Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 207

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч С.Ч-, М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт С-гийн Ч-, Б- овогт М-ий Б- нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн 27 настай, эрэгтэй, Б- дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ................д эгч Д.Хулангийн гэрт түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт С-гийн Ч- /РД:./

2. Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, Б- дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 2-р дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, . ., улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт М-ий Б- /РД:./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар нь бүлэглэн ... тоотод оршин суух иргэн Ж.Ц-гийн хашааг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд барьж өгөхөөр тохиролцож, ажиллах хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ажил хийхдээ хэрэглээрэй” гэж хүлээлгэж өгсөн FT-250 загварын бага оврын тракторыг чиргүүлийн хамт бусдад худалдан мөнгийг завшиж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь Б- бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би трактор зарсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Ч-тэй хамт трактор зарж борлуулан мөнгийг нь үрсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо шинэ . Б-, Ч- нараар бариулахаар болсон. Би тэр хоёрыг худалдаж авсан майхандаа байрлуулсан. Өмнө нь ажиллаж байсан Энхбат, Билгүүн хоёр тракторыг эгч Энхтуяагийн хашаанаас авчирч өгсөн. Ч-, Б- хоёр шууд ажилдаа ороод газраа ухаж эхэлсэн. Ч-, Б- хоёр 2018 оны 07 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд маш сайн ажилласан. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ч-, Б- хоёр над руу залгаад “эхнэр төрөх гэж байна, та урьдчилгаа цалингаа өгөөч” гэхээр нь шинэ суурьшилийн автобусны буудал дээр тэр хоёртой уулзахад Ч- нь тракторыг бариад Б- хажууд нь суусан ирсэн. Тэгснээ надаас 120.000 төгрөг аваад, миний дрилл болон тог бууруулагч хоёрыг өгсөн. Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед хашаандаа очиход хашааны суурийг цементлэх ёстой байсныг огт хийгээгүй байсан. Тэр хоёр ч өөрсдөө байхгүй, тэр хавийн айлуудаас асуухад сүүлийн 3 хоног тэр хоёр залууг харагдаагүй гэж хэлсэн. ...Би “FT-250” маркийн бага оврын трактораа чиргүүлийн хамт Б- бүтэн хүлээж авсан тул  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал нутгийн хүүхэд Ч- над руу залгаад “та бага оврын трактор худалдаж авах уу, гоё шинэ трактор байна, ажлын газрын захирлын эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг яаралтай гараад байна” гэхээр нь итгээд “захирлыгаа яаралтай яриулчих” гэхэд нэг залууг надтай яриулсан. Надтай ярьсан хүн нь Б- байсан. Би тракторыг 2.300.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. ...Би трактор худалдаж авсан мөнгөө буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Ж.Ц-гийн ногоон өнгийн жижиг трактор алдагдсан гэж сонссон. Би шинэ суурьшил руу ирж очин байдаг болохоор мэдэх зүйл байхгүй. Ц-гийн гэрт танихгүй хоёр залуу /Ч-, Б-/ ирээд шавар зуурч байхыг харсан. Тэр үед трактор нь  чиргүүлтэйгээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: А.О-ээс “FT- 250 Foton” загварын бага оврын трактор 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг хураан авсан. /хх-ийн 120-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Ж.Ц-д “FT- 250 Foton” загварын бага оврын трактор 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн. /хх-ийн 120-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: тракторыг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 42-67-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10-р хуудас/,

Шүүгдэгч С.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б-гийн хамт 44-н зах дээр ажил олдохгүй зогсож байхад өөрийгөө Ц- гэж танилцуулсан 40-50 орчим насны эмэгтэй ирээд “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо шинэ суурьшилийн 24г тоотод цутгалаар хашаа бариулах ажил байна, та хоёр хийх үү” гэхээр нь Б- бид хоёр зөвшөөрч уг ажлыг хийхээр явсан. Б- бид хоёр Ц- эгчийн хамт хашаанд нь очиход 3-4 залуу ажиллаж байсан тэр залуучуудыг Ц- эгч хөөж явуулаад бид хоёрыг ажиллуулсан. Б- бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажилласан. Тухайн өдрөөсөө хашааны хундаамыг ухаж суурийн нүхийг бэлдсэн. Ц- эгч ирж очин Б- бид хоёрын ажлыг шалгадаг байсан. Ц- эгч хашаанд нь байсан ногоон өнгийн “FT-250” маркийн жижиг оврын чиргүүлтэй тракторыг “ойр зуурын ажилдаа хэрэглэж байгаарай” гээд түлхүүрийг нь өгсөн. Б- бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаад цалиндаа 100.000 төгрөг авсан. Ц- эгчтэй анх өдрийн 30.000 төгрөгөөр тохирсон байсан. Б- бид хоёр Ц- эгчид “ажилласан хоногийнхоо цалинг авч болох уу” гэхэд “би хүнд мөнгөө залилуулсан байгаа, та хоёр хашаагаа бариад дуусгачих тэгвэл цалинг чинь өгнө” гэж хэлсэн. Б- бид хоёр ярилцаж байгаад “тракторыг чиргүүлтэй нь хамт авч яваад цалингаа авъя” гээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тракторыг нь унаж яваад нутгийн ах О-т 2.300.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед О- ахад “хүний тракторыг зарж өгч байгаа юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/

Шүүгдэгч М.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 07 дугаар сараас эхлэн Гурвалжингийн гүүрний зүүн талд байх 44-н зах дээр барилгын материалын ачигчаар ажиллаж байсан. Би тухайн үед оюутан болоод мөнгөний хэрэгцээ их байсан болохоор зуны амралтаараа ажил хийсэн. Намайг 44-н зах дээр ачигчаар ажиллаж байхад зүс таних нутгийн ах Ч- уг газар өмнө ажилладаг байсан. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ч- ах над руу залгаад “ажил дээр хурдан хүрээд ир” гэхээр нь очтол Ч- ах Ц- гэх эмэгтэйтэй хамт зогсож байсан. Ч- ах надад “хөдөө явж ажиллахаар болсон шүү” гэхээр нь “дулаан хувцас аваагүй ш дээ” гэхэд “зүгээрээ болно биз дээ” гээд бид гурав хоол идчихээд явсан. Ц- өөрийн ... тоотод Ч- ах бид хоёрыг дагуулан очиж хашааны суурийн цутгалтын ажил хийлгэхээр болж нэг хүний 40.000 төгрөгөөр тохирсон. Ц- эгч ногоон өнгийн тракторыг “ойр зуурын ажилдаа хэрэглэж байгаарай” гэж бид хоёрт үлдээсэн. Ц- эгч өдөр болгон ирдэг байсан. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ч- ах бид хоёрт урьдчилгаа гэж 100.000 төгрөг өгөхөөр нь манай найз охины данс руу шилжүүлсэн. Ч- ах надад өмнө нь “энэ авгай цалин хөлсөө өгөхгүй юм шиг байна, хоёулаа тракторыг нь авч яваад зарчихъя” гэж хэлж байсан. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тракторыг чиргүүлийн хамт Ч- ах танил хүнийг /О-/ дуудаж уулзаад 2.400.000 төгрөгөөр зарсан. Би тракторыг зарах үед байгаагүй. Трактор зарсан 2.400.000 төгрөгнөөс Ч- ах бид хоёр 400.000 төгрөгийг архи дарсанд хэрэглэсэн, 200.000 төгрөгийг Ч- ах найздаа өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нарантуул худалдааны төв рүү Ч- ахын хамт очиж хоёулаа хувцас худалдаж авсан. Мөн Ч- ахын хамт Ховд аймгийн Дарви сум руу аялаад ирсэн ба мөнгөө бүгдийг нь үрж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/,

Шүүгдэгч С.Ч-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.С-гийн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 118-р хуудас/,

Шүүгдэгч М.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 117-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ч-, М.Б- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар нь бүлэглэн ... тоотод оршин суух хохирогч Ж.Ц-гийн хашааг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд барьж өгөхөөр тохиролцож, ажиллах хугацаандаа буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ажил хийхдээ хэрэглээрэй” гэж хүлээлгэж өгсөн “FT-250” загварын бага оврын тракторыг чиргүүлийн хамт бусдад худалдан мөнгийг завшиж, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Ц-гийн ...Б-, Ч- хоёр шувуун фабрикт байх манай газар дээр очоод байрлаж ажиллахаар болсон ба тэр хоёр 2018 оны 07 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд маш сайн ажилласан. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ч-, Б- хоёр над руу залгаад “эхнэр төрөх гэж байна, та урьдчилгаа цалингаа өгөөч” гэхээр нь шинэ суурьшилийн автобусны буудал дээр тэр хоёртой уулзахад Ч- нь тракторыг бариад Б- хажууд нь суусан ирсэн. Тэгснээ надаас 120.000 төгрөг аваад, миний дрилл болон тог бууруулагч хоёрыг өгсөн. Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед хашаандаа очиход хашааны суурийг цементлэх ёстой байсныг огт хийгээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч А.О-ийн ...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал нутгийн хүүхэд Ч- над руу залгаад “та бага оврын трактор худалдаж авах уу, гоё шинэ трактор байна, ажлын газрын захирлын эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг яаралтай гараад байна” гэхээр нь итгээд “захирлыга яаралтай яриулчих” гэхэд нэг залууг надтай яриулсан. Надтай ярьсан хүн нь Б- байсан. Би тракторыг 2.300.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. ...Би трактор худалдаж авсан мөнгөө буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Гэрч Н.Б-гийн …Ж.Ц-гийн ногоон өнгийн жижиг трактор алдагдсан гэж сонссон. Би шинэ суурьшил руу ирж очин байдаг болохоор мэдэх зүйл байхгүй. Ц-гийн гэрт танихгүй хоёр залуу /Ч-, Б-/ ирээд шавар зуурч байхыг харсан. Тэр үед трактор нь  чиргүүлтэйгээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “FT- 250 Foton” загварын бага оврын трактор 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг хураан авсан. /хх-ийн 120-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: тракторыг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 42-67-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар нь хохирогч Ж.Ц-гийн итгэмжлэн хариуцуулсан “FT-250” загварын тракторыг чиргүүлийн хамт бусдад худалдаж мөнгийг нь захиран зарцуулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч С.Ч-, М.Б- нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Хохирогч Ж.Ц-д “FT- 250 Foton” загварын бага оврын трактор 1 ширхэг, чиргүүл 1 ширхэгийг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн /хх-ийн 120-р хуудас/ ба иргэний нэхэмжлэгч А.О- нь “С.Ч-, М.Б- нараас трактор худалдаж авсан 2.500.000 төгрөгөө авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 23-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ч-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Ж.Ц-, шүүгдэгч С.Ч-, М.Б- нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нарыг бүлэглэн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул прокуророос гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Ч-, М.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ч-, М.Б- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ч-, М.Б- нар нь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.