| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00469/И |
| Дугаар | 420 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00469/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан баг, “Хайртад” гэдэг газарт нутаглах, Гэндэн овогт Жамбалын Нарангийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Наран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Ж.Наран би 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт нормчин, Батширээт сумын модны үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1, 46 тал)
Хүсэлт гаргагч Ж.Наран нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Наран би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би хөдөө мал маллаж байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна.
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 60 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Наран нь 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт нормчин, Батширээт сумын модны үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ж.Наран нь хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СБ-56090118 регистрийн дугаартай, Гэндэн овогт Жамбалын Наран нь 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1974 оны 05 дугар сарын 25-ны өдөр хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт нормчин, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Ой модны аж үйлдвэрийн харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны модны үйлдвэрийн даргын 15 дугаартай тушаалын хуулбарт:.....Үйлдвэрийн бүх ажилчин, албан хаагчдын 1985 оны амралтын хуваарийн жагсаалтыг 116 хүнээр баталсугай... хавсралтын 21 дүгээрт... Ж.Наран 26 хоног гэжээ. (хх-ийн 27 тал)
2. Ой модны аж үйлдвэрийн яамны Хэнтий аймаг дахь Бүрэнхааны модны үйлдвэрийн даргын 1986 оны 42 дугаартай тушаалын хуулбарт:... Үйлдвэр байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан ... үйлдвэрт удаан жил тасралтгүй идэвхи зүтгэлтэй ажилласан нийт 220 хүнийг № 1, 2, 3, 4 хавсралтаар баталж шагнаж урамшуулсугай... хавсралтын 22 дугаарт: Ж.Наран гэжээ. (хх-ийн 24-25 тал)
3. Гэрч Б.Баатарын: ... Би 1971-1985 он хүртэл Хэнтий аймгийн Бүрэнхааны модны үйлдвэрт нормчин, тракторчноор тус тус ажиллаж байсан юм... Ж.Наран нь Хэнтий аймгийн Бүрэнхааны модны үйлдвэрт 1971-1986 он хүртэл буюу татан буугдах хүртэл ажиллаж байлаа .... тухайн үед Бүрэнхааны модны үйлдвэрийн даргаар Балжинням гэдэг хүн ажилладаг гэсэн мэдүүлэг. (хх-ийн 52-53 тал)
4. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Ж.Нарангийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг, он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 30 тал)
5. Бүрэнхааны модны үйлдвэрийн 1973 оны 67 дугаартай тушаалын хуулбарт:.... урамшуулан шагнах тухай .... хавсралтын 4 дүгээрт:... Ж.Наран, ашиг, 30 төгрөгийн үнэ бүхий зүйл, сайшаалын үнэмлэх гэжээ. (хх-ийн 32-33 тал)
6. Бүрэнхааны модны үйлдвэрийн 1974 оны 19 дугаартай тушаалын хуулбарт: .... ээлжийн амралт олгох тухай.... хавсралтын 3 дугаарт: Ж.Наран, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 18 хоног гэжээ. (хх-ийн 34 тал)
7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Гэндэн овогт Жамбалын Наран, СБ-56090118 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 5 тал)
8. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 1,46, 60 тал) зэрэг болно.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч Ж.Наран нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч нь намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 60 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СБ-56090118 регистрийн дугаартай, Гэндэн овогт Жамбалын Наранг 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1974 оны 05 дугар сарын 25-ны өдөр хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт нормчин, 1979 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Бүрэнхаан сумын модны үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Нарангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ