Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1938002120112 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Б-, 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-05-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төв Малчин хороололд оршин суух иргэн Г.Т-ийн хашаанд хураалттай байсан 2 портер машин өвсийг машин механзим ашиглан хулгайлж, Г.Т-ийн эд хөрөнгөд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-05-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төв Малчин хороололд оршин суух иргэн Г.Т-ийн хашаанд хураалттай байсан 2 портер машин өвсийг хууль бусаар авахдаа машин механзим ашиглан үйлдэж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 05 ны өглөө 12 цагийн орчим сумын төвд байдаг хашаандаа ороход сөрөн дээр хураасан байсан 2 машин өвс алга болсон байсан.Тэгээд ойрхон байдаг айлуудаас асуусан чинь “орой нэг машин дуугараад байсан” гэж манай эгч Нямдэмбэрэл надад хэлсэн. Хашаанд орсон машины мөр нь давхар дугуйтай, том машины мөр байсан тул сумын цагдаад мэдэгдсэн...Надаас ямар нэгэн байдлаар өвс асууж сураглаж байсан хүн бол байхгүй...Би тус алдсан өвсөө намар нойтноор нь 2 Бонго машинаар ачиж ирсэн өвс байсан. Миний алдсан өвс 2 машин гаруй байгаа...Одоо бэлэн өвс зарах хүн байхгүй, хавар болоод мал төллөх цаг ирж байгаа тул маш ховор байна...Миний хураасан өвсийг Майдарын Цэрэн, Нямдэлэг Гантулга нар Бүрэгээн Нямбаяр гэдэг залуугийн машинаар ачаад сумын төвөөс 30 гаруй км зайд хөдөө Цэцэгтийн Эх гэдэг газарт айлын хашаанд буулгасан байсан. Тэр хашаанд нь хонь мал ороод хамаг өвсийг минь идсэн байсан. Би үлдсэн жоохон өвсөө сумын цагдаа Сэпрэнгийн хамт очиж ачиж ирсэн...Би хохирлоо нөхөн барагдуулж авахыг хүсэж байна. Өөр нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр өдөр Манай найз Цэрэн буюу М.Б- над руу утсаар яриад “хаана байна” гэхээр нь би “хадам аавынд түлээ буулгаж байна” гэхэд надад “өвс ачаад өгөөч” гэхээр нь “манай хадам аавынд хүрээд ирвэл хамт ачаад өгье” гэсэн. Би тэр үед ямар учиртай өвс болохыг нь асуугаагүй юм...Би тэр хоёрыг дагаж яваад Малчны хороололд нэг хашаанаас ачсан. Намайг машинтай очиход хашааны хаалга үүдийг нь онгойлгосон байсан. Би хашаанд машинаараа орж сөрөн дээр хураасан байсан өвс рүү шахаж зогсоод бид 3 хамжаад нэлээд их өвс ачсан. Тэгээд би хашаанаас гараад машиндаа ганцаараа хөдөө Цэцэгтийн Эх гэдэг газар луу явсан. Манай хоёр найз мотоцикльтойгоо дагалдаад явсан. Энэ өвсийг Майдар ахын ах Цэдэнээ гэдэг хүний хаваржааны хашаанд буулгаад би буцаад сумын төв рүү хөдөөнөөс дүүгээ авахаар явсан...Өвс ачихаар хашаанд очиход шөний 12 цаг болж байсан. Би буцаад сумын төв рүү хадам аавындаа ирхэд шөний 03 цаг болж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 04 ний өдөр байхаа...М.Цэрэн над руу залгаад “Б.Нямбаярын хадам аавынд хүрээд ир” гэж намайг дуудахаар нь би очсон. Яваад очтол М.Цэрэн “сумын төвөөс өвс ачмаар байна, чи ачилцаад өгөөч” гэж гуйхаар нь “за тэгье” гэж хэлээд М.Цэрэнтэй хамт мотоцикльтой сумын төвын баруун талд байдаг Малчны хороолол руу явсан. М.Цэрэн бид 2 түрүүлж яваад нэг хашааны үүдэнд зогссон тэгтэл Цэрэн хашаа руу давж ороод хашааны хаалга үүдийг онгойлгоод байж байтал Б.Нямбаяр араас Маяти маркийн машинтай ирээд хашаанд орж сөрөн дээр овоолсон байсан өвсний хажууд шахаж зогссон. Тэгээд бид 3 хамтдаа тэр өвснөөс ачаад Х сумын 2 дугаар багийн нутаг Цэцэгтийн Эх гэдэг газарт нэг айлын хаваржааны хашаанд буулгасан...Цэрэн Нямбаяр бид хоёрт хэлэхдээ “хүнээс худалдаж авсан өвс” гэж хэлсэн. Харин худалдаж авсан энэ өвсөө өөрийнхөө гэрийн хашаанд буулгаагүй, нэг айлын хаваржааны хашаанд буулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...17-27 ХӨВ улсын дугаартай Маяти маркийн сааран өнгийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Би уг машиныг 2018 онд Мөрөнгийн НИК шатахуун түгээх газраас актанд гарсан байхаар нь худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Тэгээд би уг машиныг өөрийн төрсөн дуү Нямбаяртаа өгсөн юм. Одоо Нямбаяр уг машиныг унаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг шилжих шөнө би...найз Нямбаяр луу залгаад...”надад нэг өвс ачаад өгөөч” гэхэд...надаас яг хэний өвс байсан эсэх талаар асуугаагүй юм. Би өөрийнхөө өвсийг ачих гэж байгаа мэтээр Нямбаярт ойлгуулсан...Би Нямбаярт 40.000 төгрөгт түлш хийж өгье, өвс ачаад өг” гэсэн чинь зөвшөөрсөн юм аа. Би Нямбаярын утсаар Мөнхтулгыг өвс ачилцаад өг гэсэн чинь “за” гэсэн юм...Тэгэхэд шөнийн 1 цаг өнгөрч байсан. Би Г.Т- гэж айлын хашаанд байсан 2 портер машин өвсийг Нямбаяр, Мөнхтулга хоёртой Маяти маркийн машинд ачаад Х сумын 2 дугаар баг, Цэцэгтийн эх гэдэг газар луу ачиж  хоосон хашаанд аваачиж буулгасан. Би энэ өвсийг Нямбаяр, Мөнхтулга нарт хулгайн өвс гэж хэлээгүй. Тэр хоёр хулгайн өвс гэдгийг мэдээ ч үгүй. Би малдаа өгөх гэж тэр өвсийг хулгайлсан юм....Би Г.Т- ахтай эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлыг нь төлж барагдуулсан...Сумын төвөөс өвс буулгасан газар хүртэл 30 км байдаг. Би хулгайн өвс гэдгээ мэдэгдүүлэхгүй гэж өөр эзэнгүй хашаанд өвсөө буулгасан...Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу. Би маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тогтоол, прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-35-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 40, 45-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 04-05-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын төв Малчин хороололд оршин суух иргэн Г.Т-ийн 2 портер машин өвсийг машин механзим ашиглан хууль бусаар авсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч нар болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б- нь хохирогчтой 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 61-р тал/ байгуулсан ба хохирогч нь нэхэмжпэх зүйлгүй гэх тул шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай, цагаан өнгийн Маяти маркийн тээврийг хэрэгслийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Н-д буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938002120112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 -т зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 -т зааснаар шүүгдэгч М.Б-г   1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... улсын дугаартай, цагаан өнгийн Маяти маркийн тээврийг хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Нямдаваад буцаан олгосугай.
  5. Эрүүгийн 1938002120112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР