Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 266

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Г,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн Засаг даргаар Д.Пг томилсон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нй, өмгөөлөгч Н.Нар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мл, А.Да, гуравдагч этгээд Д. итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ата, гэрч С.Доа, Ч.М, Ч. хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүн гарсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анхдугаар хуралдаанаар зарлан 53,7 хувийн ирцтэйгээр хуралдаж төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгож, Засаг даргад нэр дэвшигчийг тодруулан томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бод санал болгосон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/3767 тоот албан бичгээр 

1. Дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрээр хасагдсан 6 хүнийг хуралд оролцуулсан.

2. МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийг хуралд оролцуулаагүй.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7 “...нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн.

Иймд бид дахин 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 90,2 хувийн ирцтэйгээр дахин хуралдаж Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж холбогдох материалыг дахин хүргүүлсэн. Гэтэл дээрх 3 үндэслэлийг дурдаж хуулийн шаардлага хангагдаагүй нөхцөлд Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй болохыг мэдэгдэж албан бичиг ирүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бын энэ үйлдэл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээг үгүйсгэж дүүргийн Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн Д.Пг дүүргийн Засаг даргад томилох үүргээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авсанаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэх заалтыг биелүүлээгүй хууль зөрчсөөр өнөөг хүрч байгаа нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад хохирол учруулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “...дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах...”, 18 дугаар зүйлийн 18.1.2 б-д” Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэн батлах, ...”, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 “сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 8.5.4 “сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн тул Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргаар Д.Пг томилох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: 

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд тодорхойгүй байгаа ба нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай Дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолтой холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тул эдгээр тогтоолуудтай холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй тул эдгээр тогтоолуудтай холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.П болон Э. нарыг хэн хэнийг нь томилохгүй гэсэн тайлбар, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд байгаа болно.   

Учир нь 2016 оны сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас 22 нэр дэвшигч, Монгол Ардын намаас 19 нэр дэвшигч хамгийн олон санал авч сонгогдсон юм. Дүүргийн сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолуудыг гаргаж, Ардчилсан намаас нэр дэвшигч ялалт байгуулсан Б.Сл, Ш.Г, Д. А.Түан, А.Эрн, М.Мэ, нарийн 6 нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус тогтоол гаргасан болно.

Дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолуудыг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг дарга “Ажлаас чөлөөлөх тухай Б/45 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжуудыг гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалаас Д.Пг чөлөөлж, дүүргийн Засаг даргаар А.БАг томилох тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэнд халдсан, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёс, шудрага ёс, тэгш байдлын зарчим болон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/45, Б/46 дугаар захирамж нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолыг” тус тус үндэслэн гаргасан гэжээ.

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар “дүүргийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх” тухай асуудлаар хэлэлцэж, А/05 дугаар тогтоол гарсан. Тус А/05 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргаар Даваахүүгийн Пүрэвдавааг дахин нэр дэвшүүлхээр шийдвэрлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар 05 дугаар тогтоол гэх шийдвэр огт гаргаагүй, Э.БАг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлээгүй болно.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч хуралдаж, А. анг дүүргийн Засаг даргаар томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байгаа юм. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 төлөөлөгчтэй бөгөөд Монгол Ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дангаараа төлөөлөх эрх зүйн чадамжгүй юм. 

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга үндэслэн дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх тухай захирамж гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.7, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай Б/46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор нэр бүхий 35 төлөөлөгчийг сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосон байх бөгөөд дүүргийн сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсний дагуу төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг тус дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурал хүлээн зөвшөөрч тогтоол гаргах учиртай.

Гэтэл өнөөг хүртэл тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад ирүүлээгүй байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7- дах хэсэгт “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан.

Улсын Дээд шүүхийн 2009 оны “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт “Хурлын нийт төлөөлөгч гэснийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогдогчдыг хэлнэ” хэмээн тайлбарласан байдаг.

Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарын дагуу тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тухайн хурлаас бүрэн эрхийг нь баталгаажуулсан хэдэн төлөөлөгч оролцсон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль, Улсын Дээд шүүхийн тайлбарын дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэх нь төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэрээс шууд хамааралтай байна.

Дүүргийн сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсний дагуу төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, уг шийдвэрийг үндэслэн гарсан дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хүчин төгөлдөр шийдвэрийг зохих журмын дагуу өнөөдрийг хүртэл тус хурлаас Нийслэлийн Засаг даргад ирүүлээгүй болно.

Иймд Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, хэмээн хуульчлан тогтоосон тул харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан ажиллах учиртай засаг төрийн төлөөлөгчийн хувьд хуулийн шаардлага хангагдаагүй хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 6.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Засаг даргын албан бичгийг хууль бус гэж тооцуулахаар дээд шатны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 62, 68 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 20 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 26 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 6 нэр дэвшигч өөрөө, эсхүл тэдгээрийн шадар туслах, ухуулагч нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ.

Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу дүүргийн Сонгуулийн хороо хуралдаж, нэр дэвшигч Б.Саруул, А.Түмэннасан, М.Мэндбаяр, Ш.Г, А.Эрдэнэсайхан, Д.Уламбаяр нарыг сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 02 дугаар шийдвэрийн төслөөс хассан шийдвэр гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлснийг тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр уламжилсан. Тодруулбал Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дараах тогтоолоор дор дурдсан нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан байна.

 

Нэр дэвшигчийн нэр

Тойргийн дугаар

Сонгуулийн хорооны тогтоолын огноо, дугаар

1

Б.Са

1

2017.02.23 №10

2

А.Тү

5

2017.02.23 №15

3

М.М

5

2017.02.23 №14

4

Ш.Г

5

2017.02.23 №16

5

А.Э

10

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар захирамж, Сонгуулийн хорооны тогтоол гараагүй байна.

6

Д.У

41

2017.02.23 №11

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрээр тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.4.4-д заасны дагуу 41 төлөөлөгчтэй байхаас Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу 35 нэр дэвшигчийг /МАН-19, АН-16/ төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулж, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”. Гэж заасны дагуу 35 төлөөлөгчийн МАН-19 төлөөлөгч ирснээр тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно. Учир нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолын 9 дэх заалтаар “Хурлын нийт төлөөлөгч” гэдгийг Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогчдыг хэлнэ” гэж тайлбарласан.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан бичиг зэргийг үндэслэн нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийг баталсан.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэмэл хуудас дээр тус дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор нэрийн жагсаалтаас хасагдсан Ш.Г гарын үсэг зурж тамга дарж байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгаа бөгөөд Ш.Г нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрхгүй болохыг шүүх анхаарах нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчилсан тул харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоожийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хуулийн шаардлага хангаагүй хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилуулахаар ирүүлсэн саналыг авах боломжгүй. Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийг баталсан тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлд дээрх маргааныг хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолтой холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг дарга “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45, Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 24-нд болсон Анхдугаар хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад Э.БАг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бан зүгээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн зарим тойргууд дээр маргаантай байсны улмаас маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл Засаг даргын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн байр сууриа амаар илэрхийлсэн тул Э.БА томилогдоогүй байсан. Энэ хугацаанд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан Сонгуулийн хорооны 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолууд анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Мөн түүнтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох, орон нутгийн Сонгуулийн маргаантай байсан Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 7 нэр дэвшигчийн захиргааны зөрчилтэй холбоотой маргаан эрүүгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01, 02, 03, 04, 05, 06, 07 тоот тогтоолуудаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, мөн энэ хугацаанд Баянзүрх дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 5 нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараасан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэн тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 тоот тогтоолуудаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Ш.Г, Б.Са, Д.Улр, М.Мэ, А.Түан нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч, төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгон дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргасан байна. Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дээрх тогтоолуудыг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Анхдугаар хуралдааны 05 тоот тогтоолоор өргөн барьсан Э.БАг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон Б/46 тоот захирамж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пг чөлөөлсөн Б/45 тоот захирамж нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.БАг дэвшүүлсэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоол гараагүй Д.Пг дахин нэр дэвшүүлсэн А/05 тоот тогтоол гарсан гэх үндэслэлээр Д.Пг дүүргийн Засаг даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүрэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар Тэргүүлэгчдийн тогтоолоор товлосон боловч хуралдаж чадаагүй. Учир нь дүүргийн Сонгуулийн хорооны 55-60 дугаар тогтоолоор Ардчилсан намын 6 нэр дэвшигчийг хасч, дахин сонгууль явуулах болсон байсан. Нэр бүхий 6 нэр дэвшигчид түр үнэмлэх олгогдоогүй байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхдугаар хуралдаанаар Сонгуулийн хорооны тогтоолоор хасагдсан 6 нэр дэвшигчийг хуралдааны танхимаас гаргаж хуралдах ёстой гээд хуралдаагүй. Бид хуучин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар дараагийн Анхдугаар хуралдааныг хэдийгээр товлосон талаарх шаардлага хүргүүлэхэд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/49 тоот тэргүүлэгчдийн тогтоолоор 22 цагийн үед Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагт товлогдсоныг мэдсэн. Ийнхүү 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч хуралдааны танхимд ирсэн боловч Ардчилсан намын төлөөлөгчид огт ирээгүй. 

Бид хурлын ажлын алба, хурлын дарга, Ардчилсан намын бүлэг рүү холбогдсон боловч хариу өгөөгүй тул тухайн өдөр хуралдаж чадалгүй тарсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын зарыг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Өмнөх 2 хуралдааны зарыг тогтоолоор бидэнд хүргүүлсэн. Бидэнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хурал товлогдсон талаар мэдэгдсэн. Бид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хурал болоогүй тул 11 дүгээр сарын 24-ний өдөр анхдугаар хуралдаанд суух гэж байна гэсэн ойлголттой очсон. Тэгэхэд хоёрдугаар хуралдаан хийнэ гэсэн. Бид анхдугаар хуралдаан хийнэ гэдэг дээр хоорондоо маргалдаж, Ардчилсан намын 16 төлөөлөгч хуралдааны танхимаас гарч явсан. Монгол ардын намын төлөөлөгчдийн зүгээс анхдугаар хуралдааныг хийх санал гаргасны дагуу бид үргэлжлүүлэн хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдаанаар дүүргийн Сонгуулийн хорооноос ирж, сонгуулийн дүн болон тайлан, бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр оруулж ирсэн 35 төлөөлөгчийн нэрсийг сонсоогүй өнгөрсөн тул бид анхдугаар хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Ингээд 19 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхдугаар хуралдааныг хийж, Сонгуулийн хорооны тайланг сонсож, 35 төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Г.Атармааг сонгож, хуралдааны дэгийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргад Э.БАг нэр дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад уламжилсныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.БАг томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан “Ш.Г нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд дүүргийн Сонгуулийн хорооноос Ш.Гийг сонгуулийн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хассан, гэтэл шүүхэд дүүргийн иргэдийн хурлын дарга гэж өөрийгөө үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм”  Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж бид үзэж байгаа  тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх  тайлбарын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Г нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах үед эрх бүхий байгууллагаас Ш.Гийг сонгуулийн хууль зөрчсөн талаар ямар нэгэн  шийдвэр гараагүй байсан тул захиргааны хэргийн шүүхээс Ш.Гийг сонгуулийн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй тул хэргийг цааш хэлэлцсэн болно. 

Мөн хариуцагчаас гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх тайлбарын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1 “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3 Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал, нотлох баримтыг үндэслэн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандах шаардлагагүй гэж үзсэн болно.  

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн Засаг даргаар Д.Пг томилсон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор өмнөх Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна” гэсний дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/50 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна.

 Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдуулсан байх бөгөөд зөвхөн Ардчилсан намаас нэр дэвшсэн төлөөлөгчид хуралдаж Сонгуулийн ерөнхий хорооноос авсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэгт 41 төлөөлөгч томилогдсон гэж үзэн 41 төлөөлөгчөөс 22 хүн хуралд ирсэн, ирц 83.8 хувьтай гэж үзээд дүүргийн Засаг даргад Д.Пг нэр дэвшүүлэн баталж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1/368 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 01/3767 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “..Дээрх хуралдаанд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55, 56, 57, 58, 59, 60 дугаар тогтоолуудаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалт болон сонгуулийн дүнгээс хасагдсан нэр бүхий 6 иргэнийг оролцуулсан, тус дүүргийн Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулаагүй зэрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэн татгалзсан хариуг хүргүүлсэн байна. 

Дээрх шаардлагын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/02 дугаар тогтоолоор 2 дугаар хуралдаанаа  дахин хийж Д.Пг дүүргийн Засаг даргад томилуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1/389 дүгээр албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дахин хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/4129 тоот албан бичгээр “...дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад ирүүлээгүй, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн хурлаас бүрэн эрхийг нь баталгаажуулсан хэдэн төлөөлөгч оролцсоныг тодруулах, мөн дүүргийн Сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсний дараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, уг шийдвэрийг үндэслэн гарсан дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хүчин төгөлдөр шийдвэрийг зохих журмын дагуу яаралтай ирүүлэх нь зүйтэй байна. Хуулийн дээрх шаардлага хангагдаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй” гэдгээ илэрхийлж хариу өгсөн нь үндэслэлтэй байна.

 Учир нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно”, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж, шинээр сонгогдсон дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж заасан эрхийг дүүргийн сонгуулийн хороонд олгосон байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн хуульд заасны дагуу шийдвэрийн төсөл боловсруулж “шинээр сонгогдсон ...дүүргийн хуралд.....” өргөн мэдүүлнэ гэж заасан байхад шууд өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар  2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг  хүлээн зөвшөөрөх тухай 61 дүгээр тогтоол гарган 35 нэр дэвшигчийн бүрэн эрхийг баталгаажуулсан  байх бөгөөд түр үнэмлэх олгосон эсэх нь холбогдох нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Дүүргийн Сонгуулийн хороо хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байхад Ардчилсан намаас нэр дэвшсэн 22 төлөөлөгч анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хоёр удаагийн хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 Мөн дээрх 2 удаагийн хуралдаанд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид дангаараа оролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж болон “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай Б/46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргад Энхтайван овогтой БАг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж улмаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 02 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.БАг томилуулахаар өргөн мэдүүлсэн байна.

Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б/45 дугаар захирамжаар Д.Пг “Ажлаас чөлөөлөх тухай”, Б/46 дугаар захирамжаар Э.БАг “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” захирамжуудыг тус тус гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Д.Пг томилох боломжгүй гэж татгалзаж байсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/4129 тоот албан бичигт дурьдсан  үндэслэл шалтгаан арилаагүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Э.БАг томилохоор шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй байна.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Д.Пг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай А/04 дүгээр тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Пг дахин нэр дэвшүүлэх тухай А/05 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргад Э.БАг  нэр дэвшүүлэх тухай 05 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”, 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлд заасны дагуу гарсан эсэх, процессийн хувьд алдаатай эсэхийг шалгаж тогтоогоогүйн дээр  ижил огноотой  2 янзын тогтоол гаргасан байхад Э.БАг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилж шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Мөн маргаан дагуулж буй гол эрх зүйн акт болох Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/05, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, дүүргийн анхдугаар хуралдаан хэдний өдөр хэдэн цагт, хэдэн гишүүнтэй хуралдсан, ямар хэлбэрээр болсон, хурлын товыг хуульд заасан журмын дагуу дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт тараасан эсэх, дүүргийн сонгуулийн хорооны 61 дүгээр тогтоол үндэслэлтэй талаар талууд хэн аль нь ч маргаагүй байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/45, Б/46 дугаар захирамжуудад талууд маргаж байгаа нь Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчим алдагдахад хүрсэн байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “аймаг, нийслэл....Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэсэн хуулийн шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байхад хууль зүйн хувьд маргаантай хурлын тогтоолд үндэслэн  Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б/45, Б/46 дугаар захирамжуудыг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/45, Б/46 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох” тухайн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”, 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 25 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/45 дугаар захирамж, “Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай” Б/46 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох санал хүргүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн Засаг даргаар Д.Пг томилсон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                            

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ