Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 561

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-10 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ТЖ65102906, Шангас овогт Батаагийн Тогтуурын,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тогтуур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Б.Тогтуур шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал тус нэгдэл тарсан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул 1981 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэлх хугацаанд Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Тогтуур нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Батаагийн Тогтуурын 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Эрдэнэдэлгэрийн “Миний бие 1977 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.Тогтуур нь 1981 оноос 1989 оныг дуустал Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний бие нь тухайн үед Б.Тогтуурын аав Батаагийнд өвс, тэжээл, давс, хужир хүргэж өгөхөөр очдог байсан ба тэгэхэд Б.Тогтуур нь аав, ээжийн хамт голдуу хонь малладаг байсан. Тухайн үед Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Намсрайжав, Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч З.Цэрэндолгорын “Миний бие нь 1971 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Миний бие эмэгтэйчүүдийн сонгуульт ажил болон мал төллөлтийн үеэр хөдөө бригадуудаар явахад Б.Тогтуур нь Говийн хөгжил нэгдэлд аав ээжийнхээ хамтаар мал малладаг байсан. Б.Тогтуур бид хоёр нэг суманд ажиллаж байсан учир түүний малчнаар ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Б.Тогтуур нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Б.Тогтуурын хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шангас овогт Батаагийн Тогтуурын 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Тогтуурын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ