| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00475/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00475/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-60 дугаар байрны 10 тоотод оршин суух, Түмэндэмбэрэл овогт Чулууны Байгалмаагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Байгалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад нягтлан бодогчоор ажилласан юм.
Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 13 тал)
Хүсэлт гаргагч Ч.Байгалмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Байгалмаа би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна.
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 26 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Байгалмаа нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ч.Байгалмаа нь хөдөлмөрийн дэвтэргүй тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЭ-64041432 регистрийн дугаартай, Түмэндэмбэрэл овогт Чулууны Байгалмаа нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн нефть баазын даргын 1985 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбарт: ....Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр мартын наймны баярыг тохиолдуулан шагнаж урамшуулах тэргүүний эмэгтэйчүүдийн нэр шагналын хэмжээг хавсралт 1-ээр баталсугай....5 дугаарт Ч.Байгалмаа, тооцооны нягтлан бодогч, 30 төгрөг гэжээ. (хх-ийн 4-5 тал)
2. Хэнтий аймгийн нефть бааз даргын 110 дугаартай тушаалын хуулбарт:...байгууллага хоорондын тооцоо хариуцсан мэргэжилтэн нягтлан бодогч Ч.Байгалмааг 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тайлбар болгон ажлаас чөлөөлсүгэй... гэжээ. (хх-ийн 6-7 тал)
3. Хэнтий аймгийн архивын 1089 дугаартай цалингийн тодорхойлолтод: хүсэлт гаргагч Ч.Байгалмаагийн 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 3 тал)
4. Гэрч Х.Амгалангийн: ... би 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад тоног төхөөрөмжийн засварчин, шатахууны нярав, түгээгчээр тус тус ажиллаж байсан юм....Ч.Байгалмаа нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад тооцооны нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан билээ. Тухайн үед нефть хангамжийн баазын даргаар Даваасамбуу гэдэг хүн ажиллаж байсан юм гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20-21 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Түмэндэмбэрэл овогт Чулууны Байгалмаа, 1964 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, СЭ-64041422 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 9 тал)
6. Иргэн Ч.Байгалмаагийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 1, 13, 26 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ч.Байгалмаа нь намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. (хх-ийн 26 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СЭ-64041432 регистрийн дугаартай, Түмэндэмбэрэл овогт Чулууны Байгалмааг 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нефть хангамжийн баазад нягтлан бодогчоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ