| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00437/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 423
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00437/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам, даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 15-05 тоотод оршин суух, Данзандаржаагийн Ганбатад (РД:СЭ 65031015) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, "зээл зээлийн хүүгийн 10 483 720 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуул, хариуцагч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Ганбат нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 0.25 хувийн хүүтэйгээр 08 тоот зээлийн гэрээ байгуулж зээлж авсан юм. Д.Ганбат нь зээлийн гэрээнд заасан төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй байнга хугацаа хэтрүүлдэг бөгөөд одоогоор Д.Ганбат нь 9 547 000 төгрөгийг зээл, 441 000 төгрөгийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд хариуцагч Д.Ганбатаас үндсэн зээл болох 9 547 000 төгрөг, зээлийн хүү 441 000 төгрөг, 495 720 төгрөгийн алданги, нийт 10 483 720 төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуул шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа Хэрлэн сум дээр 2011 оноос эхлэн хэрэгжиж байна. 2013 оны 02 дугаар сард зээлдэгч Д.Ганбат нь 10000000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр фермерийн аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж хэлж авсан. Тухайн үед Д.Ганбат нь сүүний чиглэлийн үнээ аваад үйл ажиллагаагаа явуулж байсан болохоор бид зээл өгсөн. Б.Ганбат нь 2 сарын зээлийн төлөлтийг хийсэн. Дараа нь зээл төлөлт нь удааширч удаа дараа утсаар яриулах, мэдэгдэх хуудас хүргүүлэх, шаардлага тавих зэргээр зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Ийм учраас Хэнтий аймгийн Хэрлэн сумын сум хөгжүүлэх сан Д.Ганбатаас 10 483 720 төгрөгийг гаргуулах зорилгоор шүүхэд хандсан юм. Өмнө нь 2014 онд зээл зээлийн хүүгийн 5 524 659 төгрөгийг хариуцагч Д.Ганбатаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсанч Д.Ганбат нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй юм. Одоо Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хугацаа дууссан тул Д.Ганбатаас 10 483 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. (хх-ийн 17 тал)
Хариуцагч Д.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн “сумын Сум хөгжүүлэх сангаас” 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 0.25 хувийн хүүтэйгээр зээл авсан минь үнэн. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сангаас” зээл авч 4 тооны эрлийз, хар тарлан үнээ авсан юм. 4 тооны үнээ маань орчин нь тохирохгүй үхсэн. Би нэг үнээг 2 500 000 төгрөгөөр бодож авсан юм. 2014 оны сүүлчээр Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь надад холбогдуулан зээл зээлийн хүүгийн 5 524 659 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанг би хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн юм. Тухайн үед би ажилгүй байсан учраас төлж чадаагүй өдийг хүрсэн. Би одоогоор ажилгүй байгаа болохоор зээлийг бага багаар төлнө гэв (хх-ийн 14 тал)
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Д.Ганбатаас зээл, зээлийн хүүгийн 10 483 720 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 475/477 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 18-19 тал)
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуулын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 17 тал)
3.Хариуцагч Д.Ганбатын шүүх хуралдаанд гаргасан: Өмнө нь 2014 оны сүүлчээр Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан” нь надад холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 5 524 659 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанг би хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн юм. Би ажилгүй тул зээлийг бага багаар төлнө гэсэн тайлбар зэрэг болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Д.Ганбатад холбогдох зээл зээлийн хүүгийн 10 483 720 төгрөгийг гаргуулах тухай Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”–ийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэв.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын “сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, иргэн Д.Ганбатад холбогдох “зээл зээлийн хүүгийн 10 483 720 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ