| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0200/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Ю.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... А-эд холбогдох эрүүгийн 1910000000086 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ю.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн Б.Г-ын өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж монгол гутал, ноосон цамц, женсэн өмд, эмэгтэй цамц, дотуур хувцас зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 353.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
Хохирогч Б.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байдалтай, цагдаа нар үзлэг шалгалт хийж байсан. Манай гэрээс 2 цүнхтэй хувцас алга болсон байсан. Цүнхэн дотор эхнэр бид хоёрын хэрэглэж байсан хуучин хувцаснууд байсан бөгөөд нэг цүнхтэй хувцсыг нь буцааж авсан. Нэг цүнхтэй хувцсаа аваагүй. Бор өнгийн эрэгтэй хүний монгол гутал, эрэгтэй хүний шар өнгийн ноосон цамц, эрэгтэй хүний улбар шар өнгийн ноосон цамц, эмэгтэй хүний ягаан өнгийн нимгэн ноосон цамц, эмэгтэй хүний цэнхэр өнгийн нимгэн ноосон цамц, бор эрээн өнгийн ханцуйтай цээж хэсэг нь хар өнгөтэй эмэгтэй хүний цамц, эмэгтэй хүний 2 ширхэг хөхний даруулга, хар өнгийн цүнх зэрэг алдагдсан бөгөөд дээрх зүйлсийг бүгдийг нь буцааж авсан. Харин цэнхэр цүнхэн дотор цэнхэр өнгийн эрэгтэй хүний жинсэн яак /хуучин хэрэглэж байсан 1 жилийн өмнө 70.000 төгрөгөөр авч байсан/, улаан өнгийн эрэгтэй шорт, фудволк/ 1 жилийн өмнө хосоор нь 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан/, хар хөх өнгийн, ногоон канттай хар өнгийн 2 ширхэг тамирын өмд /хуучин хэрэглэж байсан нэгийг нь 20.000 төгрөгөөр/ дотортой шар өнгийн сентфонон өмд /шинэ 40.000 төгрөгөөр худалдаж авч байсан/, хар, цэнхэр өнгийн 2 ширхэг эрэгтэй жинсэн өмд /хуучин өмсөж хэрэглэж байсан, 2 жилийн өмнө нэгийг нь 30.000 төгрөгөөр авч байсан/, эрэгтэй хүний цагаан өнгийн 2, торон материалтай 1, ханцуйгүй хар өнгийн 1, саарал захтай 1, ногоон өнгийн 1, нийт 6 ширхэг фудволк алга болсон. Хуучин, хэрэглэж байсан зүйлсийг үнэлүүлэхгүй. Цэнхэр цүнх /өнгөрсөн жил 35.000 төгрөгөөр авч байсан/ зэрэг алдагдсан. Дээрх буцааж аваагүй алдагдсан эд зүйлсийг үнэлгээний байгууллагаас тогтоосон хохирлын үнийн дүнгээр нэхэмжилнэ. ...Үлдэгдэл хохирол 268.400 төгрөгийг авчихвал гомдолгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 24-26-р хуудас/,
Гэрч Э.О-ы мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би орой ажлаа тараад нөхрийгөө хүлээж байхад хажуу айлын Саранцэцэг над руу залгаад “танай байшингийн хаалга цоожтой цонх нь онгорхой байна, хурдан ир” гэхээр нь автобусанд суугаад 20 цаг 50 минутын үед ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй, авдар ухаад тагийг нь газар шидсэн байсан. Эд зүйлсээ бүртгэхэд орон дээр байсан хар өнгийн үүргэвчтэй хувцас, цэнхэр цүнхтэй хувцас байгаагүй тул цагдаад хандсан. Манай гэрээс 2 цүнхтэй хувцас алга болсон бөгөөд нэг цүнхтэй хувцсыг нь буцааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 27-р хуудас/,
Гэрч Ц.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой ажил тараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд О-ы түрээслэн суудаг байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд би хулгай орсон байж магадгүй гэж бодоод О-д утсаар хэлсэн. Удалгүй О- ирээд хулгай орсон байна гээд цагдаа дуудсан. О- 2 цүнхтэй хувцас алга болсон гэж байсан. Байшингийн цонхонд ямар ч эвдрэл байгаагүй зүгээр онгойлгосон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч О.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай нөхөр Ю.А- орой 18 цагийн үед “ойр орчим түлээнд хэрэглэчихээр хаягдал юм байвал түүгээд ирье” гээд гарсан. 20 орчим минутын дараа хаягдал галд түлэх хэдэн ширхэг мод, мөн хар өнгийн цүнх бариад ороод ирсэн. Би “юун цүнх вэ, хаанаас аваад ирээ вэ” гэхэд “мод түүж яваад гудамжнаас оллоо” гэж хэлсэн. Манай нөхөр доторх юмыг нь үзээд байсан. Би “наадахаа яах гэж байгаа юм, хүний хувцас өмсөх гэж байгаа юм уу” гэхэд “за яах вэ” гээд цаашаа тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминаслитикийн №05/072 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд хүргүүлсэн Юндээгийн А-ийн гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд хүргүүлсэн Юндээгийн А-ийн гарын хээний дардас нь нэгдсэн санд 8 удаа бүртгэгдсэн байна.
3. Харьцуулах шинжилгээнд тэнцэх Юндээгийн А-ийн гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. /хх-ийн 41-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хар өнгийн цүнх 1 ширхэг, бор өнгийн эрэгтэй хүний монгол гутал 1 ширхэг, эрэгтэй хүний шар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг, эрэгтэй хүний улбар шар өнгийн ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, эмэгтэй хүний цэнхэр өнгийн нимгэн цамц 1 ширхэг, бор эрээн өнгийн ханцуйтай цээж хэсэг нь хар өнгөтэй эмэгтэй хүний хуучин цамц 1 ширхэг, эмэгтэй хүний хөхний даруулга 2 ширхэг зэргийг Э.О-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 21-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: нэр бүхий хувцас 353.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 35-36-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 68-72, 93-97-р хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 74-75, 91-92-р хуудас/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 172 дугаартай “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 75-76-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 78-79, 85-86-р хуудас/, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 79-80, 89-90-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 87-88-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ю.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ю.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод оршин суух хохирогч Б.Г-ын өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж монгол гутал, ноосон цамц, женсэн өмд, эмэгтэй цамц, дотуур хувцас зэрэг эд зүйлийг хулгайлж, 353.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Г- мөрдөн байцаалтанд “2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байдалтай, цагдаа нар үзлэг шалгалт хийж байсан. Манай гэрээс 2 цүнхтэй хувцас алга болсон байсан. Нэг цүнхтэй хувцасаа буцааж авсан, харин нөгөө цүнхтэй хувцсаа буцааж аваагүй. Алдагдсан эд зүйлсийг үнэлгээний байгууллагаас тогтоосон хохирлын үнийн дүнгээр нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,
Гэрч Э.О- мөрдөн байцаалтанд “Би орой 20 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй, авдар ухаад тагийг нь газар шидсэн байсан. Эд зүйлсээ бүртгэхэд орон дээр байсан хар өнгийн үүргэвчтэй хувцас, цэнхэр цүнхтэй хувцас байгаагүй тул цагдаад хандсан. Манай гэрээс 2 цүнхтэй хувцас алга болсон бөгөөд нэг цүнхтэй хувцсыг нь буцааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 27-р хуудас/,
Гэрч Ц.С- мөрдөн байцаалтанд “ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой ажил тараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд О-ы түрээслэн суудаг байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд би хулгай орсон байж магадгүй гэж бодоод О-д утсаар хэлсэн. Удалгүй О- ирээд хулгай орсон байна гээд цагдаа дуудсан юм. О- 2 цүнхтэй хувцас алга болсон гэж байсан. Байшингийн цонхонд ямарч эвдрэл байгаагүй зүгээр онгойлгосон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч О.Д- мөрдөн байцаалтанд “Манай нөхөр Ю.А- орой 18 цагийн үед “ойр орчим түлээнд хэрэглэчихээр хаягдал юм байвал түүгээд ирье” гээд гарсан. Тэгээд 20 орчим минутын дараа хаягдал галд түлэх хэдэн ширхэг мод, мөн хар өнгийн цүнх бариад ороод ирсэн. Би “юун цүнх вэ, хаанаас аваад ирээ вэ” гэхэд “мод түүж яваад гудамжнаас оллоо” гэж хэлсэн. Манай нөхөр доторх юмыг нь үзээд байсан. Би “наадахаа яах гэж байгаа юм, хүний хувцас өмсөх гэж байгаа юм уу” гэхэд “за яах вэ” гээд цаашаа тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: хар өнгийн цүнх 1 ширхэг, бор өнгийн эрэгтэй хүний монгол гутал 1 ширхэг, эрэгтэй хүний шар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг, эрэгтэй хүний улбар шар өнгийн ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг, эмэгтэй хүний цэнхэр өнгийн нимгэн цамц 1 ширхэг, бор эрээн өнгийн ханцуйтай цээж хэсэг нь хар өнгөтэй эмэгтэй хүний хуучин цамц 1 ширхэг, эмэгтэй хүний хөхний даруулга 2 ширхэг зэргийг Э.О-д хүлээлгэн өгөв. /хх-ийн 21-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: нэр бүхий хувцас 353.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 35-36-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.
Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Г-, гэрч Э.О-, Ц.С-, О.Д- нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар шүүгдэгч Ю.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой хохирогч Б.Г-ын өвлийн байшинд нууцаар нэвтэрч, 2 ширхэг цүнхтэй хувцасуудыг хулгайлан авч, 353.300 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ю.А-ийн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй тул Ю.А-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ю.А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ю.А- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч Б.Г-ын эд зүйлийг “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 353.300 төгрөгөөр үнэлсэн ба үүнээс хар өнгийн цүнх 1 ширхэг 9.000 төгрөг, эрэгтэй хүний шар өнгөтэй ноосон цамц 1 ширхэг 16.800 төгрөг, эрэгтэй хүний улбар шар өнгийн ноосон цамц 1 ширхэг 16.800 төгрөг, бор өнгийн эрэгтэй хүний монгол гутал 1 ширхэг 60.000 төгрөг, эмэгтэй хүний ягаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг 10.800 төгрөг, эмэгтэй хүний цэнхэр өнгийн нимгэн цамц 1 ширхэг 10.800 төгрөг, бор эрээн өнгийн ханцуйтай цээж хэсэг нь хар өнгөтэй эмэгтэй хүний хуучин цамц 1 ширхэг 7.800 төгрөг, эмэгтэй хүний хөхний даруулга 2 ширхэг 21.600 төгрөг, нийт 153.600 төгрөгийн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 21-р хуудас/,
Харин цүнх 9.000 төгрөг, эрэгтэй хүний цэнхэр өнгийн женсэн яак 1 ширхэг 27.000 төгрөг, эрэгтэй хүний улаан эрээн өнгийн фудволк 1 ширхэг 8.100 төгрөг, ногоон канттай хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг 22.800 төгрөг, шорт 15600 төгрөг, шар өнгийн синтфон материалтай өмд 1 ширхэг 35.000 төгрөг, жинсэн өмд 33.600 төгрөг, фудволк 6 ширхэг 48.600 төгрөг, нийт 199.700 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-ээс нийт 199.700 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-од олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ю.А-ийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ю.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “миний үйлчлүүлэгч өмнө нь ял шийтгэгдэж байсан боловч мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, хэргээ анхнаасаа хүлээсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөөс зарим эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн. Иймд хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ю.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ю.А-ийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баривчилж, /хх-ийн 50-р хуудас/ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацаа бүгд 55 хоног байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ял эдлэх ялд оруулан тооцох журмын дагуу Ю.А-ийн цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.