Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сум 1-р баг Өгөөмөр ферм 1-р гудамж 15 тоотод оршин суух Боржигон овогт Төртогтохын Даваасүрэн /РД:НЙ86121107/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 8-р хэсэг 8-4 тоотод оршин суух Анчин овогт Будын Ууганбаатар /РД:ЕП87081511/-т хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Даваасүрэн, хариуцагч Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Даваасүрэн нь Б.Ууганбаатартай 2009 онд танилцаж 2010 оноос хамтран амьдарсан. Бид хоёрын дундаас 2011 оны 03-р сарын 24-ний өдөр хүү У.Сайханзаяа төрж, 2011 оны 06-р сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болон Дорноговь аймгийн Зүүнбаян суманд амьдарч байсан. Б.Ууганбаатар нь 2011 оны намар Дорноговь аймгийн Даланжаргалан суманд цагдлаагаар томилогдон очсон. Би тухайн үед Зүүнбаян суманд биеийн тамирын багш хийж байсан учир хичээлээ дуусгаад Б.Ууганбаатар дээр очихоор Даланжаргалан суманд очсон. Даланжаргалан суманд байх хугацаанд Б.Ууганбаатар нь гэртээ ирж хонодоггүй байсан. Мөн өөр хүүхэнтэй утсаар холбогдож байсныг би мэдээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгээд би 2012 оны 07-р сард хүүгээ аваад Төв аймгийн Борнуур суманд өөрийн ээж, аав дээрээ ирсэн. Энэ хугацаанд би хүүхдээ өнчрүүлээд яах юм, эвлэрье гэж бодоод 2013 оны өвөл Даланжаргалан суманд очиход хүү бид хоёрыг зайл яв гээд элдэвээр хараасан, гэрийн түлхүүрээ өгөхгүй хүү бид хоёр айлд хоносон маргааш нь ажил дээр нь очиж гэрийн түлхүүр авах гэхэд уурлаж надад гар хүрсэн, би зууралдаж байж түлхүүр авсан. Тэнд 1 сар болоход гэртээ 2 удаа ирж хүүхэдтэйгээ уулзаад явсан. Тэр үед нөгөө хүүхэн нь жирэмсэн болсон байсан. Намайг зайл гэж хөөдөг байсан. Бид хоёр тусдаа амьдраад 4 жил болж байна. Энэ хугацаанд хүүхэдтэйгээ ирж уулзаагүй. Сэтгэлээрээ хүүхэддээ хувцас, тоглоом авч өгч байгаагүй. 4 жилийн хугацаанд би өөрөө утасдаж байж хувцасны мөнгө авч байсан. Б.Ууганбаатар нь надаас тусдаа амьдраад өөр хүүхэнтэй сууж хүүхэдтэй болоод хамтран амьдарсан. Цаашид Б.Ууганбаатартай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би 5 настай хүүхэдтэй хөгшин ээж, аав 2-тойгоо дөрвүүлээ амьдардаг. Хариуцагч Б.Ууганбаатар нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд: “Б.Ууганбаатар миний бие Т.Даваасүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Т.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн тэтгэмж төлнө” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т.Даваасүрэн миний бие нь Б.Ууганбаатарт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие нь Улаанбаатар хотод Ханчин Оргил ХХК-д няравын ажил хийдэг. Ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан. Энэ асуудлаар Замын-Үүд суманд 2 дахь удаагаа ирсэн. Цэцэрлэгийн бага насны хүүхэдтэйгээ хамт ирсэн учраас дахин ирэх боломжгүй иймээс хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь хариуцагч Б.Ууганбаатарт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2009 онд танилцаж, 2010 оноос хамтын амьдралтай болж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2011 оны 03-р сарын 24-ний өдөр хүү Ууганбаатарын Сайханзаяа төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, №0162369 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, 0000583797 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаа, бие биедээ үл итгэх, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандаж үл ойлголцол бий болсноос тусдаа амьдарч байгаа, одоо хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2011 оны 03-р сарын 24-ний өдөр хүү Ууганбаатарын Сайханзаяаг хариуцагч эхийнх нь асрамжинд үлдээнэ, тэтгэлэг төлнө гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна. Иймд хүү Ууганбаатарын Сайханзаяаг эх Т.Даваасүрэнгийн асрамжинд үлдээж, хариуцагч Б.Ууганбаатараас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б.Ууганбаатар нь хүү У.Сайханзаяад анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 46,476 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1,970,400 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Боржигон овогт Төртогтохын Даваасүрэн /РД:НЙ86121107/, Анчин овогт Будын Ууганбаатар /РД:ЕП87081511/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 03-р сарын 24-ний өдөр төрсөн хүү Ууганбаатарын Сайханзаяаг эх Т.Даваасүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03-р сарын 24-ний өдөр төрсөн хүү Ууганбаатарын Сайханзаяаг 11 нас хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Б.Ууганбаатараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63  дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаатараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Даваасүрэнд олгож, хариуцагч Б.Ууганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 46,476 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ