| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0395/И |
| Дугаар | 632 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 17-р байр, 608 тоот хаягт оршин суух Булагууд овогт Жамбаагийн Оюунсайхан /рд:ЧЛ61012804/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж 35, өөрийн байранд оршин байгаа “Өгөөж чихэр боов” ХХК /рд:2583569/-д холбогдох,
56,303,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунсайхан, түүний өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 7 сарын 05-ны өдөр “Өгөөж чихэр боов” ХХК-тай “Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай” гэрээ байгуулж, 99,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,800 ам.доллараар тооцож, нийт 179,460 ам.доллар төлж бариулсан. Бариулсан орон сууцны талбай 99,7 м.кв хүрэхгүй юм шиг санагдсан тул барилгын мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Эдшил” ХХК-иар 2016 оны 4 сард хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр орон сууцны талбайг 83,92 м.кв болохыг тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасан. 2009 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан орон сууцны барилгын доторхи талбай тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартыг 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Барилга барьж буй хувийн хэвшлийн компаниуд дээрх стандартыг мөрдөх ёстой тул би “Өгөөж чихэр боов” ХХК-ийг бүх норм стандартын дагуу ажилласан гэж итгэж 99,7 м.кв талбайн үнийг бүрэн төлсөн. Гэтэл 15,78 м.кв дутаж би “Өгөөж чихэр боов” ХХК-д 28,404 ам.долларыг илүү төлж хохирсон байна. Иймд 15,78 м.кв талбайн төлбөрт төлсөн 28,404 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулах үед орон сууцны барилга бүрэн гүйцэд баригдаагүй, гүйцэтгэл дутуу байсан гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамжинд оршин 3 орц 10 давхар бүхий орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 5 сараас барьж эхлэн 2009 оны 10 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд барьж дуусган Иргэний хууль болон Барилгын тухай хууль, бусад хуулийг мөрдлөгө болгон тухайн үеийн “Айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журмын дагуу” ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.Оюунсайхан нь 2009 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан, 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлж байгаа орон сууцны барилгын доторхи талбайг тооцох аргачлал буюу MNS 6058:2009 стандартын дагуу 28,404 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Оюунсайханы гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунсайхан нь хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК-д холбогдуулан, орон сууцны м2-ын зөрүү төлбөр 56,303,829 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Ж.Оюунсайхан нь “Өгөөж чихэр боов” ХХК-тай 2010 оны 7 сарын 05-ны өдөр “Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Өгөөж чихэр боов” ХХК нь 608 тоот 99,7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж өгөх, захиалагч Ж.Оюунсайхан нь гэрээнд заасан үнэ 194,460 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-17-22х/
Дээр дурдсан гэрээг нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ гэж, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ биш зохиомжлогдсон байр бариулах гэрээ гэж тус тус тайлбарлаж байна.
Гэрээний 3.1, 3.5, 4.5, 4.10, 6.3-т заасан зохицуулалтын агуулга, гэрээ байгуулах үед орон сууц 85%-ийн гүйцэтгэлтэй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрээ байгуулах үед орон сууц 90%-ийн гүйцэтгэлтэй байсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, 2010 оны 7 сарын 05-ны өдөр гэрээ байгуулж 2011 оны 9 сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үйл баримт зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ажил гүйцэтгэгч буюу “Өгөөж чихэр боов” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” Монгол Улсын стандартын дагуу “Эдшил” ХХК-ийн хийсэн хэмжилтээр 608 тоот орон сууцны нийт талбайг 83,92 м2 гэж тогтоожээ. /хх-7-10х/
Хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК нь барилгыг 2007 оны 5 сараас эхлэн барьж эхэлсэн ба 2009 оны 10 сарын 15-ны өдөр барьж дуусгасан гэж тайлбарлаж 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 251/2009 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Стандарт, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартыг 2010 оны 2 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх ба талууд уг стандартыг дагаж мөрдөх хугацааны дараа буюу 2010 оны 7 сарын 05-ны өдөр “Захиалгаар зохиомжлогдсон байр бариулах тухай гэрээ”-г байгуулсан байх тул хариуцагч “Өгөөж чихэр боов” ХХК нь MNS 6058:2009 стандартын дагуу орон сууцны м.кв-ыг тодорхойлон нэхэмжлэгч Ж.Оюунсайхантай гэрээ байгуулах боломжтой байжээ гэж үзэв.
Түүнчлэн, “Өгөөж чихэр боов” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болохынхоо хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт заавал дагаж мөрдөх, мэргэжлийн үйл ажиллагаандаа удирдлага болгох стандартыг батлагдсан өдрөөс нь эхэлж мэдсэн байх, хүчинтэй үйлчлэх хугацаанд нь дагаж мөрдөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 99,7 м.кв гэж заасан боловч стандартын дагуу хэмжихэд 83,92 м2 гарсан байгаа нь гүйцэтгэгч “Өгөөж чихэр боов” ХХК нь талбайн хэмжээ дутуу буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгийг захиалагч Ж.Оюунсайханы өмчлөлд хүлээлгэн өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 343.1-т барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох, 349.3-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, 76 дугаар зүйлийн 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол уг хугацаа дууссан үеэс эхлэн тоолохоор тус тус зохицуулжээ.
Орон сууцанд 2010 оны 12 сард нүүн орсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч үүнийг няцаагаагүй тул 2010 оны 12 сараас гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолж, улмаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 12 сард дуусаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд орон сууцын м.кв-ын төлбөрт илүү төлсөн (99,7 м.кв - 83,92 м.кв) х 1,800 ам.доллар х 1982.25 = 56,303,829 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Оюунсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР