Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 28

 

П.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ц.Цогзолмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар магадлалтай, П.Л-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ц.Цогзолмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал, аж ахуй эрхэлдэг, ***, ял шийтгэлгүй, Б овогт П-н Л-. РД:/***/

П.Л- нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтуугаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр ** СЭА дугаартай “Портер-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ иргэн З.Х-г дайрч, амь насыг нь хохироосон ба хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Л-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Л-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2-т заасныг журамлан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 9 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж,

Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын төлбөр 26,607,840 төгрөгөөс шүүгдэгч П.Л- нь амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Л-оос оршуулгын зардалд үлдэгдэл 17,607,840 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1,2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д тус тус зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 төгрөгийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-д олгож, мөн журмын 3.4, 5.1-д зааснаар шүүгдэгч П.Л-оос насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд нөхөн оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Л-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 04 жил, 06 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 өдөртэй дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жил, 9 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

6 дугаар заалтыг “6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.Л-оос 7,437,283 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-д олгож, цалингийн зээлийн үлдэгдэл 10,404,043 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэхүү шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

П.Л-т холбогдох эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн болон зүйлчлэл дээр маргаагүй хохирол төлсөн цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж оролцсон.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх Эрүүгийн хуулийн зарим заалтыг хэрэглэхгүй байгаа нь шийтгэх тогтоол , магадлал гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч П.Л- талийгаачийг зам дээр хэвтэж байсныг, дээгүүр нь гарч явснаа хүлээн зөвшөөрдөг харин хуульчид бид талийгаачийг тухайн зам дээр амьд, эсхүл нас барсан байдалтай байхад нь Л- дайрсан гэдгийг тогтоож чадаагүй, үүнийг тогтоох боломж ч байхгүй тул Л- авто осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар гарах хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

Магадлалын тодорхойлох хэсэгт /6 талд /Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн эдлэх ялаас 02 жилийг хасахаар байгаа боловч мөн хуулийн 4.2-д заасан гэмт хэргийн хохирлоо төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй санал нийлэхгүй байна.

Шүүгдэгч П.Л-ын хувьд 9,600,000 төгрөгийг төлсөн. Оршуулгын бодит зардал бүрэн төлөгдсөн. Хэргийн бусад зардлын хувьд шүүхээс гарах төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байхад ийм дүгнэлт хийж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй байгаа нь шүүгдэгчийн хуулиар олгогдсон боломжийг эдлүүлэхгүй, эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй гэж хуульчилсан байгаа. Энэ эрхийнхээ дагуу хохирол дээр маргаан үүсгэснийг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж, хохирол дээр маргадаг гэж өршөөлд хамруулахгүй байгаа нь үндэслэлгүй болно.

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь заалтаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг байхаар хуульчилсан байдаг.

Тиймээс өмгөөлөгчийн талаас 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагт үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 09 сарын 14-ний өдөр хуралдсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 1 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жил өнгөрсөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй гэж ойлгож байгаа.

Магадлалын тодорхойлох хэсэгт /7 тал/ П.Л- нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татагдаж холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзнэ. ...Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул гомдол гаргаж байна

Иймд П.Л-т холбогдох хэргийг хянаж, хууль зүйн дүгнэлт хийж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Учир нь:

Шүүгдэгч П.Л- гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон гэмшиж байгаа. Хэргийн зүйлчлэл дээр маргаангүй бодит хохирол 9,600,000 төгрөгийг бүрэн төлсөн. Цаашид гарах хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээдийн эдлэх ялаас 2 жилийг хасахаар заасан боловч шүүгдэгч П.Л- мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Л-ын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Хэрэг 2020 оны 09 сарын 13-ны өдрийн 23 цагт үйлдэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2021 оны 09 сарын 14-ний өдөр хуралдсан нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 1 хоног өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жил 1 хоногийн хугацаа өнгөрсөн байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй хэмээн дүгнэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй үндсэн зарчим алдагдсан гэж үзэж байна.

Ийм учраас П.Л-т холбогдох хэргийг хянан үзэж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг шүүх хуралдааны тэмдэглэлээс анхаарч харах байх. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Мөн тухайн хэрэг 2020 оны 09 дүгээр сард үйлдэгдсэн буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт орсон хууль хүчин төгөлдөр байгаа учир хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Л- нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, зам тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсан бол хуульд орсон өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилж өгсөн. Гэмт хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр П.Л-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлж, хохирлыг хэсэгчлэн төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг шүүгдэгч хангаж байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасах өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ц.Цогзолмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн П.Л-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

П.Л- нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтуугаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр ** СЭА дугаартай “Портер-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ иргэн З.Х-г дайрч, амь насыг нь хохироосон ба хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх П.Л-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд П.Л-ын гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч П.Л-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээ, холбогдох заалтын агуулгыг буруу тайлбарлан, шүүгдэгчийг өршөөлд хамруулалгүйгээр хууль хэрэглээний алдаа гаргажээ.  

Учир нь шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн оршуулгын зардлыг нөхөн төлж байсан, үлдэх хэсгийг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нөхцөлийг хангасан байх тул П.Л-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 2 жилийг өршөөн хасч, мөн түүнчлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гомдол гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хуульд заасан хугацаанд яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан учир өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар магадлалдшүүгдэгч П.Л-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жил 6 сар хорих ялаас мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг өршөөн хасч түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ц.Цогзолмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН