Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-ад холбогдох эрүүгийн 1838008740119 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Н-, 

Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч М.Б-ын 5 тооны адууг бэлчээрээс нь, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч Д.Б-ын 6 тооны адууг бэлчээрээс нь тус, тус хулгайлж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч М.Б-ын 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч Д.Б-ын 6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

з

7


Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн:                  ...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай адуу ХХХ руу гэрийнхээ урдаас орж ирсэн юм. Тухайн үед адуугаа тоолж бүртгэхэд 6 тооны адуу алга байсан юм. Тэгээд адуу байсан газраар явж эрж хайхад олдоогүй. Тэгээд сураг сонсоход Мөрөнгийн гол гараад Хавчуу зоон дээр Шонхоо /Г.Н-/ гээд 4 дүгээр багийн залуу тууж явсан талаар станцаар сураг сонсоод маргааш нь Шонхоо гээд залуугийнд очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт байсан ээжид нь болсон явдпын талаар ярьж хэлэхэд ээж нь станцаар Шонхоо гээд залуугийн байгаа айл руу ярьж “хурдан гэртээ ир” гэж хэлүүлэхэд ирэхгүй байсан. Тэгээд би байгаа айлыг мэдээд ээжийнх нь хамт мотоциклиор очиход тэр айлаас Шонхоо гарч ирсэн. Тэгж уулзаад бид нар Шонхоог гэрт нь авчирч байгаад уулзсан. Тэгсэн Шонхоо “би танай адууг тууж гэрийнхээ гадаа авчирсан, авчираад хашиж өөрийнхөө адуутай нийлүүлээд гэрийнхээ хойшоо гаргасан. Адуугаа гаргаад маргааш нь адуундаа үзэхэд танайхаас авчирсан 6 тооны, мөн цэргийн ангийн 5 тооны адуу манай адуунаас алга болсон байсан” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “чи одоо яаралтай манай адуунаас авсан 6 тооны адуугаа олж өгөө, хэрэв өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ” гэсэн чинь “би олж өгнө. Маргааш нөгөөдрөөс би идшээ хийнэ, тэгээд явж олж өгнө” гэж гэртээ үлдээд би гэр лүүгээ ирсэн. Тэгээд 7 хоног хэртэй хүлээсэн боловч хүлээгээд адууг олж авчирч өгөөгүй юм. Миний алдсан адуунууд 6 тооны зургуулаа хээр зүсмийн нэг хээр гүү унагатайгаа, нэг шүдлэн гүү, шүдлэн үрээ, соёолон үрээ, хээр даага зэрэг адуунууд байгаа. Гүү шүдлэн байдас хоёр нь зүүн чих цуурхай, зүүн гуян дээрээ ширээтэй хүзүүтэй чандмань тамгатай, нөгөө үлдсэн адуунууд зүүн талын гуян дээрээ ширээтэй хүзүүтэй чандмань тамгатай байгаа. Эм байхгүй...Би алдсан адуунуудаа нийт 4.200.000 төгрөгөөр үнэлнэ...Би одоо хохиролгүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-24-р тал/

 

Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөөнөөс манай аав болох Мөнхбат утсаар залгаж “манай адуунаас 5 тооны адуу алга болсон байна. Сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд өг” гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаад ирж мэдэгдэж, тэмдэглүүлсэн...Тэгээд маргааш өглөө нь Шонхоо гээд 4-р багийн залуу мотоцикльтой орж ирээд нөгөө хэдэн алдсан адуунуудыг маань туугаад явлаа гэсэн мэдээллийг авсан. Мэдээлэл авсан даруйд хэсгийн төлөөлөгчид ирж мэдэгдэж, хамт хөдөө Шонхоо/ Г.Н-/ гээд залуугийнх руу явах гээд машин хайж байхад Шонхоо гээд залуу сумын төвд надтай гагнуурын тэнд таараад намайг хараад шууд мотоцикльтой зугтаасан. Тэгээд сумын төвд Шонхоог ороод ирчихсэн байгааг мэдээд цагдаад буцаж очиж хэлээд хайж байх үед надтай дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Тэгээд би Шонхоо гээд залуутай уулзаад “манайх 5 тооны адуу хулгайд алдсан. Өнөө өглөө чи Нурагтын аманд байж байхад нь өгсөөгөөд туугаад явсан байна. Одоо тэр адуунууд хаана байна” гэж асуухад “би тэр адуунуудыг чинь аваагүй, мэдэхгүй, би Нурагтын булан ороогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би цагдаад бүртгүүлсэн байгаа, одоо хоёулаа хамт цагдаа дээр очъё” гэхэд “за тэгье” гээд цуг цагдаагийн байранд ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчтэй Шонхоог уулзуулаад би гэрлүүгээ харьсан. Тэгээд удалгүй нэг цаг гарангийн дараа сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар залгаж танай адуунуудыг Г.Н- гээд энэ залуу хулгайлж авсанаа хүлээсэн намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би цагдаа дээр ирээд Г.Н-тай уулзахад би танай адууг адуунаас тасалж аваад хөөсөн гэдгээ хэлсэн. ...Алдсан адуунуудаа тоо ёсоор нь олж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 76-80-р тал/

Гэрч Д.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Г.Н-ын ээж нь байгаа юм. Тухайн болсон хэргийн нь талаар мэдэхгүй... Шонхоо тууж очсон адуугаа өөрийнхөө адуутай гэрийнхээ хойшоо нийлүүлээд гаргасан гэсэн. Түүнээс хойш олдохоо байсан...Д.Б-ын хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө адуунаас 5 тооны адууг зүслэж өгч, мөн нэг адууных нь мөнгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р тал/

Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Манай сумын 1 дүгээр багийн Д.Б- ахын бэр Нэргүй гээд эгч манай гэрийн утас руу залгаж “танай наагуур чинь бараан зүсмийн 6 тооны адуу харагдав уу” гэж асууж байсан: Би тэр утсаар ярихын өмнөх өдөр нь адуундаа явж байхад Хавчуугийн зоон дээр 6 тооны адуу байсан Нэргүй эгчийн асуусан 6 тооны бараан адуу мөн байх шиг байсан юм. Тэрийг нь утсаар “тэнд тийм адуунууд байсан” гэж хэлэхэд “за, за” гээд утсаа салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:2018 оны 11 дүгээр сарын эхээр байхаа, нэг өглөө голын цаана, Баатарын зоо Нуртаас 6 тооны байдсан үрээнүүд гэмээр бага насны адуунууд гол руу орж иртэл манай 3 тооны адуутай нийлж 1-2 хоносон байх. Тэгсэн нэг өлөө босож ирээд харахад нэг мотоцикльтой хүн буцаагаад туугаад өгссөн байсан. Эзэн нь ирээд аваад явж байгаа юм байна гэж тухайн үедээ бодсон. Тэгсэн дараа нь сонсож байхад М.Б-ын аав Мөнхбат гэдэг хүнээс “Баттупгын адуунаас 5 тооны адуу алдсан. Тэрийг маань манай сумын 4 дүгээр багийн Шонхоо тэж залуу хулгайлж авсан” талаар нь анх мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед Баатарын Зоо хавиар адуу явж байсан байх. Зооны эхэнд байдаг Мөнх гээд ахын өвөлжөөн дээр очоод алдсан адуугаа сурахад тэнд хөрзөнгөө аваад байж байсан Чулуунбаатар гээд ах “энэ Шонхоо Баатарын Зоо руу оруулчихаагүй байгаа, байнга л явж харагдаад байгаа юм” гэж хэлэхээр нь би Зоог уруудаад явж байхад Шонхоотой таарсан. Таараад “чи юу хийж яваа юм” гэсэн чинь “чонын мөр харж явна” гэж байсан. Г.Н- тухайн үед хүрэн морьтой явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/

Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй...Би хулгайлсан адуугаа хүмүүст нь зүсээр нь буцаагаад аваад өгчихсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тогтоол, прокурорын тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 10-13-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт  /хх-ийн 46, 51-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч М.Б-ын 5 тооны адууг бэлчээрээс нь, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч Д.Б-ын 6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан үйлдэл, үйл баримтын талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй өгсөн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв.

 Харин шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь хэргээс үзэхэд: Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч М.Б-ын 5 тооны адууг бэлчээрээс нь, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Х аймгийн ХХ сумын 1 дүгээр багийн нутаг ХХХ гэх газраас хохирогч Д.Б-ын 6 тооны адууг бэлчээрээс нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр хулгайлсан үйлдэл тогтоогдож байх хэдий ч шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг цаг хугацаа, орон зайны хувьд өөр өөрөөр хоёр удаагийн үйлдлээр  халдлагын зүйл нь тусдаа  бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

Бусдын олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш гэж хуульчилсан ба мөн нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш үйлдэх нь байнга гэсэн шинжийг агуулах ба эдгээр шинж нь мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал гэж ойлгохоор байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нэг төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдэхдээ эхний үйлдлээр 5 тооны адуу, хоёр дахь үйлдлээрээ 6 тооны адууг хулгайлсан гэмт үйлдлийг халдлагын зүйлээр нэгтгэж буюу мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд эргэлзээтэй байна.  

Иймд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон шүүгдэгч Г.Н-ад холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгож өөрчилж, шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,   эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н- нь хохирогч нартай  2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 109-110/ байгуулсан ба хохирогч нар нь нэхэмжпэх зүйлгүй гэх тул хэрэгт битүүмжлэгдсэн Г.Н-ын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 ширхэг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Н-ад буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн 1838008740119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Г.Н- нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р тал/-аар тогтоогдож байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-ад холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн Г.Н-ын эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 ширхэг морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Н-ад буцаан олгосугай.

6. Эрүүгийн 1838008740119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай..

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР