нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилох урьдчилсан шаардлага хангагдсан байна.

2. “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилтан албан хаагчдыг томилох тухай” А/11 дүгээр тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийг чөлөөтэй байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэндийн сайдын хүрээнд байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийг хамт шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан “Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр, тооцоо хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан “Тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагч” болж буюу албан тушаал нь өөрчлөгдөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжсэн байна.

Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шинэчлэн байгуулагдан, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг шилжих үеэр нэхэмжлэгч нь хууль ёсны чөлөөтэй байсан тул нэхэмжлэгчид нэмэлт шаардлага тавигдах хууль зүйн үндэслэлгүй учир хариуцагч болон гуравдагч этгээдийн Тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагч”-ын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д заасны дагуу А.Ц нь нэхэмжлэгчийн ажил, албан үүргийг түр орлон гүйцэтгэх байсан тул А.Ц-г тухайн албан тушаалд томилсон Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/50 дугаар тушаал хуульд нийцээгүй, түр чөлөөтэй байсан нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах, хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дүгээр ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, чөлөө дууссанаас хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д  зааснаар  шүүх  хэрэглэвэл  зохих  хуулийг  хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ