Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т холбогдох эрүүгийн  1938002090103 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Н-, 

Шүүгдэгч Б.Н- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд иргэн Б.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н- нь согтуурсан үедээ  2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд хохирогч Б.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Х сумын төвд гэрийнхээ ард айлд цайлаад Даваагийн хамт явж байтал гудамжинд Б.Н- мотоциклио унаж ирээд зогсох нь харагдсан. Би хажуугаар нь өнгөрч яваад Б.Н-тай ярилцаж байгаад “дүү ахдаа золгохоо болио юу” гэж хэлсэн. Өмнө нь Б.Н- манайд очиж золгодог байсан ба манай эхнэр Эрдэнэжаргалтай төрөл болохоор нь л тэгж хэлсэн юм. Тэр үед Б.Н- надтай “та ямар манайд очих биш” гээд бид хоёр харилцан маргалдаад би салаад цаашаа явж байх замдаа “чиний ээж чинь Эрдэнэжаргалтай их ойр төрөл юм байлаа шүү дээ” гэхэд Б.Н- “чи миний ээж, аавыг оролцуулдаг юу юм бэ” гээд миний араас гүйж ирж яваа харагдсан. Тэгээд намайг эргэж харангуут миний баруун нүд рүү шууд гараараа цохисон. Би тэр үед барьцалдаж авангуут шууд намайг дороо хийгээд гараараа толгойн тус газар л цохиод байсан. Би хэдэн удаа цохисоныг нь сайн мэдэхгүй байна...Би Б.Н-ыг “дахиад намайг цохино” гэж бодохгүй зогсож байтал гэнэт зүүн нүд рүү гараараа цохисон. Би тэр үед юм харахгүй болчихоод байхад дахин, дахин намайг гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус газарт цохисон. Би Б.Н-ын урдаас ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй зодуулсан юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р тал/

Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр...ажил дээрээ байж байтал 16 цагийн орчим дүү Хандармаа утсаар яриад “Б.Б- ахыг хүн зодоод байна” гэхээр нь яваад очиход манай нөхрийг хувцаснаас нь чирсэн дээшээ өгсөж явсан. Тухайн үед Б.Б- хойшоогоо чарж чирүүлсэн байдалтай явсан. Би араас нь гүйгээд очиход ...Б.Б-ын нүд, хамарнаас нь маш их цус гарсан байсан ба нүүр нь хөхөрч, битүү хавдсан байсан. Мөн хувцас нь цусаар будагдсан байсан. ..Би Б.Н-тай ээжийнх нь талаар төрөл тул болсон зүйлийг нь уучилсан боловч Б.Н- маргааш өглөө нь архи уучихсан “Б.Б-ыг сайхан зодлоо” гэж ярьж явсан байхаар нь гомдоод цагдаагийн байгууллагад хандах болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,          

Гэрч Г.Да-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны                         02 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-, Эрдэнэжаргал, Эрдэнэчулуун бид 4 Хишигжаргал гэдэг айлд шинэлж очсон юм...Б.Б- ах бид хоёр тэднийд үлдэж өгсөн 0,5 литрийн архийг нь уугаад гараад явах замд Б.Н- тааралдаад мэнд мэдэлцээд Б.Б- “Б.Н- ахдаа яагаад золгохгүй байна” гэхэд Б.Н- “чам шиг юмтай золгож яадаг юм” гэж хариулсан. Б.Б- ах “Эрдэнэжаргал та хоёр ойр төрөл юм байна лээ шүү дээ” гэхэд Б.Н- “чи миний аав, ээжийг энэ асуудалд оролцууллаа” гээд гүйж ирээд Б.Б- ахыг гараараа цохиж унагаагаад дээр нь гараад нүдээд эхэлхээр нь би очоод “чи яагаад байгаа юм, болиоч” гэхэд “чи холд, муу гуйлгачин минь, дөхөж ирвэл чинь ална шүү” гээд миний зүүн хөлийн булчин руу нэг удаа өшиглөхөөр нь би айгаад хадам аавынд гүйж ороод эхнэр Эрдэнэчулуунд хэлээд гэрт үлдсэн. Түүнээс хойш болсон зүйлийг мэдээгүй. Мөн гэрээс гараагүй. Б.Н- тухай үед Б.Б- ахын нүүрийг нь аймаар болтол цохичихсон байсан...Б.Б- ах ямар ч хөдөлгөөн, үйлдэл хийлгүй, мөн эсэргүүцэл үзүүлэлгүй зодуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Гэрч Г.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-, Эрдэнэжаргал, Даваа бид дөрөв, Хишигжаргал гэдэг айлд шинэлж очсон юм. Тэгээд Эрдэнэжаргал , бид хоёр тэднийхээс түрүүлээд явсан. Тэднийд Б.Б- ах, Даваа хоёр үлдээд өгсөн 0,5 литрийн архийг нь уугаад үлдсэн. Би аав Гүрбазарынд сууж байтал гаднаас манай нөхөр Даваа гүйж орж ирээд “Б.Н- Б.Б- ахыг зодоод байна” гэхээр нь би гэрээс гараад гүйж очоод харахад Б.Б- ахыг дарж унагаагаад нүүр нүдгүй цодож байсан. Б.Б- ахын нүүр нь таглартлаа хавдсан, цус гарсан байсан. Харин Б.Н- “та нарыг бүгдийг чинь ална” гээд орилоод байхаар нь Хишигжаргалыг дуудаж ирүүлээд салгах гэхэд намайг алгадаж унагаасан. Бид нар салгаж чадахгүй байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/,

Гэрч Н.Х-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Х сумын төвд байдаг эмийн сандаа сууж байхад хүмүүс маргалдаад байхаар нь гарч харахад Б.Н- гэдэг залуу Б.Б- ахыг дээрээс нь дарж унагаагаад нүүрэн тус газарт цохиж байхыг нь би харсан юм. Тэгээд Б.Б- ахыг дээд гудамж руу хувцаснаас нь заамдаж чирээд явахаар нь болсон зүйлийн эхнэр Эрдэнэжаргалд нь хэлсэн. Эрдэнэжаргал эгч ирээд Б.Б- ахын араас нь очиж буцааж авчираад гэрт нь оруулж хэвтүүлсэн…Түүнийг харахад 2 нүд нь хөхөрч тагларсан, цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаартай: Б.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, баруун талын алимны салстад цус хуралт, зүүн доод зовхины гадна өнцөг, баруун хацарт зулгарапт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Б-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/,

Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дэрэм гэх найзтайгаа 1 шил Ерөөл гэдэг 0.5 литрийн хэмжээтэй архийг хувааж уугаад...гэр лүүгээ явж байтал Б.Б-, Даваа гэх хүмүүстэй тааралдсан. Тэгсэн Б.Б- над руу хандаад “чи надад золгохгүй байна” гэж хэлээд миний нүүр лүү цохисон: Тэгэхээр нь “яагаад цохиж байгаа юм бэ, одоо энд золгочихьё” гэх мэт бид 2 хоорондоо ярьж байтал миний ард зогсож байсан Даваа гэх хүн миний нуруу руу нэг цохисон: Тэгээд би Б.Б-той зодолдоод нүүр лүү нь хоёр удаа цохисон...Би Б.Б- гэх хүний нүүрний зүүн талын шанаанд гараа атгаж байгаад хоёр удаа цохисон...Би Б.Б- ахаас уучлалт гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р тал/

Хохирогч Б.Б-ын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, нүүрэнд гэмтэл учирсан болон хэргийн газрын эд зүйлийг эвдэж гэмтээсэн байдлыг нотлох гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Б.Н- нь согтуурсан үедээ  2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХХ аймгийн Х сумын төвд хохирогч Б.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгч Б.Н-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938002090103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938002090103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР