Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02163

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02163

 

 

,,,,,,,,,,,,, ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/03712 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ,,,,,,,,,,,,, ХХК-ийн дампуурсанд тооцох, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: С,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ХХК-аас 509,964,697.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

1. ,,,,,,,,,,,,, ХХК нь 2011 онд гадаад худалдаа болон хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,163 ширхэг энгийн хувьцаа гаргасныг Т.,,,,,,,,,,, 80 хувь буюу 11,330.4 ширхэг хувьцааг 113,304,000 төгрөгөөр худалдан авсан бол БНСУ-ын иргэн Ким Жун Гон 20 хувь буюу 2,832.6 ширхэг энгийн хувьцааг 28,326,000 төгрөгөөр худалдан авч эзэмшиж байна.

Тус компани нь хөрс хуулалтын ажилтай холбоотойгоор ,,,,,,,,,,,,, ХХК-аас экскаватор, дугуйт ачигч зэрэг 6 ширхэг машин механизмыг 2017 онд санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдан авч, үйл ажиллагаа явуулж байсан. Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тул ,,,,,,,,,,,,, ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 1,480,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5,353,975 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс 1,462,142,244 төгрөгийн үлдэгдлийг төлж чадаагүй байна. Компани нь 2017 онд хэрэгжүүлж байсан хөрс хуулалтын үйл ажиллагаанаасаа олсон бүхий л орлогыг ,,,,,,,,,,,,, ХХК-ийн зээлийг төлөхөд зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан бүртгэлтэй оффисынхоо түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон тул түрээслүүлэгчийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02188 дугаар шийдвэрийн дагуу оффисын түрээсийн төлбөрт 21,271,855 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 264,309 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч барагдуулж чадаагүй байна.

Мөн 2017 онд тус компани нь ,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан автомашины зээлийн гэрээний дагуу 72,000,000 төгрөгийн зээл авч, автомашин худалдан авсан боловч уг машин нь зам тээврийн ослын улмаас ашиглагдах боломжгүй болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01653 дугаар шийдвэрийн дагуу ,,,,,,,,,,," ХХК-д 57,725,967.92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 586,980 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Тус компани нь ,,,,,,,,, ХХК-тай байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 15,917,408 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол шүүхийн шийдвэрийн дагуу Нью энержи стар ХХК-д 98,644,307.00 төгрөг, ,,,,,,,,,,,, ХХК-д 1,838,000.00 төгрөг, Готик голд майне ХХК-д 63,284,106.00 төгрөгийн өр төлбөртэй байгааг нэгтгэн тооцвол тус компаниас шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрийн хэмжээ нийтдээ 1,700,139,012.92 төгрөг болж байна. Компани үйл ажиллагаа явуулах хугацаанд хуримтлагдсан татварын өр төлбөр 512,825,928.31 төгрөг байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 105,917,108.25 төгрөг болсон байна.

Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь ,,,,,,,,,,,,, ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсноос үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, байнгын алдагдалтай ажиллах болсон. Бид алдагдалтай ажиллаж байсан ч хувьцаа эзэмшигчдээс хүүгүй зээл авч үйл ажиллагаандаа зарцуулах, санхүүгийн болон бусад түрээсийн техникээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагаа жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар хичээсэн ч өртөг өндөртэй санхүүгийн түрээс болон хүүгийн дарамтын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, дампууруулж татан буулгахаас өөр сонголт үлдсэнгүй.

2022 оны 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болсон.

Иймд, өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон ,,,,,,,,,,,,, ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгаж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тус компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 39,000 төгрөг, зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,171 төгрөг, татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй байгаа тул татварын өрийг нэхэмжилж байна.

 

3. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, тайлбарын агуулга

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2022 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 2,398,943,328.48 төгрөг болж өөрийн хөрөнгийн 345.08% ...-102.12% -тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ,,,,,,,,,,,,, ХХК нь 2019 оноос өөрийн хөрөнгийн 345.08%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгэгчээс хэт хараат байдалтай болсон нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид-19 коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртөгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна.

Компани нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ,,,,,,,,,,,,, ХХК нь ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь өмнөх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.

Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан ,,,,,,,,,,,,, ХХК /РД:5140595/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох С,,,,,,,,,,,,,,, нэхэмжилсэн 509,964,697.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,, ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.,,,,,,,,,од шилжүүлж,

Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.,,,,,,,,,од даалгаж,

Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,, ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.,,,,,,,,,од даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С,,,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,, ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн нь татварын өр төлбөр бүрэн барагдахгүй байх нөхцөл үүсгээд байна. Хэдийгээр компанийн хөрөнгө болох тээврийн хэрэгслүүд тогтоогдсон ч тэдгээр нь он хуучирсан, ашиглах боломжгүй зэргээс татварын өрийг төлж хүрэхгүй тул компани байгаа хөрөнгийн хэмжээгээр татварын өрийг төлсөн нэрийдлээр татан буугдсаны улмаас улсын төсөвт орох татварын өр барагдахгүй байх нөхцөл үүсч байна.

,,,,,,,,,,,,, ХХК-ийг татварын өр төлбөрийг барагдуулах хүртэл улсын бүртгэлээс хасахгүй байх, татан буулгаж улсын бүртгэлээс хасах тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу тус компанийн өмчлөгч болох Т.,,,,,,,,,,,, БНСУ-ын иргэн Ким Жун Гон нар татварын өрийг хариуцан барагдуулах, мөн Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасан татварын давуу эрхийн зарчмын дагуу татварын өрийг тэргүүн ээлжид төлүүлэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт орлуулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Дампуурлын тухай хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргахдаа компанийн санхүүжилт нь бусдаас авсан урт хугацааны зээл байсан тул дампуурч байна, өөрийн үйл ажиллагааны хөрөнгө байхгүй гэж дүгнэсэн.

Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаад дампуурах нөхцөл бүрдэх юм бол зохих хууль ёсны дагуу дампуурлаа зарлах нь хуульд заасны дагуу боломж. Татварын тухай хууль хэрэгжиж байгаа учраас энэ боломжийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Хүсэлт гаргагч ,,,,,,,,,,,,, ХХК нь дампуурсанд тооцох, татан буулгах тухай хүсэлт гаргасан, түүнд холбогдуулан С,,,,,,,,,,,,,,, нь татварын өр төлбөрт 509,964,697.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

3.1. Хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот дүгнэлтэд Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасан хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлогийг бүрэн тусгаж дүгнээгүй байна.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хариуцагчийн хүсэлтэд сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хавсаргахаар заасан нь зөвхөн бүрдүүлбэрийн шаардлага бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь дээрх хугацааны санхүүгийн тайлан тэнцлээр хязгаарлагдах ёсгүй.

 

3.2. ,,,,,,,,,,,,, ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Энэхүү хугацаанаас эхлэн дампуурлын хэрэг үүсэх хүртэлх хугацааны ,,,,,,,,,,,,, ХХК-ийн эрхлэж байсан үйл ажиллагаа, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг, санхүүгийн нөхцөл байдал, эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, хуримтлагдсан ашиг алдагдлын өсөлт, бууралт, өөрчлөлтийн талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгалгүй зөвхөн 2019 оноос хойших хугацааны санхүүгийн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болжээ.

 

3.3. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр ,,,,,,,,,,,,, ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны лавлагаа, үлдэгдлийн талаарх тодорхойлолтыг зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн байдлаар авсныг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

 

3.4. Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт эргэлзээтэй тохиолдолд дахин магадлуулах ажиллагааг хийлгээгүй байна.

 

3.5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ,,,,,,,,,,,,, ХХК-ийг 105,917,108 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болохыг тодорхойлсон байх бөгөөд уг өр төлбөрийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй болохыг дурдвал зохино.

 

4. Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/03712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ