Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0122/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                                 Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                                        Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-т холбогдох 1939001350122 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баялаг хурх ХХК-нд уурын зуухны машинист ажилтай,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Баялаг хурх ХХК-ны Хурх чандмань захын хашаанд сахиулын байшинд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Ц /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хурх захын хашаанд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш-ийг гэрийнхээ халуун пийшин рүү түлхэж, нүүрэнд нь гараараа цохиж зүүн шуунд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц нь согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт Хурх захын хашаанд өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш-ийг гэрийнхээ халуун пийшин рүү түлхэж, нүүрэнд нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

1. Хохирогч Ш-ийн мөрдөн байцаалтанд өгсөн... Би Ц гэх хүнтэй 2000 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд танилцаад одоог хүртэл хамтран амьдарч байна.... Манай нөхөр Ц 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн нилээн согтолттой, гуйвж дайвсан байдалтай гэртээ орж ирсэн. Тэгээд би нөхөр Ц-ын хамт 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хурх захын баруун талд Хөдөө аж ахуйн манаач айл болох Эрдэнэ-Очирынд 20 цагийн үед орсон... бид гурвыг айлд ороход Эрдэнэ-Очир, эхнэр Туяа, Отгоо, Билгээ гэх манай нөхөртэй уурын зууханд хамт ажилладаг 2 залуу дөрөв халамцуу Нийслэл нэртэй 2.5 литрийн том пиво задлаад ууцгааж байсан... тэгээд байж байтал Болороо гэх миний таньдаг эгч 98599000 дугаараар надруу залгаад би гэрийн чинь гадаа ирчихээд байна. Хаана байна хүрээд ир гээд байсан учир 21 цагийн үед би 3 настай хүү Ш.Есөн-Эрдэнэ болон нөхрийгөө түшээд хашаандаа орсон. Болороо хашааны гадаа хүлээгээд байж байхаар нь би дуудаад Болороогийн хамтаар дөрвүүлээ гэртээ орцгоосон... Намайг галаа түлж байхад нөхөр маань гэнэт чи намайг юу гэж бусадтай хардаад байгаа юм гээд халуун пийшин рүү түлхчихсэн. Би түлхүүлээд нүцгэн гараараа пийшэнд хүрч  арьс маань түлэгдэж маш их хорсож эхэлсэн.... би гэрээс гараад гүйтэл манай хашааны хойд хэсэгт хашаан дотор баригдаж байгаа барилгын нэг давхар дотор Ц намайг барьж аваад баруун гараас минь зүүн гараараа барьж байгаад баруун гараараа зүүн нүдрүү нэг удаа хүчтэй цохьсон.... тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан, баруун бугалганы гадна хэсэгт түлэгдсэн....гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/

 

2. Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн... Тэгээд удалгүй Ш намайг Ц халуун пийшин рүү түлхээд зүүн гарыг маань түлчихлээ гээд орж ирсэн. Тэгээд л гараад явсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дугаар хуудас/

 

3. Гэрч С.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн... ... тэгээд 23 цагийн үед Ш ирээд Ц сая согтуудаа намайг гэрийн маань халуун пийшин рүү түлхчихсэн гэж хэлсэн. Харахад зүүн гарын шууны гадна хэсэгт нь цэврүүтэж 20 орчим см хэсэгт түлэгдсэн байсан. Тэгээд гэрлүүгээ харилаа гээд явахаар нь би гэрт нь оруулж өгье гэж бодоод Шийн араас гэрт нь очтол Ц нь халамцуу байсан. Тэгээд эхнэр болон намайг хаагуур хамт янхандаж яваад ирэв гээд агсам тавьж чангаар ярьж эхэлсэн. Энэ үед Шрэнцэцэг миний 98818611 дугаарын гар утсаар маань цагдаагийн газрын 102 дугаарт залгаж дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дугаар хуудас/

 

4. Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт....

- Шийн биед зүүн шуунд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Цын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Шийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц нь эмчилгээний төлбөрт 600.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн тухай банкны баримт /хх-ийн 32 хуудас/-аар тогтоогдож байгаа ба хохирогч Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 56 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ГАНЗОРИГ