| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0214/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Э-д холбогдох эрүүгийн 1810028580072 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......ийн спорт заалнаас хохирогч Э.Э-ийн гээгдэл эд хөрөнгө болох “Go Pro hero 6 black” видео камерыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
Хохирогч Э.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах ..-ийн спорт зааланд өөрийн “Go Pro hero 6 black” видео камераараа бичлэг хийж байгаад сандал дээр тавиад тоглож дуусаад камераа мартаад гэртээ харьсан. Маргааш нь зааланд камераа орхисоноо санаад очиход байхгүй байсан. Заалны камерын бичлэгийг үзэхэд нь залуу тоглож байгаад камерыг олж аваад гарч байсан. Уг камер нь “Go Pro hero 6 black” нэртэй саарал өнгийн корпустай, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Мөнгөн” барааны дэлгүүрээс 1.390.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ё.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тавьсан зарын дагуу Э-аас “Go Pro hero 6 black” видео камерыг зарна гэсэн чат ирэхээр нь “хаана байгаа ямар камер вэ, зургийг нь үзье” гэхэд “өдөр ярьсан хүүхэд байна” гэсэн. Өдөр нь “Go Pro hero 6 black видео камерыг зарна, 500.000 төгрөгөөр авах уу” гэхэд нь “зургийг нь харъя” гэхэд “зураг нь алга байна, олоод холбогдьё” гэж хэлсэн. Удалгүй дахин холбогдоод “5 сард худалдаж аваад хэрэглээгүй байж байгаад 9 сараас хойш хэдэн бичлэг л хийсэн” гэхээр нь “ломбарднаас хэдээр авах юм” гэхэд “390.000 төгрөгөөр авна, 12 хоногийн дараа хугацаа дуусна” гэж хэлсэн. Э-тай чатаар холбогдоод 450.000 төгрөгөөр худалдан авах талаар хэлтэл “500.000 төгрөгөөр авахаар тохирсон шүү дээ” гэхээр нь 500.000 төгрөгөөр авахаар болсон. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э-тай нөхөр Баянбат Улсын Их дэлгүүрийн Дүүхээ гутлын дэлгүүрийн дотор байрлах ломбарднаас 500.000 төгрөгийг 2 өөр данснаас хувааж ломбардны данс руу хийсэн. Э- ломбарднаас камерыг аваад манай нөхөр Баянбатад өгсөн. Э-аас камерын дагалдах хэрэгслийг 2-3 хоногийн дараа авахаар болоод салсан байдаг. Тэрнээс хойш дагалдах хэрэгслээ авахаар түүний фэйсбүүк хаягаар холбоо барихад “тэнд уулзая, энд уулзая” гэх мэтээр худал хэлээд яваад байсан. Э- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр холбогдоод “камераа буцааж авах гэсэн юм” гэхээр нь “буцаах боломж байхгүй, бид хоёр өөр хүнд зарчихсан” гэхэд “зарж болохгүй, манай ах цагдаагаар хайлгаад байна, надад буцаагаад зарчих, би нэг найздаа өгчихсөн, хотод орж ирэх болоогүй байгаа гээд ахдаа хэлчихсэн” гэсэн. Удалгүй цагдаагаас нөхөр Баянбаттай холбогдсон байдаг. ...Бид камераа хураалгасан учраас 500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай хаяг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 50 мянгатын 18-13 тоот хаягт байршилтай. Улсын Их дэлгүүрийн баруун урд талын Дүүхээ дэлгүүр дотор байрладаг. Энхбатын Э- гэх хүн иргэний үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Go Pro hero 6 black” видео камерыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 367.500 төгрөгийг төлж барьцаагаа буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
“Бэст Эстимэйт” ХХКийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Go Pro hero 6 black” видео камер 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 24-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлд: Ё....гаас өргөн нь 3.5, урт нь 6 см хэмжээтэй хар өнгийн “Go Pro hero 6 black” видео камерыг хураан авсан. /хх-ийн 32-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Хохирогчийн төрсөн эх Д.Түмэннастад “Go Pro hero 6 black” видео камер 1 ширхэг, 64 GB мемори карт 1 ширхэг, уг камерын наалддаг хөл 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн. /хх-ийн 33-34-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед найз Бямба-Эрдэний хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Э-ийн зааланд тоглосон. Хэсэг тоглож байгаад суухад сандал дээр нэг камер байсан. Би тэр камерыг үзэж байтал цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгээд буцаагаад сандал дээр нь тавьчихаад тоглосон. 23 цагийн үед гарахаар болж хувцсаа сольж байтал нөгөө сандал дээр камер байхаар нь заалнаас аваад гарсан. Камер авч гарсныг найз Бямба-Эрдэнэ мэдээгүй, би ч түүнд хэлээгүй. Камерыг орхисон хүн эрт гараад явчихсан юм шиг байна лээ. Тухайн камерыг маргааш нь сонирхоод дэлгүүрээс үнэ ханшийг нь асуутал 600.000-700.000 төгрөгний үнэтэй байсан. 3-4 хоногийн дараагаар Улсын их дэлгүүрийн баруун урд байх дэлгүүр доторх ломбарданд 350.000 төгрөгний барьцаанд тавьсан. Түүнээс хойш нилээн хэд хоногийн дараагаар эрэгтэй /Батмөнх/, эмэгтэй /.../ хоёр хүнтэй ярьж байгаад Батмөнх нь 500.000 төгрөгөөр авахаар болж ломбарданд 367.500 төгрөгийг тушааж, уг камераа чөлөөлүүлж, үлдсэн мөнгөө аваад явсан. Камерын дагалдах хэрэгслийг өгөх ёстой байсан боловч надад байхгүй байсан учраас өгч чадаагүй. Энэ хугацаанд камер авсан хүн надаас байнга дагалдах хэрэгслээ нэхэж байсан болохоор би мемори картыг нь өгөөд бусад зүйлүүдийг өгч чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11-р хуудас/, гэрч Г.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 71-73-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 74-76-р хуудас/, бусад /хх-ийн 50-55-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э-ийн спорт заалнаас хохирогч Э.Э-ийн гээгдэл эд хөрөнгө болох “Go Pro hero 6 black” видео камерыг олж аван бусдад зарж завшсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Э.Э-ийн ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Э-ийн спорт зааланд өөрийн “Go Pro hero 6 black” видео камераараа бичлэг хийж байгаад сандал дээр тавиад тоглож дуусаад камераа мартаад гэртээ харьсан. ...Заалны камерын бичлэгийг үзэхэд нь залуу тоглож байгаад камерыг олж аваад гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ё....гийн ...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э-тай нөхөр Баянбат Дүүхээ гутлын дэлгүүрийн дотор байрлах ломбарднаас 500.000 төгрөгийг 2 өөр данснаас хувааж ломбардны данс руу хийсэн. Э- ломбарднаас камерыг аваад манай нөхөр Баянбатад өгсөн. Э-аас камерын дагалдах хэрэгслийг 2-3 хоногийн дараа авахаар болоод салсан байдаг. ...Э- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр холбогдоод “камераа буцааж авах гэсэн юм” гэхээр нь “буцаах боломж байхгүй, бид хоёр өөр хүнд зарчихсан” гэхэд “зарж болохгүй, манай ах цагдаагаар хайлгаад байна, надад буцаагаад зарчих, би нэг найздаа өгчихсөн, хотод орж ирэх болоогүй байгаа гээд ахдаа хэлчихсэн” гэсэн. Удалгүй цагдаагаас нөхөр Баянбаттай холбогдсон байдаг. ...Бид камераа хураалгасан учраас 500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.У-ийн ...Энхбатын Э- гэх хүн иргэний үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Go Pro hero 6 black” видео камерыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 367.500 төгрөгийг төлж барьцаагаа буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
“Бэст Эстимэйт” ХХКийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Go Pro hero 6 black” видео камер 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 24-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлд: Ё....гаас өргөн нь 3.5, урт нь 6 см хэмжээтэй хар өнгийн “Go Pro hero 6 black” видео камерыг хураан авсан. /хх-ийн 32-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Хохирогчийн төрсөн эх Д.Түмэннастад “Go Pro hero 6 black” видео камер 1 ширхэг, 64 GB мемори карт 1 ширхэг, уг камерын наалддаг хөл 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 33-34-р хуудас/ тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Э- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу камерыг өөрийнх биш бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ломбарданд барьцаанд тавьж улмаар бусдад зарж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.
Хэргийн шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Э-”-ийн спорт заалнаас иргэн Э.Э-ийн гээгдүүлсэн “Go Pro hero 6 black” видео камерыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 1.100.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт хэргийн 24 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 1.100.000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.
Шүүгдэгч Э.Э- нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хохирогч Э.Э- нь “...видео камераа буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд ирүүлсэн ба,
Иргэний нэхэмжлэгч Ё.... нь “...хохиролд 500.000 төгрөгийг хүлээн авсан” гэх хүсэлтийг мөрдөн байцаалтанд бичгээр гаргасан байх тул /хх-ийн 63-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Э-ыг “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Э.Э- нь торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Э- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч тэрээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3-р дамжааны оюутан /хх-ийн 48-р хуудас/ тодорхой орлогогүй, мөн урьд удаа дараа торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.