Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн  1938002490171 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Б-, 

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.М-г гараар цохих зэргээр зодож, тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.М-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад Х сумын Дөрөлж хорооллын гудамжинд надтай хамт явж байсан Батнай гэх залуу намайг “чи манай ахын 3 шарыг Нямжанцантай нийлж хулгай хийсэн” гэж гүтгээд намайг заамдаж аваад гараараа нүүр лүү 2-3 удаа цохиж зодсон юм. Тэгээд би Батнайд хандан “чи одоо согтуу байна, эрүүл болоод надтай уулзаарай” гэж хэлсэн...Тэр үед Батнай бид хоёрын хажууд Энхбаатар, Хишигбаяр гэдэг манай нутгийн хоёр залуу хамт байж байсан. Би маргааш өглөө нь Батнайгийн ээж болох Лхагвасүрэн гэдэг хүнийг дагуулж очоод Батнайтай уулзаад түүнд хандаж “чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ, би цагдаад өргөдөл гаргалаа” гэж хэлэхэд тоосон шинжгүй юу ч дугараагүй...Тухайн үед миний зүгээс заамдалцсан боловч түүний хуруу гар нь урт болохоор миний нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон...Миний биед Батнайд цохиулсанаас болж баруун нүд, зүүн шанаа хэсэгт хавдсан байна...Би гомдолтой байна. Намайг зодсон Батнайгаас аймаг руу орж эмнэлэгээр үзүүлсэн зардлаа л нэхэмжилж байна. Миний аймаг руу орж үзүүлж харуулахад гарсан нийт зардал 175.000 төгрөг болсон. Түүнийгээ нэхэмжилж байна...Мөн дахин эмчилгээ хийлгэхэд гарахад шаардагдах зардлаа нэхэмжилнэ. Нэлээд олон толгой тархины эм бичиж өгсөн түүнийг нь би одоогоор хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Зарим эм нь манай суманд байхгүй байна билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р тал/

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 3 сарын 18-ны орой 22 цагийн үед нэг багийн Батнайтай хамт мотоциклиор Дөрөлжин дээр явж байгаад тус багийн харъяат Х.М-тэй тааралдаад юунаас болсоныг нь мэдэхгүй хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн Х.М- мотоциклоосоо бууж ирсэнээ Батнайгийн толгой хэсэг рүү нь пивоны саваар цохисон. Тэгэхэд Батнай мотоциклоосоо буугаад Х.М-гийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Би тэгэхэд нь тэр хоёрыг салгах гэж нэлээд ноцолдоод салахгүй болохоор нь орхисон юм. Тэр хоёр хоорондоо бие биенээ харилцан цохилцоод байсан санагдаж байна. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Өглөө нь Х.М- надад хэлэхдээ “шар үхэрнээс болж маргалдсан” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Х.М-, Л.Б-э бид хэд бааранд тараад гэртээ харих замдаа нэг Боргио гэх пиво аваад Дөрөлж гэх газар уугаад Х.М- Л.Б-э хоёр муудалцаад Л.Б-э Х.М-г зодоод байхаар би дундуур нь орсон. Тухайн үед Л.Б-э намайг нэг цохиод авсан. Тэгэхээр нь миний бие гэр лүүгээ явсан. Өөр зүйл болоогүй...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай: Х.Мягмарсүрзнгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны салст, баруун. дээд доод зовхи, зүүн дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нурууны зүүн хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Х.М-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаэр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/

Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчим намайг мотоцикльгүй, бензингүй болоод ШТС-аас бензин аваад Дөрөлж өөд өгсөж явахад замд хээр Х.М-, Энхбаатар, Хишигбаяр нар сууж байсан: Тэгэхээр нь яваад очиход тэр гурав нэг том савтай пиво задлаад ууж эхэлж байсан. Тэгэхээр нь би Х.М-тэй маргасан. Тэгсэн чинь Х.М- намайг мотоцикль дээр сууж байхад савтай пивоороо зүүн мөр хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би мотоциклиосоо буугаад Х.М-гийн нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед Энхбаатар ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би яваад өгсөн..Тэр өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Тэр үед миний мөр хэсэг 2-3 өдөр хөндүүр оргиж байсан Өөрөөр гэмтэл учраагүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.М-г зодож, эрүүл мэндэд нь  тархи доргилт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Б-ий гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Хохирогч Х.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 175.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн 1938002490171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938002490171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 175.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР