Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 560

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1082-б тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОК59120107, Ханхөхий овогт Чимэдийн Амархүүгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Ч.Амархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1959 онд төрсөн, 57 настай. Би 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд няраваар ажиллаж эхэлсэн. Дараа нь 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тус нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Мөн 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар 1989 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан үеийн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд нярав, гуанзанд бэлтгэгч, Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ч.Амархүү нь 1980 оны 9 дүгээр сарын 15-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд нярав, гуанзанд бэлтгэгчээр, Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чимэдийн Амархүүгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд нярав, гуанзанд бэлтгэгчээр, Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар тус тус ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

    Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн захиргаанаас Ч.Амархүүд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд няраваар ажиллуулав, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэгдлийн аж ахуйн няравын ажлаас чөлөөлөв, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр ажиллуулав, 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэгдлийн гуанзны бэлтгэгчийн ажлаас чөлөөлөв, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр сумын эмнэлэгт сав угаагчаар ажиллуулав, 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хүн эмнэлэгийн сав угаагчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.

       Увс аймгийн Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд: “Эмнэлэгт сав угаагчийн орон тоо гарсан тул Чимэд овогтой Амархүүг 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ.

  Түүнчлэн Ч.Амархүүгийн 626578 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: “Түүний 1980 оноос 1993 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин, төлж байсан татвар бичигджээ”.

     Ч.Амархүү нь 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

     Нэхэмжлэгч Ч.Амархүү нь 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд нярав, гуанзанд бэлтгэгч, Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Өндөрхангай сум дахь сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаал, 626578 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Ч.Амархүүгийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 9 дүгээр сарын 15-наас 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд няраваар 2 жил 1 сар 13 хоног, 1982 оны 10 дугаар сарын 28-наас 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр 1 жил 7 сар 12 хоног, 1984 оны 6 дугаар сарын 13-наас 1989 оныг дуустал Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар 5 жил 6 сар 17 хоног, нийт 9 жил 2 сар 12 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

    Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Ханхөхий овогт Чимэдийн Амархүүгийн 1980 оны 9 дүгээр сарын 15-наас 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд няраваар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 13 /арван гурав/ хоног, 1982 оны 10 дугаар сарын 28-наас 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн гуанзанд бэлтгэгчээр 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 12 /арван хоёр/ хоног, 1984 оны 6 дугаар сарын 13-наас 1989 оныг дуустал Өндөрхангай сум дахь Сум дундын эмнэлэгт сав угаагчаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоног, нийт 9 /ес/ жил 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.             

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ч.Амархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ