| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04958/И |
| Дугаар | 210/МА2024/00085 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/00085
Э.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/03485 дугаар шийдвэртэй,
Э.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй
А.Баянмөнх, “Лион групп” ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, хохиролд 42,777,400 төгрөг, нийт 52,777,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “Лион групп” ХХК-ийн захирал А Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 99113993 дугаарыг барьцаалж, Э.Эрдэнэцогт надаас 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлж, талууд фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн үед Э.Эрдэнэцогт Б.Оюунмандахад өртэй байсан учраас фидуцийн гэрээнд 99113993 дугаарыг барьцаалагчаар Б.Оюунмандахыг оруулсан.
1.2. Мөн тэрээр дахин 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 88887777 дугаарыг барьцаалж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлж, фидуцийн гэрээг байгуулсан.
1.3. “Лион групп” ХХК, захирал А.Баянмөнх нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир 99113993 дугаарыг Б.Оюунмандахын нэр дээр шилжүүлсэн, дараа нь 88887777 дугаарыг нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо барагдуулахын тулд Г.Гантулгад худалдсан.
1.4. Гэтэл 2017 онд “Лион групп” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө Э.Эрдэнэцогт надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргаан 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн маргаан анхан шатны шүүхэд хянагдаж байх үед А.Баянмөнх нь Э.Эрдэнэцогт миний данс руу 2 гэрээний үүрэгт 23,300,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн үүргээ биелүүлээгүй мөртлөө барьцаанд байсан дугааруудаар үүргийн гүйцэтгэлээ хангуулаагүй, залилсан.
1.5. Иймд дараахь нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
а. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний үүрэг үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,650,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний үүрэг үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,650,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөгийн үүргээс хариуцагч А.Баянмөнхийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 23,300,000 төгрөгийг хасч үлдэгдэл 10,000,000 төгрөг,
б. Дээр дурдсан хоёр зээлийн гэрээний дагуу олох ёстой байсан орлогод 42,577,400 /22,317,400+20,360,000/ төгрөг, нийт 52,577,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.
2. Хариуцагч “Лион групп” ХХК, А.Баянмөнх нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. А.Баянмөнх “Лион групп” ХХК-ийн захирал ба хувьцаа эзэмшигч юм. Би болон манай компани нь 2016 оны 07 дугаар сарын 08, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд нэхэмжлэгч Э.Эрдэнэцогттой дугаар барьцаалсан фидуцийн гэрээ байгуулж, мөнгө зээлж авсан нь үнэн. Талууд гэрээн дээр төлбөрийг төлөх банкны дансны дугаар бичээгүй бөгөөд зээлийг олгосноос хойш нэхэмжлэгчтэй холбогдох боломжгүй болж, дугааруудыг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн байсан тул шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр дугааруудаа буцаан авсан.
2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хоёр зээлийн гэрээний үндсэн зээлд 20,000,000 төгрөг, 3 сарын хүүд нийт 3,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээнүүдийн үүргээ бүрэн биелүүлсэн тул зээлийн гэрээний үлдэгдэл, гэрээнээс учирсан хохирлыг төлөхгүй.
2.2. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор мөнгө зээлэх, хүүлэх эрхгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнх болон “Лион групп” ХХК-иудаас 52,777,400 төгрөг гаргуулах тухай Э.Эрдэнэцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжидид төлсөн 531,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. “Лион групп” ХХК-ийн захирал А.Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 99113993 дугаарыг барьцаалж Э.Эрдэнэцогтоос 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлж, талууд фидуцийн гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 88887777 дугаарыг барьцаалж, Э.Эрдэнэцогтоос дахин 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлж, фидуцийн гэрээ байгуулсан.
“Лион групп” ХХК-ийн захирал А.Баянмөнх гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болсон тул зээлдүүлэгч Э.Эрдэнэцогт фидуцийн гэрээний дагуу дээрх хоёр дугаарыг бусдад худалдан борлуулах замаар зээлийн үүргийг хангуулсан. Гэтэл “Лион групп” ХХК-ийн захирал А.Баянмөнх нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 3,300,000 төгрөг нийт 23,300,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сарын дараа Э.Эрдэнэцогтын данс руу мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн байдаг.
Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаар шийдвэрээр дээрх хоёр дугаарыг “Лион групп” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01535 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүх дээрх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноор Э.Эрдэнэцогтод шаардах эрх үүсч, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.
Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.
4.2. Үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж нэхэмжилсэн байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
А.Баянмөнх нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 23,300,000 төгрөгийг хоёр гэрээний үндсэн төлбөрт тус бүр 10,000,000 төгрөг, хүүд 3,300,000 төгрөгийг хүүнд төлсөн гэж тайлбарладаг. Гэвч талуудын хооронд байгуулсан хоёр Фидуцийн гэрээний 14 дүгээр зүйлд “Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хийхдээ эхний ээлжинд алданги, зээлийн хүү, үндсэн зээл төлнө” гэж зааснаар 10,000,000 төгрөг нь алдангид тооцогдох төлбөр байсан тул алдангид суутган тооцсоноор үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 10,000,000 төгрөгийг Э.Эрдэнэцогт нэхэмжилсэн. Энэ шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй юм.
4.3. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт бусдад хүүтэй мөнгө зээлдүүлсэн бол хүүгийн орлого олох боломжтой байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрхтэй. Энэ эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээ байгуулах замаар хэрэгжүүлж орлого олох бүрэн боломжтой. Үүнийгээ нотлохоор Фидуцийн гэрээ, үнэлгээний баримтыг хэрэгт гаргаж өгсөн.
Анхан шатны шүүх шийдвэртээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх заалтыг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгээд ч банкнаас бусад этгээд гэдэгт Банк бус санхүүгийн байгууллага, ломбардыг хамааруулан авч үзэх ба иргэн хуулийн энэ заалтанд хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.
5.1. Хэрэгт зээлийн гэрээний хугацааг сунгасан талаарх баримт байхгүй. 2016 оны 07 дугаар сард байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард, 2016 оны 08 дугаар сард байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сард тус тус дууссан. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэснийг үндэслэж нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч зээлийн хүүг төлөхгүй гэдгийг мэдсэн үеэс шаардах эрхийн хугацаа дуусна гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
5.2. Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэмэгдэл буюу алдангийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно. Фидуцийн барьцаанд тавьсан 2 хөрөнгийг хариуцагчид мэдэгдэхгүйгээр, хугацаа тогтоохгүйгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг зөрчиж, бусдад худалдсантай холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндсэн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй гэж үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь хариуцагч А.Баянмөнх, “Лион групп” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, хохиролд 42,777,400 төгрөг, нийт 52,777,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг “Лион групп” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт даалгаж, нэхэмжлэлээс 88887777 дугаарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалаар дээрх шийдвэрт “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг “Лион групп” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефон 88887777 дугаарын эзэмших эрхийг “Лион групп” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нарт тус тус даалгасан” өөрчлөлт оруулсан байх ба Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01535 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шийдвэрүүдээр дараахь үйл баримт тогтоогджээ. Үүнд:
а. “Лион групп” ХХК нь Э.Эрдэнэцогттой 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5,5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд тус компанийн эзэмшилд бүртгэлтэй 99113993 дугаарыг Э.Эрдэнэцогтоос Б.Оюунмандахын эзэмшилд шилжүүлсэн, мөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг зээлж, компанийн эзэмшлийн 88887777 дугаарыг Э.Эрдэнэцогтын нэр дээр шилжүүлсэн.
б. Тэдгээрийн хооронд фидуцийн бус Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан барьцааны эрх үүссэн.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Дээр дурдсан шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн талаар шийдвэрлээгүй байна.
4.1. Э.Эрдэнэцогт болон А.Баянмөнх нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “фидуцийн гэрээ” гэх нэртэй зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр А.Баянмөнх нь Э.Эрдэнэцогтоос 10,000,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар,
Э.Эрдэнэцогт болон “Лион групп” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “фидуцийн гэрээ” нэртэй зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр “Лион групп” ХХК нь Э.Эрдэнэцогтоос 10,000,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар тус тус зээлжээ.
4.2. Дээр дурдсан зээлийн гэрээ тус бүрийн гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, зээлдэгч нар 23,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Гэрээ хүчин төгөлдөр байна.
4.4. Гэрээнд талууд хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул зээлдэгч нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхтэй.
4.5. Түүнчлэн дээрх 2 гэрээний 8 дахь заалт тус бүрт талууд алдангийн талаар тохиролцсон байх бөгөөд алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, анзын гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
4.6. Талууд зээлийн гэрээ тус бүрийг 3 сарын хугацаатай байгуулсан тул нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.7. Анхан шатны шүүх гэрээний үүргийг шаардах эрхийг тоолох 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох 99113993, 88887777 дугаарын эзэмших эрхийг захиран зарцуулснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж тодорхойлж байсан бол дээр дурдсан шүүхийн шийдвэрээр уг дугааруудын эзэмших эрхийг буцаан шилжүүлсэн байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан “шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ... хүртэл үргэлжилнэ” гэж заасан нөхцөлд хамаарч байна.
Иймд Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01535 дугаар тогтоол гарсан хугацаанаас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно” гэж заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэл гаргаснаар зээлдэгч нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зээлийн гэрээний шаардах эрхийн 3 жилийн хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
5. А.Баянмөнх нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,650,000 төгрөг, алдангид 5,825,000 төгрөг нийт 17,475,000 төгрөгийг,
“Лион групп” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,650,000 төгрөг, алдангид 5,825,000 төгрөг нийт 17,475,000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээжээ.
Харин нэхэмжлэгч нь алдангид тус бүр 5,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсноор шийдвэрлэх зарчимд нийцнэ.
Иймд хариуцагч А.Баянмөнх зээлийн гэрээний үүрэгт 16,650,000 /10,000,000 +1,650,000+5,000,000/ төгрөг, хариуцагч “Лион групп” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 16,650,000 /10,000,000 +1,650,000+5,000,000/ төгрөгийг нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод тус тус төлөх үүрэгтэй.
5.1. Дээрх үүргээс хариуцагч талаас төлсөн 23,000,000 төгрөгийг хасч тооцвол А.Баянмөнх 5,000,000 төгрөг, “Лион групп” ХХК 5,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нараас мөн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч нь олох байсан орлогод бусдад уг мөнгөн хөрөнгийг зээлдүүлсэн бол зээлийн хүүд 42,777,400 төгрөгийг олох байсан гэж нэхэмжлэлээ тайлбарлажээ. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан хэмжээгээр хохирол тодорхойлогдох юм.
Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн хариуцлагыг хохирол, анз, хуулиар тогтоосон хүү шаардах боломжтой гэж тодорхойлсон. Талууд зээлийн гэрээндээ алдангийн талаар тохиролцож, нэхэмжлэгч уг алдангийг шаардсан байна. Иймд иргэний эрх зүйн хариуцлагыг давхардуулан ногдуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж зааснаас дүгнэвэл иргэний эрх зүйн хариуцлага нь гүйцэтгээгүй үүргийн хэмжээнээс хэт их байж болохгүй юм.
Нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийн алдангийг шаардсан тул гэрээнээс учирсан хохирол шаардах эрхгүй гэж дүгнэхээр байх тул хариуцагч нараас хохиролд 42,777,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/03485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнх, “Лион групп” ХХК-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлээс 42,777,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,837 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА