Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1838009130083 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.А-, 

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн ХХ сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 8.6 м3 хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 928.800 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн ХХ сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 8.6 м3 хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 928.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг                    2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад 17 цагийн үед иргэн утсаар “тэр хашаанд хууль бусаар мод бэлтгэсэн, одоо ачигдах гэж байна” гэсэн мэдээлэл өгсний дагуу Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Пүрэвсүрэн, Байгаль хамгаалагч Ч.Батсайхан нарын хамт уг хашаанд очиж үзлэг, хяналтыг хийхэд хашааны гадна хуучин дундуур нь голлож хуваасан зарим нэг нь 4 метр гарантай, зарим нэг нь нэлээд урт 8 метр орчим 20 гаруй торхны мод байсан. Мөн хашаанд дотор орж үзэхэд хашааны баруун хойд өнцөгт 8x10 метрийн хэмжээтэй гол хувааж барьсан торх, мөн торхны зүүн урд талд 4 метр гарантай  33 ширхэг холтостой нойтон, дүнз мод байсныг үзэж харсан ба энэ мод ямар нэгэн бичиг баримтгүй байсан тул үйлдлийг таслан зогсоож ажилласан. …Харин сүүлд 8x12 хэмжээтэй байшингийн торх нь иргэн Ц.А-ы бэлтгэсэн мод болох нь тогтоогдсон...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ө-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хувьд Ц.А- мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Сая өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард Ц.А- надаас “түлээний мод авъя” гэж гуйж байсан санагдаж байна. Түүнээс “байшингийн мод авъя” гэж яриагүй. Тухайн үед “түлээ бэлтгэе” гэхэд нь “хууль журмын дагуу л бэлтгээрэй” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Гэрч У.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат гэх Г.Самданцоодол гэдэг хүнийг 2 жилийн өмнө манай суманд ирж барилгын шаврын ажил хийж байх үед нь зүс харж байсан. Самданцоодол энэ жил мөн манай суманд ирж барилгын шаврын ажил хийсэн. Тэгэхэд нь би танилцаж ойр дотно болсон...Би сая 10 гаруй хоногийн өмнө Ц.А- гээд тэр торх барьсан хашааны эзэн залуу намайг “очоод торхны булан таглалцаад өгөөч” гэхээр нь очиж нэг өдөр ажилласан...Тэр торх Ц.А-гийнх байж таарах байх, бариулж байгаа хүнийх л байх. Тэр торх 10x8-ын хэмжээтэй байсан. Торх барьсан модноос холтостой багцаагаар 30-аад мод үлдсэн. Одоо тэндээ байна билээ. Намайг торх барих гээд очих үед бол хашааны гадна ямар нэгэн мод байгаагүй. Одоо харин тэр хашааны гадаа хуучин хувхай хэсэг мод буулгаж хаясан байна билээ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Ц.А- надтай уулзаад “торх өрж өгөөч” гэсний дагуу Дөрөлжинд тэдний хашаанд Төөшкөө буюу, Амартүвшин, манай хадам ах Эрдэнэбат, Гомоо гэдэг ах нарын хамт дөрвүүлээ хоёр өдөр өрөөд хойно, урдаа 2,2 нийт 4 мод дутаад, үүнээс хойш хэд хоногийн дараа Ц.А- “модоо бэлдсэн, одоо дуусгаад өгөөч” гэхээр нь Төөшкөө, Эрдэнэбат ах бид гурав нөгөө торхоо 2, 2 мод нийт 4 мод хойно, урд нь тавьж дуусгаж өгсөн. Бид нар 10x8 харьцаатай, 4 талын голдоо залгаатай торх өрсөн. Торхыг өрж дуусахад хэдэн мод үлдсэн байсан. Багцаагаар 10-20-иод мод үлдсэн байсан. Торхонд орсон мод бол хуурай байсан. Торхны хажууд хашаанд үлдсэн мод харин бага зэрэг чийгтэй байсан.Тэр торх өрсөн модыг хаанаас, хэн бэлтгэсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,

Шинжээч Г.Өнөрсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие шинжээч томилсон тоггоолыг дагуу ХХ сумын Дөрөлж хороололд байх Ц.А-гийн хашаанд дотор болон хашааны гадаа байсан модонд хэмжилт хийсэн. Уг хэмжилтээр торхны хажууд байсан 33 ширхэг нойтон шинэс мод нь 16-33 см диамерттэй дунджаар 4 метрийн урттай 6,2 метр куб мод байсан. Мөн торхны моднуудыг хэмжиж үзэхэд 2-4 мертийн урттай 8,6 метр куб хуурай шинэс мод байсан. Ингээд уг хоёр модны нийлбэр нь 14,8 метр куб мод байсан. Уг дүгнэлтэнд 94 ширхэг 3 см банз, болон хашааны гадаа байх гол хуваасан хуурай хуучин модны үнэлгээ ороогүй байгаа. Яагаад гэхээр уг моднууд нь хашаанд байгааг

 

 

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай “бүх төрлийн хэрэглээний хуурай мод 8.6м3  хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ 928.800” дүгнэлт /хх-ийн 64-65-р тал/

Шүүгдэгч Ц.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  Би                    2018 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн ХХ сумын 2 дугаар багийн нутаг Сахалтын Хт гэх газраас ганцаараа эрхийн бичиггүй, торхны мод бэлтгэсэн. Би уг нь эрхийн бичиг авахаар өргөдлөө сумын Байгаль орчны албанд өгсөн боловч “эрхийн бичиг дууссан” гэдэг шалтгаанаар эрхийн бичиг олгогдоогүй. Тухайн үед би Сахалтын Хт гэх газраас хэдэн ширхэг босоо хуурай мод хэдэн ширхэг унаанги хуурай мод бэлтгэсэн гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан өөрийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо ганцаараа цагаалаад өөрийн эзэмшпийн 18-59 ХӨҮ улсын дугаартай 66 маркийн тээврийн хэрэгслээр ачиж сумын төвд байрлах өөрийн торх барьсан хашаандаа буулгасан. Тэгээд сүүлд шалгалтаар эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэдэг нь тогтоогдсон...Би ойгоос мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн бензинээр ажилладаг хөрөөгөөр хөрөөдсөн...Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-12-р тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-р тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 23-р тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 18-20-р тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 69-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн ХХ сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 8.6 м3 хэмжээтэй хуурай шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 928.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.А-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч нь экологи эдийн засгийн хохиролд 928.800 төгрөгийг төлж барагдуулсан баримт, эвлэрлийн гэрээ зэрэг байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.А-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 8.6 м3 хэмжээтэй хуурай шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 8.6 м3 хэмжээтэй хуурай шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1838009130083 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР