Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ш.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.О-д холбогдох эрүүгийн 1938001210184 дугаартай хэргийг  2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.О-, 

Шүүгдэгч Ш.О- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-ыг зодож биед нь цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтэл учруулж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.О- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь цус хуралт, зулгаралт, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өчигдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн Сондор дэлгүүрийн урд машин дотор найз Лхагваатай яриад сууж байтал Ш.О- халамцуу ирсэн.Тэгээд манай найз Лхагваа руу янз бүрийн юм яриад өдөөд байхаар нь “холд” гэж хэлсэн.Тэгтэл машины нөгөө талаар тойрч над дээр ирээд бас өдөөд байхаар нь “холд, холд” гэж хэлсэн.Тэгтэл Лхагваа “чи буу, наадах чинь салахгүй юм байна” гэхээр нь машинаас нь бууж хоёулаа үлдээд тэндээ барилцаад авсан. Би аптерк авч явсныг нь хараагүй юм. Гэтэл шууд миний шанаа, хөмсөг хоёр дээр аптеркаар хатгасан.Тэгээд салаад цагдаа дуудтал нөгөөдөх маань салаад яваад өгсөн юм…Би гомдолгүй байна. Ш.О- надаас уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон байгаа. Тийм учраас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-18-р тал/

Шүүгдэгч Ш.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Д.Т-ыг зодож, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч Д.Т-аас уучлалт гуйж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай: Д.Т-ын биөд баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, зүүн хөмсөгний гол дээд хэсэг, духны зуун дээд хэсэг, зуүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг хөхлөг сэртэн, зүүн хацар, хамрын нурууны баруун хэсэг, хүзүүний гол дунд хэсэгт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Д.Т-ын биөд үүссэн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зулгаралт, цус хуралт бухий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгч Ш.О- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-ыг зодож эрүүл мэндэд нь цус хуралт, зулгаралт, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ш.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч Ш.О-гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан хохирол болох 200.000 төгрөгийг шүүгдэгч Ш.О-гээс гаргуулж хохирогч Д.Т-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн 1938001210184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.О-гээс талуудын эвлэрлийн гэрээгээр баталгаажсан хохирол болох 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч ХХ аймгийн Хсумын Х тоотод оршин суух Х овогт Д.Т- /-/-д олгосугай.

5. Эрүүгийн 1938001210184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР