Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00624

 

Г.,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг.даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00478 дугаар шийдвэртэй,

Г.,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

Илүү ажилласан 86 хоногийн нэмэгдэл, 1462 ам.доллар буюу 4,933,562.86 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын олговор 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын олговор 314,387 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөг, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан тул 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2,500,000 төгрөг, нийт 14,718,011.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Г.,,,,,,,,,,, нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ,,,,,,,,,,,, ХХК- ийн Сос ,,,,,,,,,,,, эмнэлгийн хөдөө орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний ажил үүрэг нь Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор ,,,,,,,,,,,н уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг авч Аймгийн болон Улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээж төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхээр байсан.

Ажиллах хугацаанд хүний нөөцийн зүгээс байгууллагыг төлөөлж хөлсөөр ажиллах гэрээг удахгүй хөдөлмөрийн гэрээ болгон шинэчилнэ гэж мэдэгдсээр ирсэн. Гэтэл нийт ажилчдын цөөн хэдтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,, ХХК-тай тендерээ сунгаад дууссаны дараа ямар ч ажилтантай гэрээг шинэчилж байгуулаагүй.

Улмаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар тушаал гарч МУ-ын засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг цуцалж манай төслийн ажил хумигдаж байгаа тул хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон.

Ажил олгогч нь ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулсны улмаас миний бие ээлжийн амралтын мөнгө, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсны 1 сарын тэтгэмж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулсан гэрээг шинэчилж, цалин хөлсөд өөрчлөлт орсон ямар нэг тушаал гаргаагүй боловч цалинг 2 дахин багасгаж олгосон.

Анх гэрээ байгуулахдаа нэг сарын цалин хөлс 2,500,000 төгрөг байсан бөгөөд дутуу олгосон цалин хөлс 5,889,593 төгрөг, нэг сарын тэтгэмж 2,500,000 төгрөгийг олгоогүй. ,,,,,,,,,,, ХХК-аас гаргасан уурхайн цогцолбор дахь ажилтнуудын цалин хөлсний түр зохицуулалтын дагуу Уурхайн цогцолборт 28 хоногоос илүү хугацаагаар сунаж ажилласан өдрийн нэмэгдэл 17 ам долларыг ростерын 43 дахь өдрөөс эхлэн уурхайн цогцолбороос буух хүртэл олгоно гэсэн нэмэгдэл цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгоогүй. Уг нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сар хүртэл олгосон байсан. Миний хувьд нийт 43 дахь хоногоосоо сунаж ажилласан 86 хоног байна. Энэ нэмэгдэл хөлс болох 1462 ам.долларыг надад олгоогүй. Ажиллаж эхэлснээс хойш 2021, 2022 оны ээлжийн амралтын мөнгийг мөн олгоогүй.

Иймд Г.,,,,,,,,,,,т 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх цалин хөлсний зөрүү, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасны нэг сарын тэтгэмж, 54 хоног илүү ажилласан урамшуулал, 2021, 2022 оны ээлжийн амралтын олговор нийт 14,718,011.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны сүүлээр Монгол Улс болон Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-ийг тогтоосон. ,,,,,,,,,,,, ХХК (цаашид эмнэлэг гэх) нь өөрийн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын дэгдэлт, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацааны шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэдгээрийн нэг нь ,,,,,,,,,,, ХХК-ийн захиалгын дагуух үйлчилгээ үзүүлэх байсан. Уг төсөл нь тодорхой цэгүүдээс ,,,,,,,,,,,н уурхайн цогцолбор руу нэвтэрч байгаа 7,000-9,000 гаруй ажилтнаас хамар хоолойн арчидас авч, сорьцыг шинжилгээнд оруулахад стандарт журмын дагуу бэлдэн, шинжилгээ өгч байгаа хүний мэдээллийг үнэн зөвөөр бүртгэн, бүртгэлийн баазыг нарийн бүрдүүлэх, болон түүнтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх байсан. Эмнэлэг нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ (цаашид гэрээ гэх)-г анх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан нь үнэн юм.

2.1. ,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс олгосон нэмэгдэл хөлсний тухайд,

Дээр дурдсанчлан, ,,,,,,,,,,, ХХК нь эмнэлгийн үйлчлүүлэгч. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,тэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байсан болон дуусгавар болгож цуцлагдсанаас хойших өнөөдрийг хүртэлх хугацаанд Эмнэлгийн дансанд үйлчлүүлэгчээс түүний нэр дээр ямар нэгэн нэмэгдэл хөлс орж ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү нэмэгдэл нь ,,,,,,,,,,," ХХК-ийн зүгээс олгож байгаа нэмэгдэл тул тус компанийн шийдвэрээр олгогдох ёстой бөгөөд бид үйлчилгээний хөлс авахаас тухайн үйлчлүүлэгчээс өөр төлбөр шаардах эрхгүй юм.

2.2. 2021 болон 2022 оны ээлжийн амралтын мөнгөний олговрын тухайд,

Төслийн талаар нийтэд зарлахдаа түр хугацааных гэдгийг маш тодорхой хэлж тухайн үедээ зав чөлөөтэй байгаа, сул зогссон эмч, сувилагч, резидент оюутан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа эсхүл тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан бол хэн ч оролцох боломжтойн дээр Иргэний хуульд заасныг удирдлага болгон гэрээ байгуулахыг ил тод нээлттэй хэлж, зөвшөөрсөн хүмүүс дундаас нөхцөл, болзлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн иргэдтэй гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч нь өөрийн чөлөөт цагтаа ажиллаж байсан нь цагийн бүртгэлээс тодорхой харагдана.

2.3. Цалин хөлсний зөрүүний тухайд,

Гэрээтэй тестерүүдээсээ аль боломжит хүмүүсээс өөрсдийн цаг зав, бололцоонд нь тохируулан явуулдаг байсан. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,, ч мөн яг үүний адил өөрийн явъя гэсэн хуваариар явдаг байсныг цохон тэмдэглэмээр байна. Хэрэв бид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бол нормт хуваарийн дагуу чанд ажиллах үүрэгтэй байх байсан.

2.4. Тэтгэмжийн тухайд,

Г.,,,,,,,,,,, гэрээг хэдийд ч дуусгавар болгохыг ойлгож, ухамсарлаж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан тэтгэмж олгох үүргийг бид хүлээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анхнаасаа огт үүсээгүйг дахин дурдъя.

Хэрэв хөдөлмөрийн харилцаа гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-аас 5,889,593 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,т олгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,828,418.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,183.49 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 60 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ буюу 2022 оны 01 сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх дутуу олгосон цалин хөлсийг хангасан.

Гэвч 2022 оны 06 дугаар сарын тал цалин хөлс болох 1,250,000 төгрөгийг олгох ёстой боловч нэхэмжлэгч шаардаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэнэ хэмээн 5,889,593 төгрөг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор нотлох баримтаар нийгмийн даатгалын лавлагаа, ажлаас гарсан тушаалаа хавсаргаж өгсөн, мөн улсын тэмдэгтийн хураамжид 231,600 төгрөг тушаасан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дутуу олгосон цалин хөлс, мөн түүнийг нотлох баримтаа гаргаж өгсөөр байхад шүүх зөвхөн түүний гаргасан нэхэмжлэлийг хүрээнд шийдвэрлэнэ гэж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.2. Шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний залгаж мэдэгдсэн. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутаас гэж тэмдэглэсэн, шүүгчийн туслах нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагаас шүүх хуралдаан болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Өмгөөлөгч, шүүгчийн туслах хоёр шүүх хуралдааны товыг хэн нь зөв хэлж, хэн нь зөв тэмдэглэсэн нь нотлогдохгүй ч шүүгчийн туслахын зүгээс шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид гардуулаагүй, мөн өмгөөлөгчийн гаргасан хоёр хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл шийдвэрлээгүй байсан атлаа тус өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр явуулж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд дутуу олгосон цалин хөлс 1,250,000 төгрөг нийт 7,139,593 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Нэмж гаргуулахаар шаардаж буй ажлын хөлсний зөрүү нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс өөр зөрүүний талаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэнтэй холбоотой ажлын хөлсийг багасгасан, анх байгуулсан буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлсийг олгож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцож буй байдалд нэхэмжлэгч талаас маргаагүй. Нэхэмжлэгч нийт 1 жил 6 сарын хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн 6 сартай холбоотой шаардлага гаргасан. 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 01 сар хүртэлх цалин хөлстэй холбоотой зөрүү нэхэмжлээгүй буюу ажилласан хоногоор тооцсон тооцоололтой маргаагүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт "Хариуцагч нь ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн өдрөөр тооцож бүрэн олгосон гэж маргасан. Гэвч гэрээнд зааснаар сард нэг удаа 2,500,000 төгрөг олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний харилцаатай адилаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгохгүй юм.

Хариуцагчийг 7,139,593 төгрөгийг хөлсөөр ажиллах хугацаанд дутуу олгосон гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5,889,593 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн нь хэргийн нөхцөл байдал буюу зохигчдын хооронд ажлын хөлсийг хэрхэн тохиролцож, гэрээний дагуу төлж байсан эсэхийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, энэ талаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Гэрээний хугацаанд Г.,,,,,,,,,,,ийн ажилласан хоногийн талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгөхөд шүүх хүлээн аваагүй. Уг баримтаар Г.,,,,,,,,,,, нь дараах байдлаар ажилласан. Тодруулбал:

2020 оны 12-р сард 23 хоног, 2021 оны 1-р сард 31 хоног, 2021 оны 2-р сард 28 хоног, 2021 оны 3-р сард 5 хоног, 2021 оны 4-р сард 28 хоног, 2021 оны 5-р сард 29 хоног. 2021 оны 6-р сард ажиллаагүй, 2021 оны 7-р сард 16 хоног, 2021 оны 8-р сард 23 хоног, 2021 оны 9-р сард 30 хоног, 2021 оны 10-р сард 18 хоног, 2021 оны 11-р сард 19 хоног, 2021 оны 12-р сард 22 хоног, 2022 оны 1-р сард 27 хоног, 2022 оны 2-р сард 5 хоног, 2022 оны 3-р сард 23 хоног, 2022 оны 4-р сард 13 хоног, 2022 оны 5-р сард 13 хоног ажиллаж сар бүр ажилласан хоногтоо тохирсон ажлын хөлсийг авч, хариуцагчийн зүгээс нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу төлж байсан болно.

Шүүх хуралдаан дээр нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргаж өгөхөд хүлээн аваагүй нь хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд тухайн ажиллагч өөрийн чөлөөт үедээ ажиллаж байсан ба 2022 оны 06 дугаар сард огт ажиллаагүй гэдгийг цохон тэмдэглэж, шүүх хуралдааны үеэр мэдүүлж хэлсээр байхад огт нотлоогүй гэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тайлбар болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Шүүхэд хөлсөөр ажиллах гэрээний талаар маргаагүй. Тайлбартаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзсэн. Цалингийн зөрүү болох 5,889,000 төгрөгт тооцооллын алдаа гаргаж, 5,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, 7,100,000 төгрөгөөс шаардлага гаргаж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй гэдэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гардаж авч, тайлбар гаргаж оролцож байсан. Шүүхэд хүсэлт гаргах, баримт өгөх боломжтой байхад хүсэлтийг хүлээж аваагүй, баримтыг цуглуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 1.а. Илүү цагаар ажилласан 86 хоногийн нэмэгдэл 1,462 ам.доллар буюу 4,933,562.82 төгрөг,

1.б. 2021 оны ээлжийн амралтын олговор 1,080,468.34 төгрөг,

1.в. 2022 оны ээлжийн амралтын олговор 314,387 төгрөг,

1.г. 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 5,889,593 төгрөг,

1.д. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан тул 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2,500,000 төгрөг, нийт 14,718,011.12 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хөлсийг бүрэн төлсөн гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллах нэртэй гэрээ байгуулсан. /хх5-6/

Гэрээний 1-д хөлсөөр ажиллагч нь Эмнэлгийн хөдөө орон нутгийн салбарт тестерийн ажил гүйцэтгэж, Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор ,,,,,,,,,,,н уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, хөлсөөр ажиллуулагч нь төслийнхугацаанд ажил гүйцэтгэсний хөлсийг олгохоор заасан.

Гэрээний 2-т гэрээ нь төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үйлчлэхээр заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

2.б. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний 4-т зааснаар сард нэг удаа 2,500,000 төгрөгийг хөлс төлөхөөр тохиролцсон.

Талуудын гэрээнд өөр нэмэлт шагнал урамшууллын талаар тохиролцоо байхгүй, зохигч хөлсөөр ажиллах гэрээний харилцаатай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан нэмэлт хөлс шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн 86 хоногийн нэмэгдэл 1,462 ам.доллар буюу 4,933,562.86 төгрөгт холбогдох болон 2021 оны ээлжийн амралтын олговорт 1,080,468.34 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын олговорт 314,387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Ажлаас халагдсаны тэтгэмж 2,500,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

2.в. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөлсөөр ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон./хх14, 5-6, 7/

Нэхэмжлэгч нь 2022 оны 1-6 дугаар сард дутуу авсан ажлын хөлс нийт 5,889,593 төгрөг шаардсан. Шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм.

Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нийт 7,139,593 төгрөг дутуу олгогдсон боловч 5,889,593 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нэхэмжлэгч нь дутуу авсан ажлын хөлс нийт 7,139,593 төгрөг гаргуулах агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,, нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дутуу олгосон хөлсөнд нийт 5,889,593 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нэмж хангах үндэслэлгүй.

 

3.б. Хариуцагч нь ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн өдрөөр тооцож бүрэн олгосон талаар гомдол гаргажээ.

Гэрээнд сард нэг удаа 2,500,000 төгрөг олгохоор тохиролцсон байх бөгөөд ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр бүрэн олгосон гэх баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт нэхэмжлэлийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг болно. үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг амралтгүйгээр сар ажиллах үүрэгтэй  бөгөөд ажилласан хоногт тохирсон хөлсийг бүрэн олгосон гэж тайлбарлах боловч гэрээнд энэ талаар зохицуулаагүй, хариуцагчийн төлөөлөгч нь тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ хэрэгжиж байх хугацаанд хөлс олгох үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД