Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 572

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-93 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ60110376, Булгадар овогт Бадамын Пүрэвдоржийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 55 настай. Би 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт цагаан онгоц цэнэглэгч машины жолоочоор анх ажилд орсон ба түүнээс хойш тасралтгүй 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан билээ. Манай байгууллага намайг анх ажилд ороход Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт нэртэй байсан ба дараа нь “МИАТ” нэгтгэл, “МИАТ” ХК, Нисэх онгоцны буудал, “Дэглий цагаан” нисэх буудал болж нэр нь байнга өөрчлөгдөж байсан. Гэтэл би шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа цэнэлэгч машин барьж байсан материалаа олж чадаагүйгээс зөвхөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон бусад материалаар Увс аймаг дахь агаарын тээврийн газарт жолоочоор ажиллаж байсан гэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр онгоц цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан баримтуудаа олж авсан. Би анх Увс аймаг дахь агаарын тээврийн газарт цагаан онгоц цэнэглэгч машин хүлээн авч өнөөг хүртэл байнга онгоц цэнэглэж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс болон нутгийн ард түмэн сайн мэднэ. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүнд хагалгаанд орсон байсан учир ажиллаж байсан байдалтай холбоотой материалаа сайн эрж хайж чадаагүй юм. Иймд 1990, 1998, 2000 онуудад цэнэглэгч машиныхаа дэргэд авахуулсан гэрэл зураг, торх, ёмкостны байдалд үзлэг, шалгалт хийсэн актууд,  ТЗА-7.5-5334 маркийн онгоцны шатахуун цэнэглэгч автомашины тусгай тоног төхөрөөмжид хийх улирлын техникийн үйлчилгээний наряд, Увс аймгийн “Миат” ХК-ийн Төлөөлөгчийн газарт ашиглагдаж байгаа МОЦ-ТЗ-7.5-5334 маркийн 87-35 УВА улсын дугаартай онгоцны шатахуун цэнэглэгч автомашины техникийн байдалд үзлэг хийсэн техникийн комиссын акт зэргийг үндэслэн намайг 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, “МИАТ” нэгтгэл, “МИАТ” ХК, Нисэх онгоцны буудал, “Дэглий цагаан” нисэх буудалд тус тус онгоц цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, “МИАТ” нэгтгэл, “МИАТ” ХК, Нисэх онгоцны буудал, “Дэглий цагаан” нисэх буудалд онгоц цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь тушаалуудын хуулбар, баярын бичиг, аваргын диплом, гэрч Ү.Түмбээ, Д.Одгэрэл нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Б.Пүрэвдоржийн 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт тус тус жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хүсэлт гаргасныг Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор хүлээн авч, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоожээ.

       Нэхэмжлэгч Б.Пүрэвдоржоос гаргаж ирүүлсэн баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудад дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг онгоц цэнэглэгч машины жолоочоор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

     Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Нисэхийн жолооч Бадамын Пүрэвдоржийн 1991 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, 1993 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байх боловч тухайн саруудаас өөр цалингийн баримтууд архивт шилжиж ирээгүй болох нь тус тасгийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар лавлагаанд дурдагдсан байна.

      Түүнчлэн Б.Пүрэвдоржид 1995 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Агаарын тээврийн газрын захиргаанаас 1994 оны болзолт уралдаанд ажилттай оролцож, байгууллагын “Хөдөлмөрийн аварга” болсныг баталгаажуулсан “Аваргын диплом”, 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Иргэний агаарын тээвэр үүсч хөгжсөний 40 жил, Нисэх төв буудал байгуулагдсаны 10-н жилийн ойг тохилдуулан баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасан тухай “Баярын бичиг” гэх баримтууд эх хувиаараа авагджээ.

    Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ү.Түмбээ, Д.Одгэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ү.Түмбээгийн “Би Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт 1989 оноос манаачаар ажиллаж байхад Б.Пүрэвдорж нь 1989 оны 11 дүгээр сараас эхлэн Агаарын тээврийн газарт жолоочоор ажилд орж байсан. Б.Пүрэвдорж нь Агаарын тээврийн газарт 1989 оны 11 дүгээр сараас 2015 оныг дуустал ажиллаж байгаад өвчний улмаас ажлаас гарсан. Би одоо ч Агаарын тээврийн газартаа ажиллаж байна. Б.Пүрэвдорж нь ажилдаа идэвхи зүтгэлтэй шагнал урамшуулал их авдаг байсан. 1994 онд хөдөлмөрийн аврага болж байсныг санаж байна. Увс аймгийн Агаарын тээврийн газрын даргаар Ц.Дашдорж, Х.Долгорсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Одгэрэлийн “Б.Пүрэвдорж нь Увс аймгийн Агаарын тээврийн газарт 1989 оны 11 дүгээр сараас эхлэн сумлагчийн жолоочоор ажилд орж байсан. Би Агаарын тээврийн газарт 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаа. Б.Пүрэвдорж нь 2015 оныг дуустал ажиллаж байгаад өвчний улмаас ажлаас гарсан. Б.Пүрэвдорж нь манай байгууллагын тэргүүний ажилчин байсан. Шагнал урамшуулал их авч байсан. Бид хамтдаа ах дүү шиг Агаарын тээврийн газарт 1989 оноос 2015 оныг дуустал хамт ажилласан учраас сайн мэднэ. Увс аймгийн Агаарын тээврийн газрын даргаар Ц.Дашдорж, Х.Долгорсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх, шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

    Б.Пүрэвдоржийн 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 107033 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 09  тоот “Үр дүнгийн шагнал олгох тухай” тушаал, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 тоот “Ажил өөрчлөн түр томилох тухай” тушаал зэрэг баримтуудад Б.Пүрэвдоржийг жолоочоор ажиллаж байсан талаар тэмдэглэжээ.

      Б.Пүрэвдоржийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн торх, ёмкостны байдалд үзлэг, шалгалт хийсэн актууд,  ТЗА-7.5-5334 маркийн онгоцны шатахуун цэнэглэгч автомашины тусгай тоног төхөрөөмжид хийх улирлын техникийн үйлчилгээний наряд, онгоцны шатахуун цэнэглэгч автомашины техникийн байдалд үзлэг хийсэн техникийн комиссын акт зэрэг баримтуудад түүнийг онгоцны шатахуун цэнэглэгч автомашины жолоочоор ажиллаж байсан талаар дурджээ.

      Иймд дээрх бичгийн баримтууд болон баярын бичиг, аваргын диплом, гэрч Ү.Түмбээ, Д.Одгэрэл нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийг 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, “МИАТ” нэгтгэл, “МИАТ” ХК, Нисэх онгоцны буудал, “Дэглий цагаан” нисэх буудалд тус тус онгоц цэнэглэгч машины жолоочоор 26 жил 2 сар 18 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 848 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.        

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Бадамын Пүрэвдоржийн 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газар, “МИАТ” ХК, Нисэх онгоцны буудал, “Дэглий цагаан” нисэх буудалд тус тус онгоц цэнэглэгч машины жолоочоор 26 /хорин зургаа/ жил 2 /хоёр/ сар 18 /арван найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ