Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01625

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01625

 

 

 

Э НҮТББ, С ХХК

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/02354 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э НҮТББ, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

 

16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай байгууллага 2019.01.16-ны өдөр Х ХХК-тай 34-01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...

Гэтэл ...талуудын хооронд байгуулсан гэрээгээ цуцалж манай байгууллагаас гэрээний урьдчилгаанд төлсөн 7,956,000 төгрөгөө гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2022 оны 184/ШШ2022/00639 дугаартай шийдвэрээр шийдвэрлүүлсэн.

Ингээд зуухаа буцааж авах гэтэл байхгүй, төмрийн хогонд тушаачихсан гэж хэлээд буцааж өгөөгүй учраас зуухны үнэ 12,000,000 төгрөг, учир хохирол 4,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...Талуудын хооронд байгуулсан гэрээнд зуухыг Замын-Үүдээс Улаанбаатар хүргэх талаар тусгагдаагүй, мөн эдний АСЭ-8 зуух нь тохирлын гэрчилгээгүй, улсын байцаагчийн төлөв байдлын дүгнэлт гаргаагүй болох нь Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдээр тогтоогддог.

Манай компани АСЭ-8 маркийн зуухыг төмрийн хогонд тушаасан зүйл байхгүй. Ажиллахгүй байгаа зуухаа буцаан татаж авахыг Эд удаа дараа сануулж байсан бөгөөд Замын-Үүдэд байгууллагын хашаанд одоо хүртэл байж л байгаа, нэхэмжлэгч өөрсдөө очоод авах боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 12,000,000 төгрөг /арван хоёр сая/-ийг гаргуулж нэхэмжлэгч Э НҮТТБ болон С ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 4,000,000 төгрөг /дөрвөн сая/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.01.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

... Х ХХК-ийн зүгээс уг зуух одоо ч суурлиулж байсан газартаа буюу Замын үүдэд байгааг тайлбарлаж, нэхэмжлэгч нарыг удаа дараа авахыг шаардаж байсанаа тайлбарлаж нотлосоор байхад үгүйсгэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.

...Зуухыг өгөхгүй гэсэн зүйл байхгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэл болгосон хэрнээ биет байдлаар нь буцаан өгөхөөр шийдвэрлэх ёстой атал мөнгийг нь бүтнээр гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтад Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэснийг үндэслэсэн нь үүргээ зөрчөөгүй манай талыг буруутгах ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна.

...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд талуудын хүсэл зоригийг зөв тайлбарлаж, талуудын тайлбартай уялдсан байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, хариуцагчийн үүргийг зөв тодорхойлж чадаагүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлагад нийцээгүй шийдвэр гаргажээ.

Иймд, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...хариуцагч талаас зуухыг буцаан авах гэтэл хариуцагч тал зуухыг өгдөггүй, төмрийн хогонд тушаасан гэж хэлж маргаан үүсгэдэг. Хариуцагч тал заавал өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлэх зорилгоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд удаа дараа гомдол гаргадаг боловч хариуцагч талд шийдэж хэргийг анхан шатны шүүх рүү буцаадаг. Маргаан бүхий зуух нь 2500 м.кв газрыг халааж чадахгүй гэж тайлбарладаг боловч миний зүгээс зуухаа буцаан авч өөр хүнд 1500 м.кв газрыг халаахаар худалдах хүсэлтэй байхад зуухыг буцаан өгдөггүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э НҮТББ, С ХХК нараас хариуцагч Х ХХК-д холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Э НҮТББ, С ХХК нар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х ХХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 2,500 м.кв талбайг халаах хүчин чадалтай нүүрсээр халаадаг АСЭ-8 маркийн зуухыг 12,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 68-70/.

 

Гэвч уг гэрээтэй холбоотой иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаахыг талуудад даалгаж шийдвэрлэсэн 184/ШШ2022/00639 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Э НҮТББ болон С ХХК нар худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан 7,956,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-д буцааж өгсөн талаар зохигчид маргаагүй ба харин хариуцагч нь тус 2,500 м.кв талбайг халаах хүчин чадалтай зуухыг нэхэмжлэгч нарт буцааж өгөөгүйтэй холбоотой хохиролд 12,000,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д тус тус зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд хэрэв биет байдлаар буцаах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

5.1. Нэхэмжлэгч Э НҮТББ, С ХХК болон хариуцагч Х ХХК нар 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр акт үйлдэж, хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өөрийн компанийн эзэмшлийн зочид буудалд суурилуулсан зуухыг тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирж нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, тэдгээрээс тээвэрлэлтийн зардлыг авахаар харилцан тохиролцсон /х.х-ийн 36-40/.

 

5.2. Хэдийгээр хариуцагч тал 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн тоног төхөөрөмжийг өөрийн компанийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, Амгалан дахь хашаанд буулгаж, энэ талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэсэн акт үйлдсэн байх боловч зуухыг тээвэрлэж авчирсан болон ирж авах талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, мөн тоног төхөөрөмж хэвийн байгаа гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна /х.х-ийн 73/.

 

Иймээс хариуцагч талыг гэрээгээр шилжүүлэн авсан тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас АСЭ-8 маркийн зуухны үнийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэхдээ худалдах, худалдан авах гэрээний үнийг үндэслэснээс гадна шаардах эрхэнд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцалснаас учирсан хохирлыг шаардах эрхийн зохицуулалтыг талуудын маргааныг шийдвэрлэхэд хэрэглэхгүй.

 

6.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар талууд гэрээ цуцалснаас өгсөн, авсан зүйлийг буцаах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч худалдах, худалдан авах гэрээний ашиг шингэсэн үнэ /ашиг/-ийг шаардах эрхгүй юм.

 

Тодруулбал, тус хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол.....төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар тухайн тоног төхөөрөмжид учирсан бодит хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд АСЭ-8 маркийн зуухны өртгийг 8,000,000 төгрөг гэж тайлбарласан. Иймд, талуудын тайлбар, хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч Х ХХК-аас хохиролд 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/02354 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэн хариуцагч Х ХХК-аас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э НҮТББ, С ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 заалтад 206,950 гэснийг 142,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР