Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01621

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01621

 

 

 

Э.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц, өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилж Э.Ц миний өмчлөлийн орон сууцыг Буфа үнэлгээ ХХК нь шинжээчээр үнэлгээ хийж, гаргасан үнэлгээний тайлан, тайланг гаргасан зарчим, аргачлал, тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1-д заасан шударга байх, бодитой байх зарчимд нийцэхгүй, хуульд заасан үнэлгээний стандарт, аргачлалд нийцэхгүй байна.

Төлбөр төлөгч миний бие өөрийн орон сууцаа 520,000,000 төгрөгөөр үнэлж байгаа ба манай хотхоны орон сууцууд одоо зарагдаж байгаа байрны 1 м.кв нь 3,700,000 төгрөгөөс дээш үнээр худалдаж байгаа тул энэхүү үнээр тооцоход манай орон сууцны үнэ 440,000,000 төгрөг болж байгаа тул дээрх шинжээчийн үнэлгээг бодит бус, миний хөрөнгийг маш доогуур үнэлсэнг зөвшөөрөхгүй байна. Иймээс Э.Ц миний өмчлөлийн төлбөрт хураагдсан орон сууцны үнийг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын томилсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугааp сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00668 магадлалаар Э.Ц, М.Э нараас 263,174,641 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай Хан-Уул дүүрэг, ............. хороо, ........... гудамж, ................ дүгээр байр, ...... тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэгдүгээрт, нэхэмжлэгч Э.Ц миний бие шүүх хуралдаанд өвчний улмаас оролцох боломжгүй болж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулан биечлэн оролцуулах хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх ...нэхэмжлэгч өмгөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэтгэлцэж байх тул гээд хүсэлтийг хүлээн аваагүй нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Түүнчлэн 2024 оны 6 сарын 13-ны өдөр шүүхэд ...хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар 2024 оны 6 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар ...шүүхээс үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох нь ач холбогдолгүй байх тул гээд хүсэлтийг мөн л хүлээн аваагүй, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

Мөн хэргийн 6 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан ба анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гээд хүлээн авахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсан боловч шүүгч түүнийг хүлээн аваагүй төдийгүй, тус хүсэлтийг Ерөнхий шүүгчээр ч шийдвэрлүүлээгүй хууль зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёрдугаарт, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын томилсон Буфа үнэлгээ ХХК-ийн гаргасан 2024 оны 3 сарын 19-ны өдрийн 011 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга байх, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэсэн зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал-ыг баримтлаагүй, 7.2.2-д заасан дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлал-ыг огт баримтлаагүй, 7.2.3-т заасан барьцааны зориулалттай үнэлгээний журам, аргачлал-ыг баримтлан хууль зөрчиж тайланг гаргасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3, 8.3.4, 8.3.9, 8.3.11, 8.3.12 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул хөрөнгийн үнэлгээний тайлан хууль тогтоомж, стандарт, үнэлгээний журам, аргачлалын дагуу гүйцэтгээгүй байтал анхан шатны шүүх нь үнэлгээний тайлан хуульд нийцсэн гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын томилсон Буфа үнэлгээ ХХК-ийн гаргасан орон сууцны барьцаат зээлийн шийдвэрүүдийг дэмжих зориулалттай гүйцэтгэсэн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээнд тавигдах тусгай шаардлага-ыг хангаагүй, ...түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2023 оны 7 сарын 27-ны өдрийн хамтран баталсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ыг огт баримтлаагүй, үндэслээгүй, шинжилгээ хийх үе шат, арга зүйн дагуу гүйцэтгээгүй байтал анхан шатны шүүх үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. гэж дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Иймд, 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02662 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг удаа дараа хангаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч тухайн хөрөнгийг 300 гаруй сая төгрөгөөс илүү үнэтэй гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд хугацаа авах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сунгаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь эрх зүйн мэдлэг дутуу учраас шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож байна. Мөн өмгөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд заавал нэхэмжлэгчийн байлцуулах шаардлагагүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч нь манай байгууллагаас зээл авах үедээ авдаг боловч зээл төлөх ажиллагааг удаашруулж байна. Мөн өмнөх зээлтэй холбоотой маргаанд удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэх болон хураах ажиллагааг 2, 3 удаа удаашруулж байсан. Уг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Шт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00014 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00668 дугаар магадлалаар хариуцагч Э.Ц, М.Э нараас 263,174,641 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн ............. хороо, ........... гудамж, ................ дүгээр байр, ...... тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Ш нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 984 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ............. хороо, ........... гудамж, ................ дүгээр байр, ...... тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр битүүмжилж, мөн оны 3 дугаар сарын 6-ны өдөр хураан авчээ /х.х-ийн 28-29, 40, 42-43, 46-47/.

 

4. Улмаар төлбөр төлөгч Э.Ц нь 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 520,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХК нь эс зөвшөөрч, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хариуцагч Ш хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/19 тоот тогтоолоор Буфа үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчийн Ц.Оийг шинжээчээр томилсон байна.

 

Хөрөнгийн үнэлгээний Буфа үнэлгээ ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тайланд дурдсанаар дээрх орон сууцыг 398,667,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр төлөгч Э.Ц нь уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ /х.х.-ийн 58-82/.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Э.Ц нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд бөөрний хурц дутагдал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай баримтыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрх нь түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа үндэслэлээр зөрчигдөхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхэд нийцээгүй байна.

 

Тодруулбал, дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн нэгэн адил эрх ашиг нь хөндөгдсөн этгээд биш, харин Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж буй этгээд юм.

 

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

6. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчийг татгалзсан хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй. Учир нь, хэргийн оролцогчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр шүүгчийг татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчихгүй.

 

Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоолд тодорхой тайлбарласан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

7. Мөн шүүх нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэхэд хяналт тавих ба барьцаа хөрөнгийн үнэлгээ зах зээлийн бодит үнэтэй нийцэж байгаа эсэхийг талууд нотлох үүрэг хүлээх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгахгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

 

8. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР