Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0498/З |
Дугаар | 221/МА2019/0501 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0501
Ц.Л-О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Л-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0474 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Л-О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0474 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн 281.1.6 дахь заалтыг баримтлан “Л.Т-ыг 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Т-ыг 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо: “...Шүүх хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн шийдвэр гаргасан тухай: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан 1 дүгээр ангийн элсэлт зохион байгуулах журмын зохицуулалтыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүх улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т заасныг зөрчсөн дээрх хэм хэмжээний актыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын ноцтой зөрчсөн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: “...Шүүх Нийслэлийн Боловсролын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Элсэлт зохион байгуулах тухай” A/45 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 4-д “сургуулийн ажлын хэсэгт бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж, 1-ээс дээш жил тухайн хаяг дээр оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна” гэж сургууль зөвхөн тухайн хороонд нэгээс дээш жил оршин суусан хүүхдийг л бүртгэнэ гэж буруу тайлбарлан хэрэглэж, уг заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 4-т тус хороонд нэгээс дээш жил оршин суусан хүүхдийг шууд бүртгэж баталгаажуулахаар заасан боловч нэгээс дээш амьдраагүй тохиолдолд бүртгэхгүй гэсэн агуулга уг заалтаас харагдахгүй байна. Энэ нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 1-д –“эцэг эх хүүхэд нь хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх” мөн 5-д “Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна” гэж зааснаас тодорхой харагдаж байна.
Өөрөөр хэлбэл сургуульд бүртгүүлэх үед тухайн хамрах хороонд оршин суудаг бол хүүхдийг бүртгэх бөгөөд хэрэв хаяг дээрээ 1-ээс доош жил оршин суусан бол тухайн хүүхэд нь оршин суугаа хаяг дээрээ амьдарч байгаа эсэхийг нягталж шалгана гэж зохицуулсан байна. Харин нэгээс дээш жил оршин суусан бол хаяг дээрээ оршин эсэхийг нягтлаагүйгээр шууд бүртгэнэ гэж зохицуулсан байгаа юм. Гэтэл шүүх уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тухайн хүүхэд нь хаяг дээрээ нэгээс дээш жил оршин суугаагүй тохиолдолд сургууль тус хүүхдийг бүртгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн байгаа нь Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах боловсролын үндсэн зарчмыг зөрчсөн байна.
Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалтуудыг хэрэглээгүй тухай “...Шүүхийн шийдвэрийн үндсэн хэсэгт нэхэмжлэгч Ц.Л-О-ын хүү Л.Т-ын 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдэл Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангагдах эрхийг хууль бусаар зөрчөөгүй байна” гэжээ.
Сурч боловсрох эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлүүдэд тус тус хуульчилсан хувь хүний болон нийгмийн хөгжлийг хангах иргэдийн хамгийн чухал нийгмийн эрхийн нэг мөн бөгөөд төрийн байгууллага үүнийг дур мэдэн хязгаарлаж болохгүй, зөвхөн хуульд заасан тохиолдолд хязгаарлахыг зөвшөөрсөн байна. Гэтэл шүүх Л.Т-ыг Сүхбаатар дүүрэгт 1 жилээс дээш амьдраагүй гэсэн үндэслэлээр 1 дүгээр ангид суралцуулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдлийг зөвтгөсөн нь Л.Т-ыг Сүхбаатар дүүрэгт 1 жилээс дээш амьдраагүй гэсэн үндэслэлээр 1 дүгээр ангид суралцуулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдлийг зөвтгөсөн нь Л.Т-ыг ямар нэгэн хууль зөрчөөгүй, харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг хязгаарлаж, зөвхөн хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байдлаар дүгнэлт өгсөн болохыг харуулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Л-О-оос “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж,[1] уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Улмаар нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “Сургуульд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэхийг даалгах агуулгаар маргаж байна”[2] гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.
Гэтэл шүүх 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй, улмаар нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сургуульд бүртгүүлэх үед тухайн хамрах хороонд оршин суудаг бол хүүхдийг бүртгэх бөгөөд хэрэв хаяг дээрээ 1-ээс доош жил оршин суусан бол тухайн хүүхэд нь оршин суугаа хаяг дээрээ амьдарч байгаа эсэхийг нягталж шалгана гэж зохицуулсан байна ... миний бие болон миний хүү тус хороонд харьяалалтай, албан ёсоор шилжин ирсэн, амьдран суудаг болох нь баримтаар нотлогдож байгаа. ...миний хүүгийн сурах эрх зөрчигдөж байна” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Ц.Л-О-ын оршин сууж буй гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 33 дугаар байрын 73 тоотод 5 удаа очиход 3 удаа эзэнгүй, 2 удаа оршин суугч н.Б байсан. ... оршин суугаа нь үнэн болно гэсэн бичигтэй боловч оршин суудаггүй” гэж тус тус тайлбарлан маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч Ц.Л-О нь бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар байрны 73 тоот хаяг дээрээ оршин суудаг эсэх үйл баримтыг тогтоох мөн хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагч Ц.Э-ы тодорхойлолт, иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа, Улсын бүртгэлийн төв архивын лавлагаараар нэхэмжлэгч Ц.Л-О-ыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 душаар байр, 73 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон баримтуудаас үзэхэд уг хаягт хэзээ, хэрхэн бүртгүүлсэн эсэхийг тухайн хорооны болон холбогдох газраас тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримт буюу, татгалзлын гол үндэслэл болсон нэхэмжлэгч Ц.Л-О нь бодит байдалд уг орон сууцанд оршин суудаг эсэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хавтаст хэргийн 9 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн 103 дугаар тал