Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн 1938000110176 дугаартай хэргийг  2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Э-, 

Шүүгдэгч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрийг шилжих шөнө Х сумын Х дүгээр багийн нутаг Х гэх газар  иргэн Б.Б-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрийг шилжих шөнө Х сумын Х дүгээр багийн нутаг Х гэх газар  согтуурсан үедээ хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би      2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Баян-Улааны ар гэх газарт өөрийн гэртээ бага зэргийн архи уучихсан байдалтай унтаж байтал шөнийн 01:00 цагаас 02:00 цагийн үед манай нутгийн Гэндэнсүрэн гэх айлд мал маллаж байсан Цагаач гэж хүний хүүхэд Дондог гэх залуу болон Гэндэнсүрэн гэх айлын гэрт морь тэжээж маллаж байсан ойролцоогоор 17-18 орчим насны эрэгтэй хүүхэд нар манай гэрт орж ирсэн.Тэгтэл Дондогтой хамт явж байсан эрэгтэй хүүхэд шанагаар миний цээж болон нүүр рүү хүйтэн ус асгахаар нь би цочоод сэртэл Дондог надад хандан "Дээр үеийн адуучид миний аавыг насаар нь дарамтлаж байсан, одоо ихэнхи нь үхчихсэн байгаа, одоо амьд үлдсэн хүмүүсийг нь чамаас эхлээд бүгдийг нь ална" гэж хэлээд гараараа миний нүүрний гол хэсэг рүү цохиод дараа нь шанаа хэсэг болон чих хэсгүүд рүү олон удаа цохиж зодтол миний хамраас цус гарахаар нь би Дондогт хандаж "Би цорын ганц эр хүн нь биш, хүүхэд багачуудтай хүн шүү” гэж хэлээд гэрээсээ гараад Батцоож гэдэг хүүхдийнхээ гэр лүү явган гүйгээд зугтах гэж байтал миний араас Дондогтой хамт явж байсан эрэгтэй хүүхэд мотоцикльтой ирээд "Миний араар суу таныг хүүгийн чинь гэрт хүргээд өгье" гэж хэлэхээр нь мотоцикль дээр нь суутал буцаад манай гэр рүү яваад оччихсон....Би согтуудаа Ц.Э-г “хулгайч” гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Үүнд л Ц.Э- дургүйцээд намайг зодсон юм шиг байсан...Миний биеийн байдал одоо хэвийн болсон, одоогоор өвдөж зовиурлах зүйл алга байна. Би гомдолгүй байна. Ц.Э- нь миний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулахаар болж, надаас уучлалт гуйсан. Тийм болохоор би түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-29-р тал/

Гэрч Г.С-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны                 12 дугаар сарын 19-ний өдөр байх /сайн санахгүй байна/.  Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Б.Б- гэж айлын гэрт өглөө 10:00 цагийн үед очих үед Б.Б- ах ганцаараа гэртээ сууж байсан. Намайг орох үед Б.Б- ахын нүд нь хөхөрчихсөн байсан.Тэгэхээр нь би “Б.Б- ах аа, та наад нүүр гараа угаа, усаар жин тавьбал хавдар чинь гайгүй болох юм биш үү” гэж хэлсэн.Тэгээд би Б.Б- ахаас “таныг хэн ийм болтол зодчихсон юм бэ” гэж асуутал “намайг Дондог зодсон. Намайг нэгдэлд мал малладаг адуучин байх үед Дондогийн аав Цагаач гэж хүн бид хоёрын дунд асуудал байсан юм, түүнээс болсон юм шиг байна” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 19-нд өглөө 10 цагийн орчимд Б.Б- ахын 2 нүд нь хөхөрчихсөнн, уруул нь хавдсан, хацар нь хавдсан ирэхээр нь “яачихсан юм бэ та” гэж асуухад шөнө унтаж байхад “Дондог зодчихлоо” гэсээр орж ирээд цайгаа уугаад манайд үлдсэн. Би эхнэрээ дагуулаад сумын төв рүү орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Гэрч Ц.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ц.Э- нь миний төрсөн дүү байгаа юм. Ц.Э- нь одоогоор Говь-Алтай аймгийн Цогтцэций суманд өөрийн эхнэр, хүүхдийнхээ хамт мал маллан амьдарч байгаа. Ц.Э-гийн эхнэр нь Говь-Алтай аймгийн Цогтцэций суманд амьдардаг хүн учраас манай дүү эхнэр хүүхэдтэйгээ хамт байгаа юм...Манай дүү Ц.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын сүүл үед өөрийн төрсөн дүү Энхтуяатай уулзах зорилгоор манай гэрт ирсэн юм.Тэгээд манай гэрт байх хугацаандаа Б.Б- гэж хүнтэй маргалдаад зодоон хийсэн гэж би хүнээс сонссон... Хэд хоногийн дараа Ц.Э- надтай утсаар холбогдсон.Тэгээд надтай ярихаар нь би “чамайг цагдаагаас асууж сураад байна.Чи наашаа ирж энэ асуудлаа шийд” гэж хэлтэл “би уг нь очиж асуудлаа шийдүүлмээр байна. Даан ч надад зардлын мөнгө олдохгүй байна. Мөнгөтэй болохоороо би яваад очъё” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

Гэрч Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

Шүүгдэгч Ц.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хохирогч Б.Б- ахыг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б- ах намайг “хулгайч”-аар маань дуудаад байсан учраас л уурандаа цохичихсон юм. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа. Б.Б- ахаас уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амласан байгаа...Намайг хүмүүс Ц.Э- гэдэг нэрээр маань мэдэхгүй. Харин Цагаачийн Дондог гэдэг нэрээр маань сайн мэднэ. Гэр бүлийнхэн маань намайг бага байхаас эхэлж Дондог гэж дууддаг байсан, би ч гэсэн тэр нэрэндээ дассан байсан учир хүмүүст өөрийгөө Дондог гэж танилцуулдаг байсан...Би Б.Б- ахын эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулахаар болж ярьж тохирсон байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны                        12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай: Б.Б-гийн биед зүүн гайморын урд дотор хананд цууралт,тархи доргилт, зүүн хөмсөгний гадна үзүүр, хамрын нуруу. зүүн хацар баруун хацар, баруун чихний дэлбэн, баруун доод зовхины гадна буланд зулгарал, баруун дээд зовхи баруун хацар, зүүн дээд зовхи зүүн хацар, баруун бугалганы дотор дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн уйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна Б.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Зүүн гайморын урд дотор хананд цууралт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Дүгнэлтийн 3 дахь хэсэгт заасан Б.Б-гийн биед үүссэн гэмтэл нь...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэж бичилтийн алдаа гаргасан байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрийг шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Баян Улааны өвөр гэх газар согтуурсан үедээ хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ц.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000110176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938000110176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР