Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 425

 


2016-08-03    №425    Хэрлэн сум

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                  Хэргийн индекс: 156/2016/00434/И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7 дугаар баг, Өлзийт тосгоны “Ар Ухаа” гэдэг газарт оршин суух, иргэн Батсүхийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум,  Өлзийт тосгоны Соёлын төвд холбогдох
     Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалингийн зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Өлзийт тосгоны соёлын төвд үйлчлэгчээр ажилд ороод ажиллаж байтал 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс галчаар ажиллах болсон. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цалингийн фонд хүрэлцэхгүй, нийгмийн даатгалд өртэй байгаа гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан зүйлгүй бөгөөд хөдөлмөрийн хуульд заасан ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний   олговор гаргуулж өгнө үү гэжээ. 

       Нэхэмжлэгч Б.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний бие Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төвд холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бүрэнбаяртай эвлэрэн хэлэлцэж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төвд галч, үйлчлэгчийн орон тоонд гэрээт ажилтнаар ажиллахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төвийн эрхлэгч Б.Бүрэнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
      Миний бие Б.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Болормааг нь эвлэрэн хэлэлцэж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төвд галч, үйлчлэгчийн орон тоонд гэрээт ажилтнаар авч ажиллуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. 
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төв /эхлэгч Б. Бүрэнбаяр/-д  холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
      Нэхэмжлэгч Б.Болормаа, хариуцагч байгууллагын эрхлэгч Б.Бүрэнбаяр нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Соёлын төвийн эрхлэгч хариуцагч  Б.Бүрэнбаяр нь нэхэмжлэгч Б.Болормааг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өлзийт тосгоны соёлын төвд галч, үйлчлэгчийн орон тоонд гэрээт ажилтнаар авч ажиллуулахаар, нэхэмжлэгч Б. Болормаа нь  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалингийн зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, зохигчид нь эвлэрч байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1.    Хариуцагч Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Соёлын төвийн эрхлэгч Б.Бүрэнбаяр нь нэхэмжлэгч Б.Болормааг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Соёлын төвд галч, үйлчлэгчийн орон тоонд авч ажиллуулахаар,  нэхэмжлэгч Б. Болормаа нь  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалингийн зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзаж, харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.    Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн     41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             

 

ШҮҮГЧ                                            Ж. БОЛДБААТАР